Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0099

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 1905045510004 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3 дугаар хороо, замчин-0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 14 тоотод оршин суудаг, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн  суллагдсан. Г.Г

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Яллагдагч Г.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК харьяа CU /Си Юү/ нэртэй 46 дугаар салбар дэлгүүрээс Мобикомын гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 518,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г-ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн харьяа CU /Си Юү/ нэртэй 46 дугаар салбар дэлгүүрээс Мобикомын гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 518.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгээр Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах СU нэртэй 46 тоот дэлгүүрийн зааланд 2019 оны 11 сарын 09-ний өдрийн 06 цаг 43 минут 10 секунтэд зуны цагаан өнгийн саравчин малгайтай, хар куртиктай, хар бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй 20-30 насны эрэгтэй хүн орж ирээд зааланд хүн харж зогсож байгаад 06 цаг 45 минут 02 секунтэд тухайн дэлгүүрийн лангуунаас улаан өнгийн давхарлаатай байсан Мобикомын нэгж аваад 06 цаг 45 минут 12 секунтэд дэлгүүрээс гарч байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 тал/,

Дээрх камерын бичлэгтэй дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, камерын бичлэг бүхий диск  /хх-ийн 6-8 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Би Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ны хууль эрх зүй хариуцсан ажилтнаар ажилладаг, 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 6 цаг 30 минутад манай компаний харъяа болох SU ая тухтай 46-р салбарын дэлгүүрээс Мобикомын 518.000 төгрөгний нэгж хулгайд алдагдсан байсныг мэдсэн. Тухайн нэгж алдагдах үед Пүрэвлонжид, Батсайхан гэх нэртэй эрэгтэй, эмэгтэй хоёр залуу шөнийн ээлжээр ажиллаж байсан. Тухайн алдагдсан 518.000 төгрөгний нэгж нь 46-р салбар дээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 360.000 төгрөгний нэгж ирсэн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 230.000 төгрөгний Мобикомын нэгж тус тус ирсэн бөгөөд нийт 580.000 төгрөгний нэгж зарагдах гээд байж байсан юм. Үүнээс Пүрэвлонжидын яриагаар 518.000 нэгж зарагдаагүй үлдсэн дэлгүүрийн лангуу дээр тавиатай байсан юм байна лээ. Бид дэлгүүрийн дотор заалны камер шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн өглөө 6 цаг өнгөрч байх үед гаднаас хар хувцастай хар бараан царайтай, толгойных нь ар шилэн хүзүүн дээр нь аалз шиг хэлбэртэй сонин хар өнгийн шивээстэй залуу орж ирээд лангуун дээр байсан нэгжны картуудыг аваад гарч байгаа бичлэг байсан. Хоёр худалдагч байхгүй цаад талын өрөөнд байж байх хойгуур хулгайч орсон. Уг залууг бид бол танихгүй, өөр эд зүйл адагдаагүй, алдагдсан 518,000 төгрөгний Мобикомын нэгжүүд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн өмч яагаад гэвэл манай байгууллагын салбар нь Мобикомын гэрээт борлуулагчаас хүлээгээд авсан болохоор манай компани өмч болж таарна. Манай компани гомдолтой байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч А.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Арын CU 46 дугаар салбарт шөний ээлжээр ажиллаж байсан. Өглөө 6 цаг 30 минутын үед хамт шөнийн ээлжээр ажиллаж байсан Б бид хоёр арын агуулахын өрөөнд ороод бараагаа цэгцэлсэн. Улмаар гарч ирээд кассан дээр зогсож байхад гаднаас хүн орж ирээд Мобикомын нэгж авъя гэсэн. Тэгээд нэгжний машин байхгүй болчихсон болохоор цагдаа дуудсан. Анх ээлж хүлээлцэхдээ 518.000 төгрөгний мобикомын нэгж хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 25 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “...ярианы цэнэглэгч карт 10.000-н 11 ширхэг, 5000-н 35 ширхэг, 4000-н 18 ширхэг, 2500-н 54 ширхэг, 1000-н 26 ширхэг, нийт 518.000 төгрөг...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-31 тал/,

Хохирол 518.000 төгрөгийг Г.Г-с авсан талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, хүлээн авсан тухай баримт /хх-ийн 39-40 тал/,

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед надад яаралтай мөнгөний хэрэг гарсан байсан мөн согтруулах ундаа хэрэглэсэн байсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ бичлэг дээрх хүн би мөн...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Г.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Г нь нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК харьяа CU /Си Юү/ нэртэй 46 дугаар салбар дэлгүүрээс 518.000 төгрөгний үнэ бүхий Мобикомын гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар тухайн нэгжүүдийг бусдад зээлийн төлбөрт шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Мөн хулгайлагдсан эд хөрөнгө Мобикомын нэгжийн цэнэглэх картууд нь болох хохирогч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан бөгөөд  нийт 518.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 29-31 дэх талд авагдсан Ашид Билгүүн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Г.Г нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

Иймд шүүгдэгч Г.Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д  518.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн тайлбар, хохирол хүлээлгэн өгсөн тухай баримтаар нотлогдож байна. /хх-ийн 39-40 тал/

Иймд шүүгдэгч Г.Г-ээс гаргуулах хохирол, төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Г.Г хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий Диск шүүхэд ирсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 380 /гурван зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хяналтын камерын бичлэг бүхий Диск-г хавтаст хэрэгт хадгалаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА