Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0569

 

 

        “Ө-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ж.Э нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ө-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, тус газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-А/100 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө-У” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэг. Үнэлгээний хорооны "бүх тендерээс татгалзаж дахин зарлах”-аар шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй талаар:

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай автозамын /ЗТХЯ/202103003/ ажлын тендерийн баримт бичгийг баталж, тендерийн урилгыг нийтэд зарлахад "Туулын гүүр далай” ХХК, “А” ХХК, “А з” ХХК болон "Н б” ХХК-ийн түншлэл, "Ө-У" ХХК-иуд уг тендерт оролцсон.

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээж, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай автозамын ажил гүйцэтгэх тухай багц 2-ын “Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай автозамын III хэсэг"-т тендерт оролцогчдын материалыг ТОӨЗ-ны дагуу хянан үзэхэд "А" ХХК, "Т г д" ХХК-иудын ирүүлсэн материалууд тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй, “Ө-У” ХХК, “А з” ХХК болон "Н б” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерүүд баримт бичгийн шаардлагыг хангасан нь үнэлгээний хорооны гишүүдийн гарын үсэг бүхий "Тендерийг хянан үзэх" хүснэгт, Хянан үзэх маягт, Үнэлгээний хорооны 2021.06.14-ний өдрийн хурлын тэмдэглэл №2, Үнэлгээний хорооны дүгнэлт №2 зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар тендерийн шаардлагад нийцсэн “Ө-У” ХХК болон “А з” ХХК, “Н б” ХХК-ийн түншлэлийн тендерт Үнэлгээний хороо үнэлгээ хийж "А з” ХХК болон “Н б” ХХК-ийн түншлэл нь бага үнийн санал ирүүлсэн тул хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Багц 2-т “А з” ХХК болон “Н б” ХХК-ийн түншлэлийг шалгаруулан шийдвэрлэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн байдаг.

Дээрх байдлаас харахад нэхэмжлэгч “Ө-У” ХХК-ийн материал нь тендерийн шаардлагад нийцсэн боловч зөвхөн “үнийн санал”-аар өрсөлдөгч компанидаа ялагдсан байна.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, дээд шатны байгууллага гомдлыг хянаж үзээд Багц 2-т шалгарсан “А з” ХХК, “Н б” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож "Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэсэн шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3824 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Дээрх Сангийн яамны албан бичгээс харахад “А з” ХХК, “Н б” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг л хүчингүй болгосноос тендер шалгаруулалтын бусад үе шат буюу тендер нээх, тендерийг хянан үзэх зэрэг үнэлгээний хорооны бусад үйл ажиллагаа, шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Ө-У” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг дээд шатны байгууллага хүчингүй болгоогүй, хэвээр үлдээсэн байна.

Иймд үнэлгээний хороо нь дээд шатны байгууллагын “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх” гэж заасан шийдвэрийг хэрэгжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгч “Ө-У” ХХК тендерт үнэлгээ хийх ёстой байсан. Үнэлгээний хорооны “Ө-У” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн өөрийнх нь шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа тул мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу уг тендерийг хянах ажиллагааг дахин хийх үндэслэл байгаагүй.

Гэтэл Үнэлгээний хороо 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №03 хурлаар үнэлгээний хорооны даргын “... Сангийн яам шалгарсан 2 компанийн машин механизм, инженер техникийн ажилчдын шаардлагыг хангахгүй гэж үнэлсэн учраас энэ шалгуурууд “Ө-У” ХХК-ийн хувьд ямар байгааг дахин хянаж үзье” гэх саналаар “Ө-У” ХХК-ийн материалыг дахин хянах ажиллагааг хийсэн нь хууль зөрчсөн. Учир нь дээд шатны байгууллагын албан бичигт “Ө-У” ХХК-ийн тендер шаардлага хангахгүй байгаа тухай нэг ч үг үсэг байгаагүй, зөвхөн “А з” ХХК, “Н б” ХХК-ийн түншлэлийн тендертэй холбогдох шийдвэр ирүүлсэн байхад “... шалгарсан 2 компани ... шаардлага хангахгүй” гэж “Ө-У” ХХК-ийн тендерийг яамны шийдвэрт үндэслэлгүйгээр хамааруулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд тендерийг үнэлэх үе шатуудыг тус тусад нь хуульчилсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан ерөнхий нөхцөл, 15 дугаар зүйлд заасан санхүүгийн чадамж, 16 дугаар зүйлд заасан техникийн чадавх, туршлага болон техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянах, хянаад шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, эсвэл шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж тендерээс татгалзах шийдвэрийн аль нэгийг үнэлгээний хороо гаргаснаар тендерийг хянах үе шат дуусахаар хуульд зохицуулсан байна. Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч “Ө-У” ХХК-ийн тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуур үзүүлэлтээр хянан үзээд 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар “шаардлагад нийцсэн” гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Сангийн яам “үнэлгээ хийх” шийдвэр гаргасан болохоос тендерийг дахин хянан үзэх тухай шийдвэрийг гаргаагүй байхад шаардлага хангасан “Ө-У” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмаар үнэлгээ хийхийн оронд мөн хуулийн 27 дугаар зүйлд заасныг баримтлан дахин хянан үзэж, хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар шаардлагад нийцээгүй гэсэн шийдвэр гаргаж, улмаар мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн тендерийг дахин үнэлэхийг үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй талаар:

Дээр дурдсанаар “Ө-У” ХХК нь тендерт шалгарсан гэх Үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр байсан тул тендер шалгаруулалтын дараагийн үе шат буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “Ө-У” ХХК-ийн тендерийг үнэлэх ёстой байсан. Ийнхүү үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” 28.4-д “... ажил үйлчилгээний онцлогийг харгалзан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх дор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг нь сонгож, мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж тооцож болно” гэж зааснаар зөвхөн мөнгөөр илэрхийлж болох, тендерийн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзан үнэлгээ хийх байсан. Гэтэл үнэлгээний хороо 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-д “Энэ хуулийн 28.4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчдын чадавхын үзүүлэлтүүдийг хамааруулахгүй” гэж заасныг зөрчиж, мөн хуулийн 14, 15, 16 дугаар зүйлүүдэд заасан чадавхын үзүүлэлтүүдийг хамааруулан “Ө-У” ХХК-ийн тендерт үнэлгээ хийсэн нь хууль зөрчсөн.

Гэтэл анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан нь зөвхөн тендерийн үнийг харьцуулж үз гэсэн үг биш юм. Хамгийн бага санал өгсөн боловч захиалагчаас тендерт оролцогчдод тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлага, шалгуурыг бүрэн хангаагүй тохиолдолд хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан тендерээс татгалзах үндэслэл болдог журамтай гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй.

“Ө-У” ХХК-тай тендерийн гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар: Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар “Ө-У” ХХК болон “А з” ХХК, “Н б” ХХК-ийн түншлэлийн тендерүүдийг шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан.

Гэтэл шаардлагад нийцсэн хоёр тендерийн нэг болох “А з” ХХК,  “Н б” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Сангийн яамны шийдвэрээр хүчингүй болгосноор “Ө-У” ХХК-иас өөр шаардлагад нийцсэн тендер үлдээгүй. Өөрөөр хэлбэл "Ө-У” ХХК-ийн тендертэй өрсөлдүүлэх, харьцуулж үнэлгээ хийх тендер байгаагүй тул “Ө-У” ХХК-тай тендерийн гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэл үндэслэлтэй байсан.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо татан буугдсан тул эрх зүйн чадваргүй болсон гэж хариуцагч тайлбарладаг боловч Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар Тамгын газарт даалгах нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаартай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны хууль бус шийдвэрээс улбаалан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаартай үнэлгээний хороо байгуулагдсан тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зарлан тендер хүлээн авахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээс Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто зам /Дархан Шарын гол сум/ЗТХЯ/202103003 дугаар бүхий багц 2 /3-р хэсэг/-т тендер зарласан хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлага хангагдсан тохиолдолд энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооноос Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх Багц 2-ын “Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын III хэсэг”-т “А з” ХХК, “Н б групп” ХХК-ийн түншлэлийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн хэмээн шалгаруулсныг нэхэмжлэгч “Ө-У” ХХК-иас эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3824 дүгээр албан бичгээр “...Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгджээ.

Үүний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, “манай компанийн тендер шаардлагад нийцсэн боловч өрсөлдөгч компаниас өндөр үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр хассан ... хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тендерт үнэлгээ хийхийн оронд хуулийн 27 дугаар зүйлд заасан тендерийг хянах ажиллагааг дахин хийж ... тендерийг дахин зарласан нь яамны шийдвэр болон хуулийг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүгнэлт хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заажээ.

Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд тендерийн Үнэлгээний хороо хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг хангаж байгаа тендерийг л үнэлэх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тендерийн Үнэлгээний хороо 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч “Ө-У” ХХК-ийн тендерийн баримтыг хянан үзээд “ТОӨЗ 4.2.4 Харилцагч банкнаас Монгол банкны мэдээллийн сангийн лавлагааг гаргуулан баталгаажуулж ирүүлээгүй, тамга тэмдэггүй, ТОӨЗ 5.2 /в/ мэргэжилтэй ажилчдын жагсаалт ирүүлээгүй, ТОӨЗ 5.3 /в/ түрээслэсэн тоног, төхөөрөмжүүдийн зургууд дутуу, чулуу бутлуур түрээслэх гэрээ хийсэн боловч тус тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүчин чадлыг нотлох баримт ирүүлээгүй, түрээслэсэн машин механизмуудын гэрчилгээ, хүчин чадал нь зөрүүтэй, хамгийн гол асфальт бетон завод түрээслэсэн компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй” гэх зэргээр тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй хэмээн татгалзсан, анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэл тус бүрийг шалган “... захиалагчаас тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс дээр дурдсан тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Ийнхүү хариуцагчийн гаргасан шийдвэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар зөвхөн шаардлага хангасан тендерийг үнэлж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн оролцогчтой гэрээ байгуулах нөхцөл бүрдэх тул “Ө-У” ХХК-ийн тендерийг үнэлж, гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3824 дүгээр албан бичгээр “...Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэнийг нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг “... Сангийн яам “үнэлгээ хийх” шийдвэр гаргасан болохоос тендерийг дахин хянан үзэх тухай шийдвэрийг гаргаагүй” гэж үзэхгүй.

Учир нь Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” эрхтэй, уг зохицуулалтын дагуу тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг мэдэгдсэнийг тендерийг хянах ажиллагааг хийлгүй шууд үнэлэх байсан гэж тайлбарлах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Дээрх байдлаар шүүхээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн бүх тендерээс татгалзаж шийдвэрлэснийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг даган гарсан нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Тогтоох” хэсэгт баримталсан хуулийн заалтад бичиглэлийн алдаа гаргасан, улсын тэмдэгтийн хураамжийг          “72000 төгрөг” гэж буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хууль баримталсан хэсгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4, 27, 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1-д заасныг баримтлан” гэж, 2 дахь заалтад “... 72000” гэснийг “...70200” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН