Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

     2020          01            29                                     2020/ШЦТ/108

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч А.О, Э.Э нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О, Э нарт холбогдох эрүүгийн 1905014580999 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачин 8 дугаар гудамжны 125 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн харицлага хүлээж байгаагүй, А.О

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Их-Өндөр” ХХК-ний нарийн боовны цехэд хэрчигч ажилтай, ам бүл 5 нөхөр, хүү, хадам эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Бор гүвээ 3 дугаар гудамжны 57 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 72 дугаар байрны 3а тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Э

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч А.О, Э.Э нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван төгс” нэртэй зочид буудалд иргэн Ө.Б-ийн 310.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфон-6 маркийн гар утас, иргэн Х.Б-ийн 254.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-6 эдже маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлж нийт 564.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.О, Э.Э нарыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.О, Э.Э нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван төгс” нэртэй зочид буудалд иргэн Ө.Б-йн 310.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфон-6 маркийн гар утас, иргэн Х.Б-ийн 254.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-6 эдже маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 564.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хорооллын эцэст байрлах Fire нэртэй бааранд 00 цаг өнгөрч байхад орсон. Тус баарнаас хоёр эмэгтэй хүнтэй танилцаж хамт гараад 22 дугаар хороо, Гурван төгс нэртэй дэн буудалд өрөө авч орсон. Улмаар бид хэд ууж сууж байгаад бааранд танилцсан хоёр эмэгтэй бэлэн гоймон авна гээд гарсан. Ирэхгүй удаад байхаар нь унтчихсан. Маргааш өглөө нь эд зүйлээ шалгатал миний Айфон 6 маркийн гар утас, Б-ийн Самсунг Эс-6 эдже маркийн гар утас тус тус алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13 тал/,

Хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө хороололд байрлах бааранд орсон. Баарнаас найз Батнасан, Баярбаатар нартай хамт 2 охинтой танилцаад буудал орохоор болсон. Улмаар “Гурван төгс” гэх буудалд 2 том пиво аваад орсон. Уугаад сууж байтал шар царайтай туранхай охин “утсаа түр өгч байгаач фэйсбүүк орчихоод өгье” гэж хэлээд миний Самсунг эс-6 эдже маркийн гар утсыг авсан. Нэг мэдсэн Б, Б бид 3 тасраад унтчихсан байсан. Өглөө сэрэхэд тэр 2 охин байхгүй байсан. Би алга болгосон утсаа 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монтел худалдааны төвөөс 280.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №БГ-1-19-238 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө болох Самсунг эс-6 эдже гар утсыг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 254.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 22-23 тал/,

Дахин томилсон Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 419/124 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй эд зүйл болох Ай фоне 6 маркийн гар утас нь зах зээлийн дундаж үнээр 310.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 104-105 тал/,

Яллагдагч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би хороололд байрлах бааранд найз Э-тай хамт сууж байсан. Улмаар 2 залуутай танилцаад хамт бүжиглэж байгаад буудал орохоор болсон. Би нэг залуутай нь хамт дэлгүүр орж бэлэн гоймон болон 2 том пиво авсан. Бид тавуулаа авсан пивоо ууж байтал 2 залуу нь тасраад унтчихсан. Харин нэг залуу нь 00 орох хооронд би Айфон 6 маркийн гар утсыг хулгайлан авсан. Энэ үед Э нөгөө залуугийн гар утсыг авсан. Улмаар бид хоёр толгойгоороо дохиод нүдээрээ ойлголцоод гарсан. Би энэ хэргийг Э-тай хамтран үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын сүүлээр О гэх найзтайгаа 3, 4 дүгээр хороололд байрлах Цэ нэртэй баарны хажууд байх Файр нэртэй бааранд сууж байтал 3 залуу ирээд танилцъя гэхээр танилцаад баарнаас гарсан. Улмаар дэлгүүрээс 2 том пиво аваад тавуулаа буудал орсон. Манай найз О тэр 3 залуутай пиво уугаад сууж байтал тэр 3 залуу тасраад унтчихсан. Би орон дээр байсан Самсунг Эс 6 маркийн гар утсыг хулгайлан авсан. Энэ үед О нөгөө залуугийн гар утсыг авсан. Авсан гар утсуудаа ломбарданд Самсунг Эс 6 маркийн гар утсыг 40.000 төгрөгөөр, Ай фон 6 маркийн гар утсыг Монтел дээр 20.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөө бид хоёр үрээд дуусгасан. Би Отэй хамтран гар утас хулгайлан мөнгийг нь үрэлцсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг 14 хоногийн дотор нөхөн төлнө...” гэх мэдүүлэг,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 тал/, жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч /хх-ийн 52-56 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 86 тал/, А.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 тал/, ерөнхий боловсролын гэрчилгээ /хх-ийн 65 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 86 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.О, Э.Э нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван төгс” нэртэй зочид буудалд иргэн Ө.Б-йн 310.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфон-6 маркийн гар утас, иргэн Х.Б-ийн 254.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-6 эджи маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, улмаар дээрх хулгайн эд зүйлсийг ломбардад тавьсан нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн хулгайн эд зүйл болох Самсунг Эс-6 эдже маркийн гар утас нь 254.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 22-23 дахь талд авагдсан Дамно ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар, Ай фон маркийн гар утас нь 310.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хх-ийн 104-105 талд байх Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.О, Э.Э нарын бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, хууль бусаар буюу эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол буюу нийт 564.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Уг гэмт Хэргийн улмаас хохирогч Ө.Б-д 310.000 төгрөгийн, хохирогч Х.Б-д 254.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.О, Э.Э нараас тус бүр 282.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д 310.000 төгрөг, О.Б-д 254.000 төгрөг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.О, Э.Э нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч нарт ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч А.О, Э.Э нарын хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирол төлбөрийг 14 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг болон шүүгдэгч А.О, Э.Э нарын бага насны хүүхэдтэй байдлыг тус тус харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх шүүгдэгч Э.Э, А.О нарт “гэмт хэргийн хор уршгыг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авах нь зүйтэй  гэж дүгнэлээ.

Тэнссэн хугацаанд болон хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг тэнссэн хугацаанд биелүүлээгүй, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч А.О, Э.Э нарт тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.О, Э.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О, Э нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.О, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Э.Э нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, биелэлтэнд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Э.Э нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.О, Э.Э нараас тус бүр 282.000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Б-д 310.000 төгрөг, хохирогч Х.Б-д 254.000 төгрөг тус тус олгосугай.

6. Шүүгдэгч А.О, Э.Э нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Э.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА