Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0095

 

 

 

 

 

   2020            01            27                                   2020/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  холбогдох эрүүгийн 1905040640002 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн  хамт, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух урьд 1992 оны 6 сарын 10-ны өдрийн Дорнод аймгийн Эрүүгийн анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 7 сар 17 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, 2001 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Одсүрэн.

 Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дүгээр хороолол, 15а байрны коридорт иргэн Б.Э-ийг цохисны улмаас биед нь тархи доргилт, цээжний цус хуралт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15а байрны коридорт иргэн Б.Э-тэй хаалганы үүдэн хэсгийг цэвэрлэхгүй байна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг цохиж биед нь тархи доргилт, цээжний цус хуралт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний 10 цаг өнгөрч байхад Богд ар хороолол 15а байрны 5 тоотод оршин суудаг О гэх хүн орж ирээд та нар яагаад цэвэрлэгээ үйлчилгээгээ ингэж оройтож хийдэг юм бэ, эрхтэн хийж болдоггүй юм уу гээд над руу уурлахаар нь хөршийн хаалгатай учир бид нар хөршийн хаалга руу орж цэвэрлэгээ хийдэггүй юм. Хаалга нь онгорхой байвал хааяа ороод цэвэрлэчихдэг юм гэсэн. Тэгсэн О гэх хүн та муу сайн гөлөгнүүд давраад байгаарай чи муу новш минь хэн ч биш шүү гээд миний толгой руу цохиод байсан..., ...Миний толгой руу гараа атгаж байгаад цохиж нүдээд чи муу хэн ч биш шүү гээд орилоод зодоод байсан, тэгээд миний баруун талын хавирга руу шалны модоор цохиж миний хөлрүү өшиглөн гэдэс рүү гараараа цохисон. Би 2 сартай жирэмсэн. ...Хаалганы дотор байхад намайг цохисон. Би хэсэг ухаан алдсан. Тэгээд сэргээд хаалганы наана гараад бид хоёр дахин маргалдаж О дахин намайг цохисон. Надад О 200.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал, 14-16 тал, 52-53 тал/,         

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11477 дугаартай “Б.Э-ийн биед тархи доргилт, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлэээр үүсгэгдэх боломжтой. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Камерийн бичлэгт Э шалны алчуур барин коридорын цаад хэсэгт байрлах бор хаалга руу орно. Бор хаалга онгойход Э О нар хоорондоо маргалдаж байх ба хэд хэдэн удаа нэгнээ цохино. Улмаар маргалдан зогсох бөгөөд дахин бие биенээ цохино. Дахин маргалдаж зогсож байгаад О цаашаа хаалга онгойлгон орно...” гэх тэмдэглэл /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 44 тал/, шүүгдэгч Б.О-ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 46-48 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50 тал/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Эрдэнэцэцэгийг цохисны улмаас биед нь тархи доргилт, цээжний цус хуралт зулгаралт бүхий гэмтэл учирсан, энэ гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь хохирогчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11477 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, өөрөөр хэлбэл хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.Одсүрэнгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Б.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-т 192.500 /нэг зуун ерөн хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол учирсан байна. /хх-ийн 25 тал/ Шүүгдэгч Б.Одсүрэн нь хохирогч Б.Э-т 200.000 төгрөг хохиролд тооцож нөхөн төлсөн байх бөгөөд Б.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлжээ. /хх-ийн 53 тал/

Иймд шүүгдэгч Б.О-г бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлж оролцсон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.О  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлж үзэх байдал тогтоогдсон байна.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.О-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Б.Э гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хяналтын камерын бичлэг бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА