| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0464/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч И.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Д-н Х-д холбогдох эрүүгийн 2009012020593 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, архелогич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 18 тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ХП75021213 / Боржигон овогт Д-н Х- нь:
- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Идэр дээд сургуулийн орчимд байрлах Авзагын 10 дугаар байрны гадаа иргэн Г.Өсөхбаяртай маргалдаж, улмаар түүний биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн доод зовхинд зулгаралт, доод уруул зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримггуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Өсөхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний зүүн талын нүдний ухархай цөмөрч, хөмсөг задарсан. Надад өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Хамт архи уусан танил Д.Х- учруулсан. Би Д.Х-тэй хэрүүл маргаан хийсэн талаараа бол санахгүй. Түүнийг цохиж зодоогүй. Би 2020 оны 03 дугаар 31-ний өдөр Лазер мед эмнэлэгт СТ толгой 100.000 төгрөгөөр авахуулсан. 2020 оны 04 дүгээр 01-ний өдөр Лазер мед эмнэлэгт 25.000 төгрөгөөр КТГ толгойн зургаа 25.000 төгрөгөөр харуулсан. Орбита эмнэлэгт хараагаа 25.000 төгрөгөөр үзүүлсэн. Экспресс негатив ХХК-д рентген зураг 20.000 төгрөгөөр авахуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Центролаб лабораторид хагалгаанд орохын өмнөх багц шинжилгээг 85.250, зүрхний бичлэг 70.000 төгрөгөөр өгсөн. 2020 оны 04 дүгээр 04-ний өдөр Окунопластик эмнэлэгт 2.000.000 төгрөгөөр нүдний цөмрөлтийн хэсэгт имплант буюу нөхөөс тавиулах мэс засал хийлгэсэн. UH эмийн сангаас 22.500 төгрөгөөр эм авсан. Би нийт 2.367.750 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан. Миний эмчилгээний зардалд зарцуулсан мөнгийг барагдуулчихвал надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал сайжирч байгаа гэжээ. / хх 5-8 /
Гэрч Г.Батсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед Хишгээтэй СУИС-ийн тэнд уулзсан. Тэгээд бид хоёр Сүхбаатар дүүргийн эмнэлгийн ойролцоо ажил хэргийн шугамаар нэг хүнтэй уулзаад нэг газар суугаад хоол идсэн. 0.5-тай 1 шил архи Хишгээ бид 2 хувааж уугаад тэр хүнтэйгээ ажил ярьж байгаад тэндээсээ 13 цагийн үед Өсөхөө рүү залгаад “Хаана байна” гэсэн чинь “Би Зайсангийн энд Американ сургуулийн ойролцоо байна” гээд хүрээд ир гэсэн. Тэгээд Өсөхөө дээр очиход Балжаатай хамт байсан. Тэндээсээ бид 4 такси бариад Идэр сургуулийн тэнд Балжаагийн таньдаг нэг айлд ирсэн. Айлд ороход 1 залуу, 1 эмэгтэй хоёр байсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад байж байхад гэрийн эзэн гээд эмэгтэй, 1 залуу, 1 бүсгүйтэй гаднаас 1 шил виски бариад орж ирсэн. Бид нар тэгээд ууцгаагаад жаахан юм яриад байж байхад Өсөхөө 1 залуутай ам муруйх гээд байхлаар нь би за ер нь согтож байгаа юм байна гэж бодоод Өсөхөө, Хишгээ хоёрыг аваад бид гурав тэр айлаас 16 цагийн үед гарсан. Гадаа гарахад Хишгээ, Өсөхөө 2 хоорондоо муудалцаад байсан яг юунаас болж маргалдсан талаар бол мэдэхгүй байна. Хишгээ, Өсөхөө хоёр машины цаана хоорондоо зууралдаж байсан Хишгээ Өсөхөө рүү гар далайж байх шиг байсан гэжээ. / хх 10-11 /
Гэрч Д.Саранцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би ажлаа хийгээд байж байхад манай ажлын гадаа хүн зодуулаад байх шиг байна гэж надад хүнсний дэлгүүрийн залуу, үсчин охин 2 хэлсэн. Би очоод цонхоор харахад хар өнгийн куртик, малгай өмссөн залуу нэг үл таних залууг цохиж, зодоод газарт унагахаар нь би үсчин охины утсаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед зодуулж байсан залуу нилээд согтуу харагдаж байсан. Нөгөө зодож байсан хүн нь бол яваад өгсөн гэжээ. / хх 14 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4252 дугаар дүгнэлтэнд:
1. Г.Өсөхбаярын биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн доод зовхинд зулгаралт, доод уруул зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 22-23 /
Яллагдагч Д.Х- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна гэжээ. / хх 42-43 /
Шүүгдэгч Д.Х-г 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 42-43 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 56 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид 2.367.750 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Д.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Идэр” дээд сургуулийн орчимд байрлах Авзагын 10 дугаар байрны гадаа иргэн Г.Өсөхбаяртай маргалдан зодож түүний биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн доод зовхинд зулгаралт, доод уруул зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Миний зүүн талын нүдний ухархай цөмөрч, хөмсөг задарсан. Хамт архи уусан танил Д.Х- учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Өсөхбаярын мэдүүлэг / хх 5-8 /, ...Би Хишгээтэй уулзаад бид хоёр 0.5-тай 1 шил архи хувааж уугаад Өсөхөө нэг залуутай ам муруйх гээд байхлаар нь бид гурав тэр айлаас гарахад Хишгээ, Өсөхөө 2 хоорондоо муудалцаад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Батсайханы мэдүүлэг / хх 10-11 /, ...Манай ажлын гадаа хүн зодуулаад байх шиг байна гэж надад хүнсний дэлгүүрийн залуу, үсчин охин 2 хэлээд би очоод цонхоор харахад хар өнгийн куртик, малгай өмссөн залуу нэг үл таних залууг цохиж, зодоод газарт унагахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед зодуулж байсан залуу нилээд согтуу харагдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Саранцэцэгийн мэдүүлэг / хх 14 /, ...Г.Өсөхбаярын биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн доод зовхинд зулгаралт, доод уруул зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4252 дугаар дүгнэлт / хх 22-23 /, ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Х-гийн мэдүүлэг / хх 42-43 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х-д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Өсөхбаяр нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 77 / гэсэн тул төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Х-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Д.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Х- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ