Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0094

 

 

 

 

 

   2020         01           27                                           2020/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мхолбогдох эрүүгийн 1905046441339 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 07-ний өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 199 оны 6 дугаар сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сувилгааны ардын эмч мэргэжилтэй, Г  ХХК-нд ажилладаг, ам бүл-4, ээж, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, М

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Яллагдагч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн А.Д-ын эзэмшлийн Тоёота кровн маркийн 41-33 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эд ангийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.030.000 /нэг сая гучин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М-г “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн А.Д-ын эзэмшлийн Тоёота кровн маркийн 41-33 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.030.000 /нэг сая гучин мянга/ төгрөгний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/,

            Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 41-р байрны 185 тоот гэртээ 16 цагийн үед байж байтал найз Батхишиг утсаар залгаад байрны гадаа байсан миний эзэмшлийн Toyota crown 200 маркийн машины урд салхины шил, хоёр толь, зүүн гар талын хаалганы салхины шил, гүпер эд ангиудыг чинь үл таних хүн эвдэлсэн байна гэхээр нь гайхаад үнэн юм уу гэж Б-гээс асуухад үнэн би Баянгол дүүргийн цагдаа руу явж байна гэсэн. Гэрээсээ гараад Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр иртэл Б миний машинийг унаад гадаа нь ирчихсэн байсан юм, би машинаа хартал урд салхины шил хагарсан, хоёр толь хагалаад тольний аягыг нь мөн хагалаад, урд зүүн гар талын хаалганы цонх хагалаад ард гүперийг зүүн талаас нь хагалаад будаг шунх нь халцарсан байсан юм, тэгээд хэн ингэсэн юм бэ гээд цагдаа руу ортол Б-ийн салсан эхнэр М гэх эмэгтэй миний машиний эд ангийг хагалж эвдэлсэн байсан юм, би машинаа анх 2019 оны 10 сард 15.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм, энэ машиныг авахад Б 2.700.000 төгрөг өгсөн. Б надад 5.000.000 төгрөгний өртэй. Энэ машин бол цэвэр миний эзэмшлийн машин, М Б-ийн машин гэж бодсон уу яасан юм мэдэхгүй хамаг шил сав эвдэлж надад хохирол учруулсан, би машинд учирсан гэмтлүүдээ тусгай үнэлгээний газраар үнэлүүлсэн нийт ажлын хөлс болон эд ангиудын үнийг одоогийн үнэ ханшаар үнэлээд 1,068,000 төгрөгний хохирол гарсан. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, би учирсан хохирлоо одоо ч гаргуулаагүй байна, гомдолтой байна. Эмэгтэй хүн байж ингэж болохгүй, би М-тай ямар нэгэн өс хонзонгийн холбоо, өр зээлний  асуудал байхгүй, миний машиныг Б заримдаа унадаг. Машинаа эвдлүүлэхээс өмнө Б 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гуйхаар нь өгөөд явуулсан чинь им асуудал боллоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Би М гэх эмэгтэйтэй суугаад 1 жил гаран болж байна, бид хоёр таарч тохирохгүй хэрэлдэж зодолдоод 2019 оны 6 дугаар сард салсан, одоо бид хоёрын дунд ямар нэгэн холбоо байхгүй, уг машинийг авахад М-ийн нэг ч төгрөг ороогүй, тэгсэн надад өс санаад дургүй нь хүрээд гадаа байсан машиныг шөнө ирээд цонх шилийг нь хагалсан байна, би мэдээгүй байсан юм. Ер нь бол хулгайч ирээд цонх хагалаад дотроос нь юм авах гэсэн бол хаалгыг нь онгойлгох ёстой дотроос нь эд зүйл алдагдах ч ёстой байсан юм, тэгсэн зөвхөн хорлох санаатай л гадна шил эд зүйлийг нь эвдэлж хохироосон байна, энэ бол санаатай үйлдэл. М тухайн машиныг намайг унаад яваад байдаг болхоор минийх гэж бодоод л шөнө ирээд шил цонхийг нь эвдэлсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

“Х” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 28 тал/,

Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батхишиг бид хоёр 2017 оноос гэр бүлийн харилцаатай байж байгаад бид хоёр нэг хүүхэдтэй болсон юм. Тэгээд Б-ийн хувьд согтууруулах ундаа хэрэглээд, намайг дарамтлаад байдаг. Уг шалтгааны улмаас 2019 оны 9 дүгээр сарын 9-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байсан. Би ерөнхийдөө ажилгүй дөнгөж төрсөн учир гэртээ хүүхдээ хараад байж байдаг юм. Тэгээд сүүлд Говь ХХК-д дагалдангаар ажиллаж байгаа бөгөөд цалин хаанаа ч хүрэхгүй байсан учраас 2019 оны 11 сарын 21-ний өдөр би ажлаа тараад Б рүү би гэртээ харьж байна, хүүхэдтэй памперс авах хэрэгтэй байна гэж хэлэхэд Б намайг хэл амаар доромжилж миний уурыг хүргэсэн. Би Б гэрийн гадаа очоод гараад ир гэсэн чинь гарч ирэхгүй байхаар нь би уур хүрээд түүнийг сүүлд авсан “crown”-ны салхины шил, толь, цонх зэргийг нь газар байсан явган хүний замын чулуугаар цохиж эвдэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн өдөр Батхишигтэй утсаар маргалдаад уурандаа такси барьж гэрийнхэн гадаа очоод автомашины толийг нь хагалсан. Хохирогч А.Д хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Надад торгох ял оногдуулсан тохиолдолд ажлынхаа хажуугаар цагийн ажил хийгээд төлж чадна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-40 тал/, гэрлэлт бүртгэлтгүй тухай лавлагаа /хх-ийн 41 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 42 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 43 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, шүүгдэгч Б.Мандухайн хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн А.Д-ын эзэмшлийн Тоёота кровн маркийн 41-33 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги болох урд салхины шил, зүүн урд хаалганы шил, 2 толь, хойд буфер зэргийг замын чулуугаар хагалж гэмтээсэн үйлдэл тогтоогдсон.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэргийн 28 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр 1.060.000 /нэг сая жаран мянган/ төгрөгний хохирол учирсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ. 

Мөн шүүгдэгч Б.М-н хохирогч А.Дын эзэмшлийн автомашины эд ангийг чулуугаар цохиж буй үйлдэл, эд хөрөнгөнд учирсан хохирол хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгийг гэмтээж буй нь шууд санаатай ба хохирогчийн өмчид хууль бусаар халдсан  үйлдэлд хамаарна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн...” гэмт хэргийн шинж бүрдсэн гэж дүгнэж, шүүгдэгч Б.М-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мнь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Д-д 1,060.000 / нэг сая жаран мянган/ төгрөгний хохирол учирсан байна.

Хохирогч А.Д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “...Хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М-г бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршиг арилсан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.М бага насны хүүхэдтэй, тодорхой эрхэлсэн ажилтай зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг арилсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ” гэж заасан тул шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн зам хийхэд ашигладаг хавтанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар устгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан..” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч А.Д хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн зам хийхэд ашигладаг хавтанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА