Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 452

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                              

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарайд овогт Ц-н Ц-ад холбогдох эрүүгийн 1909019050574 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр байр, 96 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ЖЕ 88020570 / Шарайд овогт Ц-н Ц- нь:   

 

- 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн хажууд байрлах хүүхдийн тоглоомын талбайгаас хохирогч Х.Оюунбилэгийн эзэмшлийн Леново загварын / Lenovo Core I5/ зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, бусдад 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

“Найман анд” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ / хх 21 /

Хохирогч Х.Оюунбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол сургуульд ажлаа хийж байгаад ангийнхаа хүүхдүүдийг тараасан. Сургуулийнхаа гадна ангийнхаа н.Дамбийням, Э.Цэцэгдарь, Г.Тэмүүжин, н.Цэвээн нартай байж байгаад Э.Цэцэгдарьд өөрийн барьж байсан цүнхтэй нотебүүкээ үрүүлж үлдээгээд сургууль орчихоод буцаж гарч ирсэн чинь тэд нар байхгүй байхаар нь сургуулийн хашаанаас гараад явж байтал Э.Цэцэгдарь,Г.Тэмүүжин, Цэвээндолгор нар өөдөөс хүрээд ирсэн.  Тэгээд би “Нотебүүкээ яасан бэ?” гээд асуутал бид дөрөв цүнхээ гулсуур дээр тавьчихаад тоглож байгаад авах гэсэн чинь таны нотебүүктэй цүнх чинь байхгүй байсан гэсэн. Тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь ойр хавийн ломбардаар хайж байгаад 2 хоногийн дараа Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байрлах “Найман анд” ломбардад 280.000 төгрөгийн барьцаанд Цогтбаатар Ц- /РД:ЖЕ88020570/ регистрийн дугаартай бичиг баримтаар тавьсан байсан. Би нотебүүкээ асааж доторх зүйлс болон гаднах шинж тэмдгээрээ тохирч байсан. Ц.Ц- нь данс руу хохирлын мөнгө болох 464.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 28-32 /

Насанд хүрээгүй гэрч Г.Тэмүүжин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Хичээл тараад ангийн багш Х.Оюунбилэг нь ажил амжуулчихаад ирье гээд бид нарыг үлдээчихээд сургууль руу орсон. Ангийн хүүхдүүдийн хамт тоглоомын талбай дээр очиж сандал дээр багшийн нотебүүк болон бид нар өөрсдийн цүнхнүүдээ тавиад тоглоцгоосон. Тоглож байгаад цүнхнүүдээ автал ангийн багшийн цүнхтэй нотебүүк алга болсон байсан. Хар өнгийн цүнхтэй, хар өнгийн нотебүүк ангийн багшид байдаг. Ямар хүн авч явсныг хараагүй. Гэхдээ бид нарыг тоглож байхад цүнхнүүд тавьсан газрын цаад талд нэг эрэгтэй хүн суугаад байсан. Тэр хүн ганцаараа байсан. Цүнхнүүдээ авах үед тэр танихгүй ах явчихсан байсан. Бид нар багшийнхаа цүнхийг орхиж мартаж яваагүй. Тоглож дуусаад өөрсдийнхөө цүнхийг авсан чинь багшийн нотебүүк алга болчихсон байсан гэжээ. / хх  34-35 /

 

Насанд хүрээгүй гэрч Э.Цэцэгдарь мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хичээл тараад зогсож байхад ангийн багш Х.Оюунбилэг надад нотебүүкээ өгсөн. Сургуулийн хашаанаас гарч хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуур дээр гулгаж тоглосон. Тоглохоосоо өмнө сандал дээр ангийн багшийн цүнхтэй нотебүүкийг эхэлж доор нь тавиад дээрээс нь бид нар өөрсдийн цүнхээ тавьсан. Тэгээд тоглож байгаад болиод цүнхнүүдээ авсан чинь багшийн нотебүүктэй цүнх алга болчихсон байсан. Тэр хавиар хайж үзсэн байхгүй байсан. Багшийн нотебүүкийг авсан хүнийг хараагүй. Гэхдээ өөдөөс нэг саарал хар дуу өнгийн цамцтай, танихгүй ах хараад суугаад байсан. Тэр хүн тоглож байгаад нэг харахад байхгүй байсан. Багшийн цүнхтэй нотебүүкийг мартаж яваагүй. Бид нарын цүнхний доороос багшийн цүнхтэй нотебүүк алга болсон байсан гэжээ. / хх 39-40 /

 

Гэрч Ц.Батсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай “Найман анд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ЖЕ88020570 регистрийн дугаартай Цогбаатар овогтой Ц- гэж хүн Леново маркийн 15 үзүүлэлттэй, цэнэглэгч болон цүнхтэй, гар нь хөндийрсөн, 2 ширхэг товчлуур нь унасан хар өнгийн нотебүүкийг 280.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг, Булаг 17-31 тоотод суудаг гэж тэмдэглүүлсэн байна. Манай энэ программ нь автоматаар хугацаа нь дуусаад буюу 14 хоног нь дуусаад гар утас руу нь мессеж явуулдаг. Тэгээд хүлээлгийн 10 хоног нь дууссан бол дахин мессеж явуулж орлого болголоо гэдгийг нь мессежээр мэдэгддэг. Хэрэв энэ хугацаандаа ирж сунгуулаагүй тохиолдолд ломбардны орлого болж хувь хүмүүст зардаг. Одоо тус нотебүүк манайд байхгүй. 2019 оны 06 дугаар сард зарагдсан байна. Явуулын хувь хүмүүст зарсан. Зарахдаа ямар нэгэн бүртгэл хийдэггүй учраас хэн гэж хүн авсныг тогтоох боломжгүй. Тухайн эд зүйлийг барьцаанд тавьж байгаа иргэний үнэмлэхийг нь үзэж үндэслэн барьцаанд авсан. Үнэмлэхгүй иргэнээс эд зүйл авдаггүй гэжээ. / хх 41-42/

 

“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 54-56 /

 

Яллагдагч Ц.Ц- мөрдөн шалгалтын явцда мэдүүлэхдээ: ... 2019 оны 05 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Тэр өглөө гэрээсээ гандан орж ажил үйлс бүтээх ном уншуулчихаад товчлоод гэр рүүгээ явж байхдаа Монгол 3 дугаар сургуулийн зүүн талын хүүхдийн тоглоомын сааданд очиж суусан. Тэр нь 2 байрны голд байдаг юм билээ. Тэгээд сууж байгаад босоод явахдаа хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр байсан хар өнгийн цүнхтэй зүйлийг би авсан. Тэгээд аваад явж байхдаа 3 дугаар сургуулийн хажууд цүнхийг нээж үзэхэд дотор нь Леново маркийн зөөврийн компьютер нь цэнэглэгчтэйгээ байсан. Тэгэхээр нь би мөнгөний хэрэг байсан учраас уг зөөврийн компьютерыг хүнсний 4 дэлгүүрийн зам дагуу байдаг “Найман анд” гэдэг барьцаалан зээлдүүлэх газарт өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд 280.000 төгрөгөөр тавьсан гэжээ. / хх 6-7 /

 

Шүүгдэгч Ц.Ц-ыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 6-7 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 92 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 464.000 төгрөгийг төлсөн. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг Монгол 3 дугаар сургуулийн хажууд байрлах хүүхдийн тоглоомын талбайгаас хохирогч Х.Оюунбилэгийн эзэмшлийн Леново загварын / Lenovo Core I5/ зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...“Найман анд” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ / хх 21 /, ... Сургуулийнхаа гадна Э.Цэцэгдарьд өөрийн барьж байсан цүнхтэй нотебүүкээ үрүүлж үлдээгээд сургууль орчихоод буцаж гарч иртэл тэд нар байхгүй байсан. ...Цэвээндолгор бид дөрөв цүнхээ гулсуур дээр тавьчихаад тоглож байгаад авах гэсэн чинь таны нотебүүктэй цүнх чинь байхгүй байсан гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Оюунбилэгийн мэдүүлэг / хх 28-32 /, ... ангийн багш Х.Оюунбилэг нь ажил амжуулчихаад ирье гээд бид нарыг үлдээчихээд сургууль руу орсон.

Бид нар цүнхнүүдээ тавиад тоглож байгаад цүнхнүүдээ автал ангийн багшийн цүнхтэй нотебүүк алга болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Г.Тэмүүжингийн мэдүүлэг / хх  34-35 /, Э.Цэцэгдарийн мэдүүлэг / хх 39-40 /, ...Манай “Найман анд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ЖЕ88020570 регистрийн дугаартай Цогбаатар овогтой Ц- гэж хүн Леново маркийн 15 үзүүлэлттэй, цэнэглэгч болон цүнхтэй, гар нь хөндийрсөн, 2 ширхэг товчлуур нь унасан хар өнгийн нотебүүкийг 280.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байна. 2019 оны 06 дугаар сард зарагдсан байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Батсүхийн мэдүүлэг / хх 41-42 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 54-56 /, ... Монгол 3 дугаар сургуулийн зүүн талын хүүхдийн тоглоомын сааданд очиж суусан. Тэгээд сандал дээр байсан хар өнгийн цүнхтэй Леново маркийн зөөврийн компьютер, цэнэглэгчтэйгээ байсан. Би “Найман анд” гэдэг барьцаалан зээлдүүлэх газарт өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд 280.000 төгрөгөөр тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Ц-ын мэдүүлэг / хх 6-7 / зэрэг болно.

 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц-ад ял шийтгэл оногдуулахдаа хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад прокурорын санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул / хх 113 / шүүгдэгч Ц.Ц-ыг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарайд овогт Ц-н Ц-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Ц- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ц.Ц- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ