Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 287

 

 Б.Хүрэлсүх, Д.Түмэндэмбэрэл, Ж.Агваанзундуй,

Ш.Гандэмбэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Ш.Гандэмбэрэлийн өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,                                                                   

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаар магадлалтай, 201205000041 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Гандэмбэрэлийн өмгөөлөгч Д.Бадам, Ч.Энхбаяр, шүүгдэгч Б.Хүрэлсүхийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүгдэгч Ж.Агваанзундуйн өмгөөлөгч Б.Хандмаа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайжууд овогт Бямбын Хүрэлсүх нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Хайнзан овогт Жигжидсүрэнгийн Агваанзундуй нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 

3.  Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хотгор овогт Шаравын Гандэмбэрэл нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

4.  Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шарга Адуун овогт Довдонгийн Түмэндэмбэрэл нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хүрэлсүх, Д.Түмэндэмбэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Гандэмбэрэл, Ж.Агваанзундуй нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Хүрэлсүх, Д.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ш.Гандэмбэрэл, Ж.Агваанзундуй нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгож, шүүгдэгч Б.Хүрэлсүх, Ж.Агваанзундуй, Ш.Гандэмбэрэл, Д.Түмэндэмбэрэл нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлсүхэд 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гандэмбэрэлд 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Агваанзундуйд 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлсүхэд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл, Ш.Гандэмбэрэл, Ж.Агваанзундуй нарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаас тус тус 2 жилийг хасч шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл, Ш.Гандэмбэрэл, Ж.Агваанзундуй нарын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Б.Хүрэлсүхийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Гандэмбэрэлийн өмгөөлөгч Д.Бадам, Ч.Энхбаяр, шүүгдэгч Б.Хүрэлсүхийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Гандэмбэрэлийн өмгөөлөгч Д.Бадам, Ч.Энхбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Ч.Энхбаяр хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тал бүрээс нь шинжлэн судалж хууль зүйн үүднээс бодитой, үнэлэлт дүгнэлт хийгээгүй, зөвхөн ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхийн тулд Гандэмбэрэлийг энэ хэрэгт татан оролцуулсан, Агваанзундуй, Хүрэлсүх, Түмэндэмбэрэл нарын үгсэн хуйвалдсан худал мэдүүлгээр ялласан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Б.Хүрэлсүх 2 удаагийн үйлдлээр бусдын өмчлөлийн 40-өөд тооны адууг хулгайлсан нь өөрийнх нь анх хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Б.Хүрэлсүх нарын хулгайн үйлдэл төгссөний дараа хулгайлсан адуугаа худалдах талаар Агваанзундуйтай ярьж тохиролцсон байдаг нь түүний мэдүүлгээс мөн харагддаг. Б.Хүрэлсүх, Түмэндэмбэрэл, Агваанзундуй нар нь харилцан тохиролцож, бусдын адууг хулгайлан авсны дараа 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт тууж аваачин Гандэмбэрэлд худалдсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон. Хулгайлах үйлдэлд Гандэмбэрэл огт оролцоогүй байхад анхан шатны шүүх түүнийг “хамжигч” гэж үзэн үндэслэлгүйгээр ялласныг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Б.Хүрэлсүх нарын мэдүүлэг худал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад эдгээр баримтуудад үндэслэн анхан шатны шүүх Гандэмбэрэлийг ялласан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй хэргийг шийдвэрлэж Гандэмбэрэлийн эрхийг илтэд хохироолоо. Гандэмбэрэлийн хулгайлсан адууг худалдаж авсан үйлдэлд гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинж байхгүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн зүйлчилсэн. Гандэмбэрэл хэргийн хамтран оролцогч бус гэмт хэрэгт хамаарагсад байх боломжтой. Түүний үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлээр зүйлчилж, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, Ш.Гандэмбэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Хүрэлсүхийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйл, 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь зүйлийг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна. Шүүгдэгч Б.Хүрэлсүх нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлсэн, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, мөрдөн байцаалтын шатанд 2 жил 2 сарын хугацаагаар цагдан хоригдсон байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Тэрээр олон хоног цагдан хоригдож, зүрх судасны эмгэг нь сэдэрч, эрүүл мэндийн хувьд хүнд байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Агваанзундуйн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Ж.Агваанзундуйн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Ж.Агваанзундуй гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон нь тодорхойгүй бөгөөд нотлогдоогүй. Тэрээр адуу худалдаж авна, адуу зарна гэсэн хоёр хүнийг холбож өгсөн. Ш.Гандэмбэрэл, Б.Хүрэлсүх нар Ж.Агваанзундуйн оролцоогүйгээр хоорондоо утсаар ярьж холбоотой байдаг байсан гэж Б.Хүрэлсүх мэдүүлдэг. Хулгайн адууг зарж борлуулах ажил бүгд Ш.Гандэмбэрэлийн санаачилга, мэдэл дор явагдсан байдаг. Ж.Агваанзундуй нь адууг зарж олсон мөнгөнөөс аваагүй гэдэг нь бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Харин түүний үйлдлийг гэмт хэргийг үл мэдээлсэн гэж үзэх боломжтой. Иймд Ж.Агваанзундуйд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон өөрчилж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч Б.Хүрэлсүх, Ж.Агваанзундуй, Д.Түмэндэмбэрэл, Ш.Гандэмбэрэл нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож бусдын олон тооны адууг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Уг хэрэг 5 удаа мөрдөн байцаалтад буцаж бүрэн шалгагдсан. Өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлууд үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Хүрэлсүх, Ж.Агваанзундуй, Д.Түмэндэмбэрэл, Ш.Гандэмбэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 24-27-ны хооронд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар баг “Хонгын улаан толгой” гэх газраас иргэн Г.Энхтүвшингийн 14 тооны адууг хулгайлж 8,550,000 төгрөг, иргэн Ц.Чадраабалын 2 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөг, иргэн Г.Цэнд-Аюушын 4 тооны адууг хулгайлж 2,700,000 төгрөг, иргэн Ц.Цэрэнбалжирын 1 тооны адууг хулгайлж 400,000 төгрөг, иргэн Д.Төмөрсүхийн 1 тооны адууг хулгайлж 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 мөн шүүгдэгч Б.Хүрэлсүх, Ж.Агваанзундуй, Д.Түмэндэмбэрэл, Ш.Гандэмбэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 24-26-ны хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр баг “Баянхурууны ар” гэх газраас иргэн Г.Дондивын 23 тооны адууг хулгайлж, 14,350,000 төгрөгийн хохирол учруулсан талаарх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Б.Хүрэлсүх, Ж.Агваанзундуй, Д.Түмэндэмбэрэл, Ш.Гандэмбэрэл нарын бусдын эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг хохирлын үнэлгээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэргийг гардан үйлдсэн болон хамжигчаар оролцсон этгээдийг нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, тэдний гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна гэж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Ш.Гандэмбэрэл, түүний өмгөөлөгч Д.Бадам, Ч.Энхбаяр,  шүүгдэгч Ж.Агваанзундуй нарын өмгөөлөгчид анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайлбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж үйлдээгүй, ийм учраас гэмт хэргийн субъектив болон объектив тал үгүйсгэгдэж байгаа талаар гомдол гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн талаарх үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, тогтоосон үйл баримтдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн болно.

 Өмгөөлөгч нарын гомдолтой холбогдуулан “хяналтын шатны шүүх нь “анхан шатны  болон давж заалдах шатны шүүхийн  тогтоол, магадлалаар  тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг  нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт хуульчилсан” байгааг тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйл нь заавал хэрэглэх үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан энэ зүйлийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийн зөрчил биш гэж үзнэ.

Гэмт хэргийг үл мэдээлэх нь гэмт хэрэгт хамтран оролцогчдоос “урьдчилан тохиролцоогүй” байдгаараа ялгагдах бөгөөд шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэргийг үйлдэх талаар арав гаруй хоногийн хугацаанд урьдчилан тохиролцож, ярилцаж байж, энэ хэргийг үйлдсэн талаар тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

Ийнхүү шүүгдэгч Ш.Гандэмбэрэлийн өмгөөлөгч Д.Бадам, Ч.Энхбаяр, шүүгдэгч Б.Хүрэлсүхийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүгдэгч Ж.Агваанзундуйн өмгөөлөгч Б.Хандмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох, зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийг хэрэглүүлэх” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхбаяр, Д.Бадам, П.Адъяасүрэн, Б.Хандмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                                                         Б.БАТЦЭРЭН

                       ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ