Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,                                  

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч У.М-, түүний өмгөөлөгч Н.Болормаа

Шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт У-н М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ож овогт Д-н Г- нарыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2009000000451 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 2-1528 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:УП99020431/ Боржигин овогт У-н М-,  

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний 3 дугаар курсын оюутан, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 4 дүгээр гудамжны 122 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД:И098090316/ Ож овогт Д-н Г- нар нь:

 

- Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-295 тоотод байрлах нийтийн байранд М.Ганбаганатай маргалдаж баруун нүд хамар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиж баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

- У.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-295 тоотод байрлах нийтийн байранд М.Ганбаганатай маргалдаж зүүн чихний ар хэсэгт аягаар нэг удаа, дух руу нь 2-3 удаа цохиж, зүүн гарын алганы ар хэсгийг хутгаар зүсэж биед зүүн гарын 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн чих, зүүн гарын алганы зүсэгдсэн шарх буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Ганбагана мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Д.Г-, У.М- нар орж ирээд У.М шууд миний цээж рүү түлхэж газар унахад зүүн гартаа аяга бариад зүүн чихний ар хэсэгт цохиход миний зүүн чихний ар хэсэгт зүсэгдсэн. Дараа нь дух хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд газар хэвтэж байхад цээж хэсэг рүү хөлөөрөө дэвсэлсэн. У.М- миний найз Пүрэвдорж руу очоод Д.Г- нь над руу ирж намайг газар хэвтэж байхад гараараа заамдаж аваад миний баруун нүд, хамар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон. Ингээд У.М- над руу буцаж ирж Д.Г- нь холдоод Пүрэвдоржийн дээр суугаад гутлын үдээсээр гарыг нь уяж байсан. У.М- над руу сүүлд ирэхдээ зүүн гартаа миний утсыг баруун гартаа ногоон өнгийн хутга барьчихсан над руу далайсан. Би 2 гарынхаа алгыг нүүр рүүгээ харуулж бариад нүүрээ хаасан. У.М- миний цээж хэвлий хэсэг рүү хөлөөрөө дэвсэлж, миний гарыг хутгаар зүссэн гэжээ. / хх  9 /

 

Гэрч Т.Пүрэвдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гаднаас У.М-, Д.Г- нар орж ирээд У.М- нь шууд М.Ганбаганыг түлхэж унагаад газар хэвтэж байхад нь шүүгээн дээрээс аяга аваад толгой руу нь цохиж байсан. У.М- М.Ганбаганыг гараараа цохиж байгаад над руу ирсэн. Энэ үед Ганболд миний толгой дагз хэсэг рүү хөлөөрөө дэвсэлж байгаад М.Ганбагана руу очсон. Тэгээд Д.Г- М.Ганбаганы нүүр толгой руу цохиж байсан. У.М-, Д.Г- нар дахиад байраа сольсон ба У.М- буцаж М.Ганбагана руу очсон. У.М- аяга тавагны тавиураас хутга аваад М.Ганбагана руу далайгаад байсан. М.Ганбагана нь зодуулаад хэвтэж байсан бөгөөд огт босоогүй гэжээ. / хх 24 /

 

Гэрч Т.Болор-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...М.Ганбагана миний төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд одоо надтай амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө найз Т.Пүрэвдоржийнд хоноод өглөө 07 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа ирсэн. Ирэхдээ гар болон хувцас нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал хүнд зодуулчихлаа гэж хэлсэн гэжээ. / хх 23 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3447 дугаар дүгнэлтэнд:  

1. М.Ганбаганын биед зүүн гарын 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн чих, зүүн гарын алганы зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 31-32 /

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Уг дүгнэлтэд заагдсан М.Ганбаганын зүүн гарын 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр бусад дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нь тус тусдаа нэг бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх  38 /

 

Шүүгдэгч У.М-г 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 76-77 /

 

Шүүгдэгч Д.Г-ыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх  82-83 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 84-85 / зэрэг болно.

 

Шүүгдэгч У.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдлүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдлүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-295 тоотод байрлах нийтийн байранд М.Ганбаганатай маргалдаж баруун нүд хамар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиж, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

- У.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-295 тоотод байрлах нийтийн байранд М.Ганбаганатай маргалдаж зүүн чихний ар хэсэгт аягаар нэг удаа, дух руу нь 2-3 удаа цохиж, зүүн гарын алганы ар хэсгийг хутгаар зүсэж, биед зүүн гарын 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн чих, зүүн гарын алганы зүсэгдсэн шарх буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... У.Мөнх- Эрдэнэ миний цээж рүү түлхэж газар унагаад зүүн гартаа аяга бариад зүүн чихний ар хэсэгт цохиход миний зүүн чихний ар хэсэгт зүсээд дух хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд газар хэвтэж байхад цээж хэсэг рүү хөлөөрөө дэвсэлсэн. Д.Г- нь над руу ирж намайг газар хэвтэж байхад гараараа заамдаж аваад миний баруун нүд, хамар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон. У.М- нь зүүн гартаа миний утсыг баруун гартаа ногоон өнгийн хутга барьчихсан над руу далайж, миний гарыг хутгаар зүссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Ганбаганын мэдүүлэг / хх  9 /, ...Гаднаас У.М-, Д.Г- нар орж ирээд У.М- нь М.Ганбаганыг түлхэж унагаад шүүгээн дээрээс аяга аваад толгой руу нь цохьсон. ...Д.Г- М.Ганбаганы нүүр толгой руу цохиж байсан. У.М- аяга тавагны тавиураас хутга аваад М.Ганбагана руу далайгаад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Пүрэвдоржийн мэдүүлэг / хх 24 /, ...М.Ганбагана найз Т.Пүрэвдоржийнд хоноод өглөө 07 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа ирсэн. Ирэхдээ гар болон хувцас нь цус болчихсон хүнд зодуулчихлаа гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Болор-Эрдэнийн мэдүүлэг / хх 23 /, ...М.Ганбаганын биед зүүн гарын 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн чих, зүүн гарын алганы зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3447 дугаар дүгнэлт / хх 31-32 /, ... М.Ганбаганын зүүн гарын 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр бусад дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нь тус тусдаа нэг бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг / хх  38 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч У.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г-, У.М- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Г-, У.М- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохиролд 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч М.Ганбагана гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 133 / зэргийг харгалзан прокурорын  санал болгосон  У.Мөнх-Эрдэнийг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр, Д.Г-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Д.Г-, У.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүхээс шүүгдэгч Д.Г-, У.М- нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-, У.М- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ож овогт Д-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Шүүгдэгч Боржигин овогт У-н М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар

Шүүгдэгч У-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 / есөн зуу / нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгөтэй иш нь хугарч салангад болсон хутга 1 ширхэг, бор өнгөтэй шаргал өнгийн үдээс 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Д.Г-, У.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г-, У.М- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Д.Г-, У.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-, У.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ