| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0410/Э |
| Дугаар | 406 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Р.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт Р-н С-т холбогдох эрүүгийн 2009010790536 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1956 оны 12 сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн команд мэргэжилтэй, “Ханхүү бат” ХХК-д хамгаалалтын албаны нөөцийн ажилтан ажилтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ногоон зоорь жалга 3 гудамж 5 тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ХИ56122839 / Сартуул овогт Р-н С- нь:
- 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-2 тоот гэртээ хохирогч Б.Бүрэнжаргалыг “Үглээд байна. Дуугай бай” гэж нүүрэн тус газар нь ном шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бүрэнжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим би гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-2 тоотод хамтран амьдрагч Р.С-ын хамт байсан. Хэд хоногийн өмнө найз Отгонбаяр нөхөр Энхбаярын хамтаар ирж хоноод тэрнээс хойш нөхөртэй маргаантай байсан. Тэр өдөр би нөхөртөө өмнө болсон асуудлын талаар хэлээд байж байтал гэнэт толгой дундуур манараад нүд харанхуйлаад явсан юм. Тэгээд хэсэг хугацаанд байж байгаад харсан чинь хамтран амьдрагч Р.С- ном аваад шидсэн байсан юм. Уг ном нь миний зүүн нүдний зовхи хэсэгт оноод нүдний зовхи орчмоос цус гараад улмаар хамтран амьдрагч хөвөн авч ирж дарж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 21-24 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3666 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Бүрэнжаргалын биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / 27-28 /
Яллагдагч Р.С- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 12-13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо бэлхийн 33-2 тоотод хамтран амьдрагч Б.Бүрэнжаргалын хамтаар байж байхад эхнэр намайг “Чи араншин муутай” гээд үглээд байсан юм. Тэгэхээр нь би ном уншиж хэвтэж байгаад номоо эхнэр рүү шидсэн чинь зүүн нүдний дээд хэсэгт оноод цус гарсан. Тухайн үед хүйтэн жин тавьж, өгөөд боолт нааж өгсөн юм. Тэгтэл эхнэр хүчирхийллийн төв рүү залгаад удалгүй цагдаагийн хоёр алба хаагч ирсэн гэжээ. / 05-06 /
Шүүгдэгч Р.С-ыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 01-02 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.
Шүүгдэгч Р.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдлүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэв.
Шүүгдэгч Р.С- нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-2 тоот гэртээ хохирогч Б.Бүрэнжаргалыг “ Үглээд байна. Дуугай бай “ гэж нүүрэн тус газар нь номоор шидэж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэд хоногийн өмнө найз Отгонбаяр нөхөр Энхбаярын хамтаар ирж хоноод тэрнээс хойш нөхөртэйгээ маргаантай байсан. Тэр өдөр өмнө болсон асуудлын талаар хэлтэл хамтран амьдрагч Р.С- ном авч шидээд миний зүүн нүдний зовхи хэсэгт оноод нүдний зовхи орчмоос цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Бүрэнжаргалын мэдүүлэг / хх 24-25 /, ... 1.Б.Бүрэнжаргалын биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3666 дугаартай дүгнэлт / хх 27-28 /, ...Эхнэр намайг “Чи араншин муутай” гээд үглээд байхаар нь би ном уншиж хэвтэж байгаад номоо эхнэр рүү шидсэн чинь зүүн нүдний дээд хэсэгт оноод цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Р.С-ын мэдүүлэг / хх 05-06 зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Р.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.С-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 460 / дөрвөн зуун жар / нэгж буюу 460.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.С- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Р.С-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Р-н С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р-н С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 460 / дөрвөн зуун жар / нэгж буюу 460.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, торгуулийн ялаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Р.С- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Р.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ