| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06091/И |
| Дугаар | 4858 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 4858
| 2016 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2016/04858 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ..дүгээр байрны .. тоотод оршин суух, ... регистртэй, Боржигин ургийн овогт Л. Э,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, . дүгээр байрны 1.. тоотод байрлах, хуулийн этгээдийн .. регистртэй, “Шүнди” ХХК-д холбогдуулан гаргасан,
Орон сууц захиалан бариулах тухай гэрээний үлдэгдэл төлбөрийг үүрэг хүлээж байсан үеийн ханшаар тооцох, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, .. дүгээр байрны .. тоот дахь орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Э, хариуцагч “Шүнди” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ван Сэн Тон /Wan Sentong/, хариуцагчийн орчуулагч Д.О нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Шүнди” ХХК-тай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ хийж, 1 м.кв-ыг 960 ам.доллараар тооцон, 80 м.кв талбай бүхий орон сууцыг авахаар гэрээ хийж, урьдчилгаа 80 хувь буюу 62,000 ам.долларыг төлж, үлдэгдэл 15,395 ам.долларыг гэрээний дагуу төлөх байтал, “Шүнди” ХХК-ийн захирал Ван Сэн Тун надад “..үлдэгдэл төлбөрийг төлөөд хэрэггүй, бусад бүх айл 750-850 ам.долларын гэрээ хийсэн, танайх хамгийн өндөр 960 ам.долларт хийгдсэн боловч компанийн хар бор ажилд оролцож, туслаж байсан. 80 м.кв талбайтай байрны бүх дотоод засал, хаалга, шалнаас эхлээд бүгдийг өөрийн хөрөнгөөр хийсэн тул бусад айлын жишгээр 1 м.кв-ыг 850 ам.доллараар тооцоод нийт 68,527 ам.доллар төлөхөөс урьдчилгаандаа 62,000 ам.доллар төлсөн тул үлдэгдэл 6,527 ам.долларыг төлөөд байрны ордероо авч болно” гэж 2009 оны 2 дугаар сарын үед надад хэлсэн. Үлдэгдэл төлбөр төлөх хугацаа болоогүй байхад компанийн дотоод асуудлаас болж тамга нь хураагдаж, данс нь хаагдаж, оршин суугчид үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй болсон. Гэрээтэй, гэрээгүй бүх айлууд “Шүнди” ХХК-ийн өрөнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд очсон. Шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан байрны үлдэгдлээ төлөхгүй бол дуудлага худалдаанд оруулна гэж удаа дараа мэдэгдэл өгсөөр байгаа бөгөөд би төлөх үүрэггүй гээд төлөхгүй байгаа. Үүрэг хүлээж төлбөрөө төлөх үед надаас биш компанийн асуудлаас болж өнөөг хүртэл 8 жил хохирсон. Тухайн үед би ажилтай, орлоготой байсан. Одоо төлөөд орох оронтойгоо үлдэе гэхэд ам.долларын ханш тэнгэр газар шиг зөрүүтэй болж, тэтгэврийн мөнгөөр амьдарч байгаа надад үнэхээр хүнд тусч байна. Иймд байрны үлдэгдэл 6,527 ам.доллар дээр, авто гаражийн 9,000 ам.доллар, нийт 15,527 ам.долларыг үүрэг хүлээж байсан үеийн ханшаар тооцон надаас гаргуулж, гараж болон одоо амьдарч байгаа 38 тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч “Шүнди” ХХК-ийн захирал гэх, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ван Сэн Тун шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2008 онд ийм асуудал гарсан нь үнэн. Тухайн үед бүх зүйл албан ёсоор явагдаж байсан. Дараа нь компанийн дотоодод маргаан гарч, миний тамга тэмдэг Улсын бүртгэлийн гэрчилгээг хураасан. Одоо хүртэл буцааж өгөөгүй байгаа. Тухайн үед Л.Э манай компанитай албан ёсоор орон сууц захиалах гэрээ хийсэн. Хэрвээ компани дотор асуудал гараагүй байсан бол Л.Э-гийн гэрээний асуудал аль эрт шийдэгдчих байсан. Л.Э үлдэгдэл төлбөрөө төлөөд байрны ордероо авахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Барилгыг улсын комисс хүлээж авахаас өмнө өөрсдөө дотоод заслаа хийсэн айлуудад үнийг багасгана гэж ярьж тохиролцсон зүйл байгаа. Улсын комисс хүлээж авсны дараа орон сууц захиалан бариулах гэрээгээ шинэчилж амжаагүй байж байтал 4 дүгээр сард нь компани дотор асуудал гарсан. Тухайн үед ярилцаж тохиролцсон зүйлээ цаасан дээр буулгаж чадаагүй юм. Л.Э байрны үнэ өссөн байх үед буюу 1 м.кв-ыг 960 ам.доллараар тооцон гэрээ хийсэн. Мөн тэрээр байрны засал чимэглэлээ өөрөө хийж, бидний ажилд туслаж байсан учраас үлдэгдэл төлбөрийг олны жишгээр 1 м.кв-ын үнийг 850 ам.доллар болгон багасгахаар аман тохиролцоо хийсэн. Авто гаражийн хувьд ямар нэгэн яриа байхгүй 9,000 ам.доллар байгаа. Ингээд нийт 15,527 ам.долларын үлдэгдэл төлбөртэй юм гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь “Шүнди” ХХК-д холбогдуулан, Орон сууц захиалан бариулах тухай гэрээний үлдэгдэл төлбөрийг үүрэг хүлээж байсан үеийн ханшаар тооцох, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ...дүгээр байрны .. тоот дахь орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Шүнди” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээний үнийг 1 м.кв талбайг 960 ам.доллар байсныг 850 ам.доллар байхаар аман хэлцэл хийж тохиролцсон гэж тайлбарлаж байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Талуудын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр №35 дугаар “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдаж, захиалагч Л.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ...дүгээр байрны Баруун .. тоот /одоогийн 38/ дахь 80,62 м.кв талбай бүхий орон сууцыг автомашины гаражийн хамж, 1 м.кв талбайг 960 ам.доллароор тооцон, нийт гэрээний үнэ 86,395 ам.доллар байх, захиалагч нь 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний 80 хувь буюу 62,000 ам.долларыг төлж, түлхүүр хүлээн авахдаа үлдэгдэл 20 хувь буюу 15,395 ам.долларыг гаражийн үнэ 9,000 ам.долларын хамт төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2008 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 6-7/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч Л.Э нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу орон сууцны үнэнд 62,000 ам.долларыг 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлснөөр “Шүнди” ХХК нь 2008 оны 3 дугаар улиралд Баруун 302 тоот /одоогийн 38/ дахь орон сууцыг захиалагчид шилжүүлэн өгснөөр эзэмшигч болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч Л.Э нь гэрээний үлдэгдэл төлбөр 15,395 ам.долларыг орон сууцны түлхүүр хүлээн авахдаа төлөх үүрэг хүлээсэн байсан боловч “Шүнди” ХХК-ийн дотоод асуудлын улмаас тус компанийн тамга тэмдэг хураагдан, данс хаагдаж оршин суугчид үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй болж, орон сууцнуудыг битүүмжилснээр тус компанийн өрөнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд очиж битүүмжлэгдсэн зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа явуулах, захиалагч тал гэрээний гүйцэтгэлийг хүлээн авах боломжгүй байсан болох нь зохигчдын тайлбар, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх 29/
Түүнчлэн, нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч “Шүнди” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ван Сэн Тунтай харилцан тохиролцсоны дагуу орон сууцны 1 м.кв-ын төлбөр 960 ам.доллар байсныг 850 ам.доллар болгон багасгаж, нийт 68,527 ам.доллар болохоос түүний төлсөн 62,000 ам.долларыг хасч, үлдэгдэл төлбөр 6,527 ам.доллар, үүн дээр авто гаражийн төлбөр 9,000 ам.долларыг нэмж, нийт 15,527 ам.доллар байхаар аман хэлцлээр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч “Шүнди” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч Ван Сэн Тун хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар гүйцэтгэгч “Шүнди” ХХК-ийн зүгээс компанийн дотоодын маргаантай байдлын улмаас захиалагчийг үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авалгүй хугацаа хэтрүүлсэн, харин захиалагч Л.Э нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын хооронд бичгээр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” болон аман хэлцлийн дагуу нэхэмжлэгч Л.Э нь 15,527 ам.долларыг “Шүнди” ХХК-нд төлж барагдуулсан тохиолдолд 302 /одоогийн 38/ тоот орон сууцыг болон авто гаражийг өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэдийгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “төлбөрийг төгрөгөөр төлөх тохиолдолд Монгол банкны тухайн өдрийн албан ханшийг үндэс болгоно” гэж заасан байх боловч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийн бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцохоор хуульчилсан байх тул гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийн үлдэгдэл 15,527 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцон төлж барагдуулснаар Л.Э нь орон сууцны өмчлөх эрхийг “Шүнди” ХХК-иас шилжүүлэн авах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Л.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, .. айлын ... дүгээр байрны ... тоот дахь 80,62 м.кв талбай бүхий орон сууцны үнэнд үлдэгдэл 15,527 ам.долларыг гэрээ байгуулах өдрийн ханшаар тооцон төлснөөр гаражийн хамт өмчлөх эрхийг “Шүнди” ХХК-иас шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 238,800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА