Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 747

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, утас 99417440, РД:БГ71111510 Түкибай Хуртха овогт Какешагийн Хабдиланы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга /А.Гылымхан, утас 99422299/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Хабдилан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, А.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 дугаартай К.Хабдиланыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч К.Хабдилан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад нийтдээ 25 жил ажилласан ахмад багш нарын нэг бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үр дүнгээр Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдсон юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Боловсрол соёлын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнүүдээ жил болгон хангалттай сайн гэсэн үнэлгээгээр дүгнүүлж ур чадварын нэмэгдэл авч ирсэн юм. Миний ажиллаж байсан хугацаанд тус сургуулийн сургалт хүмүүжлийн ажил жигд сайжирч жил бүрийн хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байсан. Аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд удаа дараа намайг өөрийнх нь албан өрөөнд дуудаж аваад улс төрийн дарамт шахалт үзүүлэн ажлаа өгөхийг надаас шаардсан боловч зөвшөөрөөгүй юм. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа ирэхэд Засаг даргын ажил хүлээлцэх комисс миний өрөөнд ирж Засаг даргын захирамжийг танилцуулахад аргагүйн эрхэнд ажлаа хүлээлгэж өгсөн. Засаг дарга миний хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар боогдуулсан юм. Тухайлбал захирамждаа үндэслэл болгосон хууль, журмууд нь огт хамааралгүй ба хөдөлмөрийн гэрээг маань цуцлах үндэслэл болохгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 тоот захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К.Хабдилан шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Намайг багшлах эрхгүй, дипломгүй, мэргэжлийн бус хүнийг авч ажиллуулсан гэсэн шалтгаанаар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Бугат сумын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан. Гэтэл хариуцагч шүүхэд тайлбар хүргүүлэхдээ тухайн гарсан захирамжид дурдагдаагүй асуудлуудыг тайлбарлаж ирүүлсэн байна. Нэгдүгээрт мэргэжлийн бус багш гэж буй Сауиржан нь Монгол улсын боловсролын их сургуулиас зохион байгуулсан багшлах эрхийн сургалтад хамрагдсан, аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мужааны дадлагын багшаар ажиллаж байсан хүн байсан. Тухайн үед сургуульд орон тоо гарсан үед багшлах боловсон хүчин байгаагүй. Дэд байгууллагаас Сауиржаныг ажиллуул гэсэн үүрэг, даалгавар өгч байсан учраас түүнийг цагийн багшаар авч ажиллуулж байсан. Сауиржан нь ажил мэргэжлээр тэнцээгүй гэсэн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр байгаагүй учир мэргэжлийн хяналтын байцаагч Заурегийн дүгнэлтээр ажлаас чөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй. Нэгэнт ажилд орсон хүнийг мэргэжлийн комиссын ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргахаас биш мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн зөвлөмжөөр тухайн хүнийг ажлаас гаргах ямар ч боломжгүй юм. Мөн тус сургуулийн багш Жайнагүл гэдэг хүний талаар дурдсан байсан. Жайнагүл гэдэг хүн Монгол улсын боловсролын их сургуулийг төгссөн гэх хуурамч дипломтой гэдэг нь шүүхээр тогтоогдож ажлаас чөлөөлөгдсөн байсан. Жайнагүлтэй холбогдолтой хэргээс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өөр надтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон хэргийнхээ төлөө 2 жилийн дараа Хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага хүлээлгэх боломжгүй байх гэж бодож байна. Би бол 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад эхний оноогоор тэнцсэн учраас сургуулийн захирлаар томилогдсон. Би томилогдохоос өмнө ашиг сонирхлын мэдүүлгээ аймгийн Засаг даргад тайлбараар гаргаж өгч байсан. Мөн Авилгатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгийг гаргаж байсан. Авилгатай тэмцэх газраас ирсэн бичгийг тухайн үед надад танилцуулж байгаагүй. Намайг ажилд томилсон Х.Дармен гэдэг хүнтэй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, төрөл садангүй хүн байсан. Аймгийн Засаг дарга бол тухайн үед намайг томилсон. Гэхдээ би ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй ажиллах талаар тайлбар бичгээ гаргаж өгсөн. Мөн жил болгон аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Засаг даргад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж албан бичиг илгээж байсан. Надтай хамт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа нэг эгч, хоёр дүү маань хамт ажилладаг нь үнэн. Миний эгч болох Гани гэдэг хүн 1988 онд, дүү Күмисай гэдэг хүн 2006 онд, дүү Лариса гэдэг хүн 2008 онд тухайн сургуульд ажилд орсон байсан. Би эдгээр хүмүүсийг ажилд аваагүй. Эдгээр хүмүүсийн талаар ямар нэгэн шийдвэр гаргахад ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг аймгийн Засаг даргад тайлбараар гаргаж байсан. Мөн жил болгон Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг гаргадаг байсан. Эдгээр хүмүүс бол сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч гэх мэт нэгжээр харьяалагдан ажилладаг. Ажлыг нь эдгээр нэгжийн ахлагч нар дүгнэдэг байсан. Би тухайн үед зөвшөөрлийг авч ямарваа нэгэн шийдвэр гаргадаг байсан. Би хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, төрийн ажил үүргээ хуулийн хүрээнд үр бүтээлтэй, ёс зүйтэй гүйцэтгэж байсан. Удирдах дэд газраас ирсэн шийдвэрийг тухайн үед нь биелүүлээд явдаг байсан. Хариуцагчийн тайлбарт дурдсанчлан дэд газраас өгсөн үүргийг биелүүлээгүй тохиолдол байхгүй. Яг нотлогдоогүй зүйл дээр аймгийн Засаг даргын гаргасан захирамжид хөдөлмөрийн гэрээний тухайн заалтыг дурдсан байсан. Миний үр дүнгийн гэрээг жил бүр дүгнэдэг байсан. Өнгөрсөн жил 87.5 хувиар В үнэлгээ авч ур чадварын нэмэгдэл хүртэл авч байсан. Намайг захирлаар ажиллаж байх хугацаанд сургуулийн ажил сайжирсан. Үүний жишээ нь жил болгон сурагчдын тоо нэмэгдэж байсан. Аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёлын газартай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн оройн 17 цагт туслахаараа дамжуулж намайг дуудсан. Би тухайн үед шууд очсон чинь одоо улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, багаа бүрдүүлэх шаардлагатай байна, чи сайн дураар ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж шаардсан. Тэр үед ингэх ямар ч боломжгүй гэдгээ тайлбарлаж хэлсэн. Гэтэл намайг 2 удаа дуудаж дээрх үгээ давтан хэлж, өөрийнхөө хууль зүйн хэлтсийн дарга болон орлогч дарга нарын бүгдийг нь суулгаж байгаад ажлаа өгөхийг шаардсан. Би бол төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, сонгон шалгаруулалтаар орж ирсэн, би бол намын гишүүн биш, төрийн албан хаагч, хэнтэй ч хамтран ажиллаж үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж хэлж байсан. Гэвч аймгийн Засаг дарга би бол ард түмнээс сонгогдсон, би шинээр баг бүрдүүлэх шаардлагатай учраас тантай хамтарч ажиллаж чадахгүй гээд дарамт шахалт үзүүлж намайг дуудаж, утсаар ярьж хэдэн удаа хэлсэн. Тэгээд би ажилдаа ирээд сууж байтал 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Удирдлагын хэлтсийн дарга Ерболат ахлагчтай ажил хүлээлцэх комисс гэж хүмүүс ирээд аймгийн Засаг даргын 484 дугаартай захирамжийг танилцуулж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Би энэ бол ямар ч боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж ярьсан боловч намайг гарч явсны дараа миний өрөөний цоожийг эвдэж шинээр цоож хийж намайг өрөөндөө орох боломжгүй болгож дарамталсан. Нэгэнт та санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах, таны дансыг хөтлөх ямар ч боломжгүй болсон гэсэн учраас, мөн аймгийн Засаг дарга захирамж гарсан учраас тэд нарын шаардлагаар хүлээлгэж өгсөн. Тэгээд тэд нарын шаардлагаар хүлээлгэн өгч, хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн. Ингээд миний ажлыг ямар ч үндэслэлгүй, хууль бусаар булаан авсан. Нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн учраас ар гэрийг тэжээхийн тулд сургуульд мэргэжлээрээ түүх, нийгмийн ухааны багшаар томилогдон ажиллаж байгаа. Би бол намайг үзэл бодлоор минь ялгаварлаж, миний хөдөлмөрлөх эрхэд маань халдсан гэж үзэж байна. Үндсэн хуульд зааснаар хүнийг үзэл бодол, яс, үндэс, гарал үүслээр ялгаварлан гадуурхах ёсгүй мөртлөө эдгээр хүмүүс намайг гадуурхаж хууль бусаар ажлыг маань булааж авсан. Ийм учраас аймгийн Засаг даргын хууль зөрчиж гаргасан захирамжийг хүчингүй болгож, Бугат сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхэд гаргасан тайлбартаа: К.Хавдилан нь нэхэмжлэлдээ миний бие 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байхад аймгийн Засаг дарга намайг улс төрийн дарамт шахалт үзүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б/484 дүгээр захирамжаар үндэслэлгүй ажлаас минь чөлөөлсөн гэсэн байна. К.Хавдиланы нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. К.Хавдилан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар баталсан Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасныг зөрчиж мэргэжлийн бус, дээд боловсролын дипломгүй, багшлах эрхгүй хүнийг авч ажиллуулсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулийн үйл ажиллагаанд удаа дараа хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон. 2. Аймгийн Аудитын газраас Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Хязгаарлалттай санал дүгнэлт авч аймгийн Засаг даргын 2016 оны А/286 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. 3. К.Хавдилан нь тус сургуулийн багш А.Жайнагүлийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, тухайн багшийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож багшийн болон удирдлагын ёс зүй, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг зөрчиж байсан. 4. К.Хавдилан нь анх сургуулийн захирлаар томилогдохдоо хууль бус томилогдсон байна. Учир нь К.Хавдиланыг тус сургуулийн захирлын албан тушаалд томилохоос өмнө Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын нөхцөл байдал үүсэж болзошгүй гэсэн хариу ирсэн мөртлөө сургуулийн захирлаар томилогдож, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг аваагүй өөрөө дур мэдэн албан тушаалаа урвуулан ашиглан өөртэй нь хамаарал бүхий этгээдүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлыг дүгнэж үр дүнгийн урамшуулал олгож байсан байна. К.Хавдиланыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалт, Аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 хэсэгт заасныг тус тус үндэслэл болгож захирлын ажлаас чөлөөлж, албан тушаалыг нь буруулан тус сургуульд мэргэжлийн дагуу ажилтай болгосон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралайд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч К.Хавдилан нь 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн томилогдон, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, нэхэмжлэгч К.Хабдилан нар 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Монгол Улсын Авилгатай тэмцэх газрын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03/569 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен танаа гэсэн албан бичигт Бугат сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн К.Хабдиланы төрсөн эгч К.Гайни, төрсөн дүү К.Күниса нь тус сургуульд бага ангийн багшаар, төрсөн дүү К.Лариса нь математикийн багшаар ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх-ыг хэрэгжүүлж ажиллана уу гэсэн байхад тухайн үед аймгийн Засаг дарга Х.Дармен нь К.Хабдиланыг Бугат сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар томилсон явдалд К.Хавдиланыг буруутгах боломжгүй болно.

Нэхэмжлэгч К.Хабдилан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргаж байсан нь дээрх баримтууд болон 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх тухай албан бичгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч К.Хабдилан нь 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар эхлэн томилогдсон өдрөөс хойш Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсч болзошгүй гэх нөхцөл бий болж байсныг нотлох баримт байхгүй байна. Иймд К.Хабдилан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэх нь зүйтэй байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 дугаартай захирамжаар К.Хабдиланыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөд дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

1/ Нэхэмжлэгч К.Хабдилан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д албан тушаалыг буруулах арга хэмжээ авахаар заасан байхад К.Хавдиланыг ажлаас чөлөөлж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 зааснаар албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхэд албан тушаалтан мөн хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан эсэхийн аль нь болохыг тогтоож захирамжид тодорхой заах ёстой байтал энэ талаар тусгаагүй байна.

2/ Мөн нэхэмжлэгч К.Хабдилан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх нотлох баримт байхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Бугат сумын Бүрэн дунд сургуулийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай Баян-Өлгий аймгийн Аудитын газрын хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан байна. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/286 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар К.Хабдиланд Сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ба түүнээс К.Хабдилан нь дахин сахилгын зөрчил гаргасан гэх нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгч чадаагүй болно.

3/ Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, нэхэмжлэгч К.Хабдилан нар 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д Удирдах дээд газраас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаандаа биелүүлээгүй, 6.4-д ажлын байранд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдсон гэж хоёр үндэслэл бичигдсэн байхад хариуцагч аймгийн Засаг дарга К.Хабдиланыг ажлаас чөлөөлсөн захирамжид хөдөлмөрийн гэрээний 6.4-ийн аль үндэслэлийг баримталсан нь тодорхой бус байна.

4/ Хариуцагч К.Хавдыланыг ажлаас чөлөөлөх тухай захирамжид багшлах эрхгүй, дээд боловсролын дипломгүй мэргэжлийн бус хүнийг авч ажиллуулсан гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй ба хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №04-09-006/78 Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт технологийн багшаар ажиллаж байгаа Х.Сабыржан дээд боловсрол эзэмшээгүй, бакалавр зэрэггүй учир ЕБС-ийн багшийн ажлын байранд шаардлага хангахгүй байна. Бугат сумын бүрэн дунд сургуулийн захирал К.Хавдылан технологийн мэргэжлийн багш удаа дараа өргөдөл гаргасан, мэргэжлийн багш байсаар байхад мэргэжилгүй багш авч ажиллуулж байгаа нь хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдэл гэж үзэж болохоор гэсэн байна. Энэ зөрчилд хариуцлага тооцох Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч К.Хабдиланы нэрийг хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад К.Хабдилан, К.Хабдылан гэж хоёр янзаар бичигдсэнийг БГ71111510 регистрийн дугаартай Монгол Улсын Иргэний Үнэмлэхэд бичсэнээр шийдвэрт зөвтгөн К.Хабдилан гэж бичих нь зүйтэй байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч К.Хабдиланыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 дугаартай К.Хабдиланыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.Хабдиланыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 дугаартай К.Хабдиланыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, РД:БГ71111510 Түкибай Хуртха овогт Какешагийн Хабдиланыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К.Хабдилан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК