Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 405

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч П.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт П-н М-т холбогдох эрүүгийн 1909043050209 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5 дугаар гудамжны 646 тоотод оршин суух, 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 cap 10 хоног хорих ял оногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ШУ89050112 / Боржигон овогт П-н М- нь:

- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чонон бүрт" төвийн орчимд иргэн Н.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн "ай фоне икс" загварын гар утсыг цүнхнээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Билэгдэмбэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх "Соно бүрт" төвийн ойролцоо өөрийн найз Цэндсүрэн, Болормаа нарын хамт явж байхад хажуунаас үл таних эрэгтэй хүн машин дотроос чиний цүнхийг ухчихлаа гэж хашгирсан. Тэгэхээр нь би өөрийнхөө зүүн мөр талдаа үүрсэн байсан цүнхээ шалгахад миний Ай фоне икс маркийн гар утас алга болсон байсан. Би миний утсыг авсан хүний явсан зүг рүү явж байхад цагдаагийн эргүүлийн машин харагдсан. Би тэр машинд байсан цагдаа нарт хэлсэн. Эргүүлийн 2 цагдаа миний гар утсыг авсан хүнийг авчирсан. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэжээ. / хх 7-8 /

 

Хохирогч Н.Билэгдэмбэрэлийн Ай фоне икс маркийн гар утсыг 1.605.000 төгрөгөөр үнэлсэн “ Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 19-20 /

 

П.М-ыг эрэн сурвалжилж илрүүлсэн тухай мөрдөгчийн илтгэх хуудас / хх 16 /

 

Хохирогчийн хүсэлт / хх 23 /

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 6 /

 

            Яллагдагч П.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  "...2019 оны 11 сарын13-ны орой 22цагийн үед би гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон бөртэ төвийн хойд талд явган хүний зам дээр гэр рүүгээ явж байхад 3-н эмэгтэй хүн явж байсан. Дунд талын эмэгтэй мөрөндөө цүнх үүрчихсэн явж байсан. Цүнх нь хаалттай хажуу талаас нь гар утас цэнэглэдэг повер банкны утас цухуйчихсан байсан. Би цүнхний тагийг нээгээд дотор нь байсан повер банкнаас гар утсыг нь салгаад утсыг нь авсан гэжээ. / хх 58 /

 

Шүүгдэгч П.М-ыг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 57-58 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38 / зэрэг болно.

 

Шүүгдэгч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гар утсыг буцаан өгсөн. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч П.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чонон бүрт" төвийн орчимд иргэн Н.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн "ай фоне икс" загварын гар утсыг цүнхнээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би өөрийнхөө зүүн мөр талдаа үүрсэн байсан цүнхнээсээ Ай фоне икс маркийн гар утсаа алдсан учир эргүүлийн 2 цагдаад хэлж, хулгайчийг барьж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Билэгдэмбэрэлийн  мэдүүлэг / хх 7-8 /,  ... Ай фоне икс маркийн гар утсыг 1.605.000 төгрөгөөр үнэлсэн “ Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 19-20 /,  ... П.М-ыг эрэн сурвалжилж илрүүлсэн тухай мөрдөгчийн илтгэх хуудас / хх 16 /,   …Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 6 /,   ... Дунд талын эмэгтэйн мөрөндөө үүрсэн цүнхнээс гар утас цэнэглэдэг повер банкны утас цухуйчихсан байсан. Би цүнхний тагийг нээгээд дотор нь байсан повер банкнаас гар утсыг нь салгаад утсыг нь авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч П.М-ын мэдүүлэг / хх 58 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч П.М-ыг бусдын хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.М-т ял шийтгэл оногдуулахдаа хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн гар утсыг буцаан өгсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад прокурорын санал болгосон 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул / хх 23 / шүүгдэгч П.М-ыг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.М-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Боржигон овог П-н М-ыг бусдын хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 / гурван зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.М- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар П.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ