Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 373

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч И.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт И-н Т-д холбогдох эрүүгийн 2009011230529 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 656 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: МЖ81032515 / Боржигон овогт И-н Т- нь:

 

 - 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуурын гудамжинд иргэн Ч.Баасанцэрэгтэй таксины мөнгөнөөс маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Ч.Баасанцэрэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 04 сарын 05-ны өдөр таксинд явж байхад хорооллын эцсээс эхнэр, нөхөр хоёр гар өргөхөөр нь аваад ногоон нуурын гудамжинд хүргэж өгсөн. Түрүүлээд нөхөр нь буугаад гэр рүүгээ орсон. Эхнэр нь цуг бууя гэхээр нь би хамт буусан. Эхнэр нь гэр рүү гээ ороод нөхөр нь 5000 төгрөг аваад зөрөөд гараад ирсэн. Би 5000 төгрөгийг нь аваад хариулт 1000 төгрөгийг нь буцаагаад өгсөн чинь тэр залуу “ Чи яасан сүртэй новш вэ “ гээд үгийн зөрөөгүй уруул руу 1 удаа мөргөж, гэмтэл учруулсан гэжээ. / хх 3-4 /

 

Яллагдагч И.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 04 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө салсан эхнэр Эрдэнэцэцэгтэй хамт пиво уусан. Тэгээд хороолол ороод хүнээс мөнгө аваад буцаад Эрдэнэцэцэгийн гэр рүү таксидсан. Гэрийн гадна ирээд таксины жолоочтой таксины мөнгөнөөс болж муудалцаад,  нүүр рүү нь 1 удаа мөргөсөн гэжээ. / хх 41-42 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4354 тоот дүгнэлтэнд:

1. Ч.Баасанцэрэгийн эрүүл мэндэд дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 11-12 /

 

Шүүгдэгч И.Т-ыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх  41-42 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.

 

Шүүгдэгч И.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч И.Т- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуурын гудамжинд иргэн Ч.Баасанцэрэгтэй таксины мөнгөнөөс маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар мөргөж, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би 5000 төгрөгийг нь аваад хариулт 1000 төгрөгийг нь буцаагаад өгсөн чинь тэр залуу “ Чи яасан сүртэй новш вэ “ гээд үгийн зөрөөгүй уруул руу 1 удаа мөргөж, гэмтэл учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Баасанцэрэгийн мэдүүлэг / хх 3-4 /,... Ч.Баасанцэрэгийн эрүүл мэндэд дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.04.09-ний өдрийн 4489 дугаар дүгнэлт / хх 15-16 /, ...Гэрийн гадна ирээд таксины жолоочтой таксины мөнгөнөөс болж муудалцаад  нүүр рүү нь 1 удаа мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Т-ын мэдүүлэг / хх 41-42 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч И.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Т-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон  450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ч.Баасанцэрэг нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй / хх 75 / гэсэн тул төлөх төлбөргүй болохыг дурьдаж, И.Т-ыг  мөрдөн шалгалтын явцад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хойшлуулшгүйгээр 2 хоног баривчлагдсан / хх 45-46 / тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар  баривчлагдсан нэг хоногийг  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч И.Т-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт И-н Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч И-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, И.Т- нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар И.Т-ын баривчлагдсан 2 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож, эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  И.Т- нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. И.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ