Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 118

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1484/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-т холбогдох эрүүгийн 1905039191328 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт Булган аймгийн Сайхан сумын Угалз 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй М.Б

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч М.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийд дотор иргэн О.Л-гийн эзэмшлийн Виво Ви-15 загварын гар утсыг “фэйсбүүк хаяг руугаа орчихоод өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийд дотор иргэн О.Л-ийн эзэмшлийн Виво Ви-15 загварын гар утсыг “фэйсбүүк хаяг руугаа орчихоод өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч, хохирогч О.Лх-д 839.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах  нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч О.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв гандангийн хашаан дотор байдаг Батцагаан дуганд хуралд сууж байхад гаднаас хүн дуудахаар нь гараад очиход Б гэх зүс таних эрэгтэй хүүхэд байсан. Улмаар М.Б-тай буцаж Батцагаан дуган руу орж хуралд суусан. М.Б над руу хандаж “Гар утсаа өгч байгаач, фэйсфүүк хаяг руугаа орчихоод өгье” гэхээр нь би өөрийн “Виво Ви-15” маркийн гар утсаа өгөөд “Чи фэйсбүүк ороод байж бай” гэж хэлчихээд буцаад хуралдаа суусан. Хурал түр завсарлахад М.Б байхгүй байсан. Өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дахь тал/,

 

Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдэд хурал явагдаж байсан. Удалгүй миний зүс таних М.Б ирээд О.Л-г дуудсан. Удалгүй О.Л Б дээр очоод юм ярьж байсан. Хурал түр завсарлаад дууссаны дараа О.Л миний хажууд ирээд “Надад утсаа өгч бай, би өөрийнхөө утас руу залгаадахъя” гэж хэлсэн. Улмаар өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд “М.Б-т утсаа өгчихсөн, миний утсыг аваад явчих шиг боллоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдэд өмнө нь хамт сурч байсан хүүхдүүдтэй уулзахаар ирсэн. Тэгэхэд О.Л гээд өмнө Энэтхэгийн Буман Тацанд хамт сурч байсан ахтай уулзаад гар утсаа өгч байгаач интернэт орчихоод удахгүй өгье гэж хэлээд авсан. О.Л ах хуралдаа суухаар явахад нь би бодож сууж байгаад тухайн хөх өнгийн Виво Ви-15 маркийн гар утсыг Теди төв дээр очоод утасны ченж залууд 220.000 төгрөгөөр зараад тус мөнгөө ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан. Надад мөнгөний хэрэг гарсан учир утсыг авсан. Би 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн. 2016 онд Энэтхэг улс руу сургуульд сурахаар явсан. 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод ирж хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Миний бие урлагын авъяастай урлагт дуртай, би шашны сургуульд сурж байсан учраас Төвд хэл мэднэ”... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Би анх мөнгөний шаардлага гараад Энэтхэгт хамт сурч байсан найзуудаас мөнгө гуйж, тусламж авах зорилгоор очсон. Тэгээд О.Л-д уулзаад сууж байгаад утсыг гуйж авсан. О.Л-г хуралдаа сууж байх хооронд надад гэнэт утсыг авч явж залилах бодол төрсөн. Одоогоор хохирол төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1-19-775 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө... гар утас нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 839.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 13-14 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор М.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 тал/, төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 60 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч М.Б, хохирогч О.Лх нар нь өмнө Энэтхэг улсад шашны сургуульд хамт суралцаж байсан байх ба хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч нь хохирогчтой уулзахаар очихдоо мөнгөний шаардлага гарч мөнгө гуйхаар очсон, улмаар гар утсыг нь “фэйсбүүк хаяг руугаа орчихоод өгье” гэж хэлж аваад буцаан өгөхгүйгээр Тэди төв дээр аваачиж зарж борлуулсан болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.Б-ыг “Залилах гэмт хэргийг буюу хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Лх-д 839.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хэргийн 13-14 дэх талд авагдсан Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон ба хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б-аас 839.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Лх-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.  

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг арилаагүй зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зохистой гэж дүгнэж, түүнд 320 цаг /гурван зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шүүгдэгч М.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс энэ өдрийг хүртэл хугацаагаар буюу 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл нийт 8 /найман/ хоног цагдан хоригдсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 64 цагийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 256 /хоёр зуун тавин зургаан/ цагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч М.Б-т тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 256 /хоёр зуун тавин зургаан/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-т мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 839.000 /найман зуун гучин есөн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Л-д олгосугай.

 

6. Шүүгдэгч М.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА