Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0084

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч А-д холбогдох эрүүгийн 2005000000023 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын -ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, А ХХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 1 Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Алтан тариан 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух урьд ял шийтгүүлж байгаагүй, А

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 57б байрны 504 тоотод М.Д-ын нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, шилээр гарыг нь зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зулайн хуйх, зүүн сарвуунд шарх, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 57б байрны 504 тоотод М.Д-ын нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, шилээр гарыг нь зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зулайн хуйх, зүүн сарвуунд шарх, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Гансүрэнтэй утсаар яриад танайд хоноод өглөө явъя гэтэл манайд очоод хоночих манай эхнэрийн дүү Ц.А гэх охин байгаа гэсэн. Ц.А намайг очихыг мэдэж байсан тул газар ор засчихсан байсан. Би Ц.А-д гар утсаа өгч цэнэглүүлээд унтсан. Унтаж байхад нэг хүн орилоод байхаар нь сэртэл Г-гийн хадам ах болох Ц.А орж ирээд “чи юун хүн бэ” гэхээр нь Г намайг энд хоночих гэсэн юм гэж хэлтэл тэр хамаагүй гэж хэлээд миний нүүр рүү өшиглөсөн. Би “та яаж байгаа юм бэ” гэтэл намайг алгадаад тонгойтол миний нүүр рүү өвдгөөрөө цохисон. А гэх дүү нь боль гээд А-ийг холдуултал шилээр толгой руу цохиж хагалаад миний зүүн гарыг зүссэн. Миний хамраа янзлуулах төлбөр болох 400.000 төгрөгийг Ц.А надад өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 тал/,

 

         Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал 00 цаг өнгөрөөд хаалга цохихоор нь Ц.А ахыг ирж байгаа юм болов уу гэж бодоод хаалгаа тайлахад манай ажилд надтай хамт ажилладаг ах байсан. ...Ц.А ах орж ирээд М.Д ахтай маргалдаад нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгэхэд М.Д ах хөл гар руу нь цохисон. Ц.А ах газар байсан шилийг хагалаад М.Д ахын гарыг зүссэн. М.Д ах Ц.А ахыг цохиж зодоогүй. Тэр хоёр хамтдаа газар унаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 17-18 тал/,

 

Яллагдагч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цагт гэртээ очтол манай гэрт үл таних залуу унтаж байсан. Би “юун хүн бэ” гээд 2 удаа татахад тэр залуу намайг түлхсэн. Улмаар тэр залуутай муудалцаж нүүр рүү нь нэг удаа цохиход босож ирээд намайг түлхэхэд би газар унасан. Би газар хагарсан шилэн дээр ноцолдож байхдаа тэр залууг зүссэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

        Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 964 дугаартай “М.Дын биед хамар ясны хугарал, баруун зулайн хуйх, зүүн сарвуунд шарх, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 40, 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч Ц.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 32 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 35-37 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тоггоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч М.Д-ын биед “хамар ясны хугарал, баруун зулайн хуйх, зүүн сарвуунд шарх, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” зэрэг гэмтэл учирсан нь хэргийн 21 дэх талд авагдсан шинжээч эмчийн 964 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Ц.А-ын хохирогч М.Д-ыг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.А гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.А-ийн хохирогч М.Д-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч Ц.А нь эмчилгээний зардал болох 400.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /хх-ийн 40 тал/ Мөн хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөр төлөгдсөн гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Ц.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Д 400.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА