Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 441

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхтөр,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овогт Б-н Д-д холбогдох эрүүгийн 2009000000549 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шинэ амгалан хотхон, 107-98 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД:РХ91080311/ Шарнууд овогт Б-н Д- нь:

 

- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн ар талын 57 дугаар байр  7 тоотод иргэн Э.Отгонбаяртай үл ялих зүйлээр маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримггуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Э.Отгонбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2020 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөгжим бүжгийн коллеж дотор байрлах өөрийн найзын урлан руу орсон чинь манай найз өөрөө байгаагүй. Харин хамт ажилладаг найз Б.Д- гэх залуу согтуу сууж байсан. Тэгээд Б.Д- ахын найз нартай өмнө нь 2019 оны 12 дугаар сард маргалдаж байсан юм. Тухайн өдөр Б.Д- ах тэр үйл явдлыг сөхөж ярьж байгаад намайг буйдан дээр сууж байх үед шууд миний хамар хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд цус гараад тонгойсон чинь нүүр хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн гэжээ. / хх 4-5 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4549 дүгэр дүгнэлтэнд:

1. Э.Отгонбаярын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 8-9 /

Яллагдагч Б.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой өөрийн ажлын байр болох Хөгжим бүжгийн коллежийн ар талын 57 дугаар байрны 07 тоотод өөрийн найз Ганзориг, Төгөлдөр нарын хамт пиво уугаад сууж байтал танил дүү Э.Отгонбаяр гаднаас 03 цагийн үед орж ирсэн. Тэгээд бид нар сууж байгаад Э.Отгонбаяр бид хоёр ах дүү гэж ярьж байгаад маргалдсан. Тэгсэн чинь Э.Отгонбаяр босож ирээд миний цамцнаас татаж цамцны мөр хэсэг суганы товчинд урагдсан. Тэгэхээр нь би нүүр хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэр үед Э.Отгонбаяр арагшаа болохоор нь ахиад нэг удаа хамар хэсэг рүү цохьсон чинь хамарнаас нь цус гарсан. Тэгэхээр нь би шууд гараад яваад өгсөн гэжээ. / хх 16-17/

 

Шүүгдэгч Б.Д-ийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 16-17 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 29 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид 321.400 төгрөг өгсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө согтуугаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн ар талын 57 дугаар байр  7 тоотод иргэн Э.Отгонбаяртай үл ялих зүйлээр маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж өшиглөн түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Б.Д- ахын найз нартай өмнө нь 2019 оны 12 дугаар сард маргалдсаныг Б.Д- ах сөхөж яриад намайг буйдан дээр сууж байх үед шууд миний хамар хэсэг рүү нэг удаа цохиод цус гараад тонгойтол чинь нүүр хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Отгонбаярын мэдүүлэг / хх 4-5 /, ...Э.Отгонбаярын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4549 дүгэр дүгнэлт / хх 8-9 /, ...Э.Отгонбаяр бид хоёр ярьж байгаад маргалдсан. Би нүүр хэсэг рүү нэг удаа алгадаж арагшаа болохоор нь ахиад нэг удаа хамар хэсэг рүү цохьсон чинь хамарнаас нь цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Далай-Эрдэнийн мэдүүлэг / хх 16-17 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирлыг нөхөн төлсөн, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон  450  нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Э.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг баримтаа бүрдүүлсэн үедээ жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Шарнууд овогт Б-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б-гийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ