| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 185/2017/0449/Э |
| Дугаар | 894 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 894
СДд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Р.Батнасан,
Хохирогч О.Эб, түүний өмгөөлөгч Л.Амартогос,
Шүүгдэгч СДгийн өмгөөлөгч Ш.Ганбат,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Эбын гаргасан давж заалдах гомдлоор СДд холбогдох эрүүгийн 201725021228 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хошуубэйс овогт Сэргэлэнгийн СД, 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 00 ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000000000000/,
СД нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн урд зам дээр иргэн О.Эбыг шалтгаангүйгээр эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны баруун хүзүүвч хэсгийн далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: СДд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: СДг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар СДг 2.000 /хоёр мянга/ нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар СД нь 2.000 /хоёр мянга/ нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар СД нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар СДгээс тус шүүхийн барьцааны дансанд байршуулсан 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийг хохирогч О.Эбт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, СД нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Эб нь олох ёстой байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол СДд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч О.Эб гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...СДд холбогдох эрүүгийн 201725021228 тоот эрүүгийн хэргийн хохирогч О.Эб миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Үүнд: 1. 2017 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн зам дээр СД нь намайг цохиж хүндэвтэр гэмтэл учруулах үедээ 30 орчим насны эрэгтэй хүнтэй хамт тэврэлдсэн байдалтай явж байгаад надтай зөрөхдөө шууд үгийн зөрүүгүй баруун эрүүн тус газар цохисон, цохиулаад миний бие газарт унахад СД баруун мөрнөөс барьж авч зууралдахад би угзарч тавиулаад зугтаасан. Намайг зугтаахад СД араас хөөсөн. Энэ үед хамт явж байсан эрэгтэй хүн нь над руу “чамайг хүрээд иp гэж байна пизда наахуу минь” гээд хэл амаар доромжлоод, төрөл бүрийн хараалын үг хэлээд орилоод байсан. Хэрвээ би зугтаж гараагүй байсан бол тэр хоёр намайг яах байсныг би мэдэхгүй. Дээрэмдэх ч юм уу, эсвэл илүү хүнд гэмтэл учруулан зодох шинжтэй догшин авирлаж байсан. Энэ тухай би мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн боловч миний үгийг тусгаж бичээгүй. Мөрдөн байцаалтын шатанд би байцаагч нарт хэлэхэд тэр хүн олдохгүй, танихгүй гээд байна гээд миний мэдүүлэгт тусгаагүй, харин ч эсрэг утгатай зүйлийг бичиж гарын үсэг зуруулсан. Тухайн үед би гарын үсэг зурахдаа мэдүүлгийг нэг бүрчлэн уншаагүй байцаагчдаа итгээд хэлсэн зүйлийг бүгдийг л бичсэн гэж бодоод гарын үсэг зурж байсан. Тухайлбал, хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд хохирогчийг байцаасан тэмдэглэлд “...Миний араас нэг залуу араас хөөх гэхэд хамт явж байсан нөгөө залуу нь битгий хөө гээд болиулсан” гэж ташаа бичсэн байна. Уг нь бодит байдалд тэр хамт байсан залуу нь намайг араас дуудаж хэл амаар доромжилж байсан юм. Би энэ тухай хэлсэн. Мөн хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлд “цохиж зодож, дарамт шахалт үзүүлсэн үү” гэсэн асуултанд би СДтэй хамт явж байсан залууг “над руу хэл амаар доромжилж араас дуудаад байсан” гэж хэлсэнийг тусгаагүй харин оронд нь “ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээгүй” гэж ташаа бичсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн шатанд би хууль зүйн туслалцаа авч чадаагүй тул энэ талаар гомдол хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж чадаагүй өнгөрсөн юм.
2. Tyc шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар СДг 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Хохирогч миний хохирол төлөгдөөгүй, зөрчигдсөн эрхийг сэргээх тал дээр ямар нэг арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Тухайлбал, хохирогч миний бие ажилгүй байсан хугацаандаа олох байсан цалин орлогыг 3.000.000 төгрөгөөр тооцон анхан шатны шүүх хурал дээр нэхэмжилсэн. Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж дүгнэх шатанд мөн “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гэм хорын хохирол төлбөргүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт хийжээ. Шүүгдэгч СД нь хохирогч О.Эбын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 380.000 төгрөгийг тус шүүхийн хохирлын дансанд тушаасан байх ба хохирогч О.Эб нь ажилгүй байсан хугацаанд олох ёстой орлого болон цаашид гарах эмчилгээний зардлыг хууль зүйн шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэсэн.
СД нь ингэж надад эрүүл мэндийн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлыг барагдуулах тал дээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөхөө илэрхийлээгүй харин “...мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн нь түүний өөрийн үйлдсэн хэргийн хор уршгийг ухамсарлан ойлгоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь зөвхөн хөнгөн ял шийтгэл авахын төлөө хэлбэрийн төдий дүр үзүүлж хөнгөн ял шийтгүүлж, хохирол төлөх бодолгүй байгаад маш их гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс хохирогч миний гомдлыг үндэслэн тус хэргийг хянан шалгаж өгнө үү, миний бие эрүүгийн хэргийн хамт иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэн бодитойгоор, яаралтайгаар хохирлыг СДгээс гаргуулах хүсэлтэй байна.
...Хохирлоо барагдуулах зорилготой байна. Сая шүүгдэгчийн өмгөөлөгч үүдэнд сонин зүйл яриад байна. Өмгөөлөгч та тэгэж хэлж болохгүй. Би энэ хүнээс болж өөрөө гэмтэл аваад явж байна. 2 сар хоол идэхгүй амандаа аппараттай байх хэцүү. Би танд зүгээр тэгэж хэлсэн болохоос биш би таныг хараасан зүйл байхгүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.
Хохирогч О.Эбын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Эбын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал гэж байгаа. Үүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэж заасан байгаа. О.Эбын эрүүний яс нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учраад амны бэхэлгээтэй 2 сар болсон. Өмнө нь барилгын ажил хийдэг байсан. Тэр хугацаанд хүнд ажил хийж ажиллах боломжгүй байсан. Ер нь бол маш их хохирсон талаараа анхан шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй юм. Гэвч нотолбол зохих байдалд хохирол хор уршиг гээд орж байгаа. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн ийм зүйл байгаа хэдий ч баримтаар гаргаж өгсөн 380.000 төгрөгийг өгсөн боловч хохирогч цаана нь маш их хохирч, сэтгэл санааны хувьд гомдолтой, сэтгэл дундуур байгаа. Тэгэхээр энэ бүхнийг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч СДгийн өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сая шүүх хуралдааны хүлээлгийн танхимд болсон асуудлаар хохирогч руу дайрсан зүйл байхгүй. Яагаад энэ хүнд би тийм зүйл хэлсэн бэ гэхээр өмгөөлөгч нь эвлэрье гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би хууль зүйн үндэслэл байхгүй. Өнөөдөр би СД гэдэг хүнийг өмгөөлж байгаагийн хувьд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр үүрэг хүлээгээд ажиллаж байгаагийн хувьд хуульд нийцсэн аргаар тэр хүнийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл “та нарын сая хэлсэн баримт анхан шатны шүүхийн шатанд байгаагүй. Та нар энэ талаар иргэний журмаар явахгүй яасан юм бэ. Яах гэж давж заалдах гомдол гаргасан юм бэ” гэсэн үгийг л хэлсэн. Гэтэл хохирогч “та 2 сар шүдэндээ ийм аппарат зүүчихээд явбал та яах вэ” гэсэн. “Би тэрийг ойлгож байна. Гэхдээ чи намайг хараагаад байна уу ерөөгөөд байна уу” гэдэг үгийг хэлсэн. Түүнээс биш энэ хүнийг давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдэг зүйл яриагүй. Хохирогч гомдол гаргасан үндэслэл нь СДтэй хамт явж байсан хүн намайг цохиход араас дуудаад “хөөе, пизда минь наашаа хүрээд ир, чамайг ална” гэсэн байдлаар хандсан. Үүнийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хэлсэн. Миний хэлсэн зүйлд тусгаагүй гэдэг байдлаар ярьж байна. Шүүх хуралдаан дээр энэ мэдүүлгийг гаргасан. Шүүх хуралдаанд ийм асуудал огт яригдаагүй. Би шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр орж ирсэн. Хэрэв ийм асуудал яригдаж байсан бол прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.
Прокурорт гомдол гаргасан баримт хэрэгт байхгүй. Мөн давж заалдах гомдол гэдэг нь үндэслэлтэй байх ёстой. Ийм үндэслэлгүй зүйл ярьж ингэж гомдол гаргаж болохгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээдэг. Гэм буруугийн талаар огт маргаагүй. 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн асуудал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байсан учраас би “үүнийг төлөх шаардлагагүй” гэсэн зөвлөгөөг өгсөн. Гэхдээ миний үйлчлүүлэгч шууд төлөхгүй гэж хэлээгүй. “Мэдэхгүй, шүүх яаж шийдвэрлэх вэ” гэдэг талаар надад хэлсэн. Би яагаад гэм хорын нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж хэлээд байгаа юм бэ гэхээр хавтаст хэрэгт зөвхөн “Энхжавхлант” ХХК-ийн хоёр тодорхойлолт байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлд албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хоёр ойлголт байдаг. Албан журмаар даатгуулах бол хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа, мөн Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр ажиллаж байгаа. Энэ нь болохоор хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ. Энэ гэрээгээр ажиллаж байгаа этгээдүүд заавал албан журмын даатгалд хамрагдсан байх ёстой. Энэ баримт хавтаст хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг зайлшгүй бичгээр байгуулах ёстой ч энэ баримт байхгүй. Хохирогч эмчийн магадлагаа, эмнэлгийн шийдвэрээр өвчний улмаас чөлөөтэй байсан юм бол тэр баримт хэрэгт байх ёстой. Ийм баримт байхгүй байсан учраас хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг үүднээс үүнийг эрүүгийн хэрэгтэй хамт төлөх шаардлагагүй гэж үзэж үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгсөн. Иймд хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг хуульчилж өгсөн. Энэ үндэслэлд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлтэй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчингүй болгох үндэслэл байхгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх 380.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн зардлыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаан дээр цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээе гэсэн саналыг тавьсан. Шийтгэх тогтоолд хохирогчийн эмчилгээний болон цаашид олох ёстой орлогоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учраас энэ шийтгэх тогтоолоор ямар нэгэн байдлаар хохирогчийн эрхийг зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн давж заалдах гомдолд тусгагдсан шүүгдэгчтэй өөр нэг хүн хамт явсан гэж ярьсан байдаг. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримт байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс энэ талаар ярьж байгаагүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
СД нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн урд зам дээр иргэн О.Эбыг шалтгаангүйгээр эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны баруун хүзүүвч хэсгийн далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч О.Эбын “...Би 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 39 дүгээр автобусны буудал дээр 03 цагаас 04 цагийн хооронд явж байхад үл таних 2 залуу хажуугаар өнгөрөхдөө намайг нэг залуу нь шууд миний баруун эрүү рүү цохисон. Тэгэхээр нь би зам гараад зугтаасан. Ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх-14-15/,
СДгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 30-ны орой 39-ийн автобусны буудлын орчим явж байхад нэг залуу таксинаас бууж байсан ба тэр залууг би “хөөе нааш ир” гэж дуудаад нүүр лүү нь цохичихсон. Тэгээд тэр залуу зугтаагаад яваад өгсөн. Тэр залууг танихгүй. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Шанаа руу нь гараараа нэг удаа цохисон...” /хх-58-59/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6281 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. О.Эбын биед эрүү ясны баруун хүзүүвч хэсгийн далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-24/, хохирогч О.Эбын гаргасан хохирлын баримтууд /хх-48-54/, шүүгдэгч СДгийн шүүхийн дансанд хохирлын мөнгө тушаасан баримт /хх-37-47/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Энэхүү гэмт хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж зүйлчилж, анхан шатны шүүхээс шүүгдэгч СДг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин хохирогч О.Эбын гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүгдэгч СДгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэв.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч СДгээс хохирогч О.Эбт учирсан хохирлын талаар баримтаар тогтоогдсон хэмжээгээр хохирлын төлбөрийг гаргуулсан байх ба хохирогч О.Эбын олох ёстой байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн нь хохирогчийн хуульд зааснаар эдлэх эрхийг зөрчөөгүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Эбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 371 дүгээр Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Эбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Д.МЯГМАРЖАВ