| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0377/Э |
| Дугаар | 374 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Х.З- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х-н З-д холбогдох эрүүгийн 2009008520433 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, "Шинэ тулга хөгжил" констракшнд туслахаар ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25 дугаар гудамжны 46 тоотод оршин суух. ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ДЭ77110109 / Боржигон овогт Х-н З- нь:
2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүртйн 11 дүгээр хороо, Алтайн 25 дугаар гудамжны 46 тоотод нөхөр болох хохирогч Б.Тэгшсайханг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “20.000 төгрөг өгчих гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гаран тус газар нь хутгалж, баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримггуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Тэгшсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цагаан сараар уулзахгүй гээд Даш 0,33л хараа нэртэй архи авч, бид 2 хувааж уугаад манай гэрт ирсэн. Х.З-гаас 10.000 төгрөг гуйж аваад 0,5л хараа нэртэй архи аваад иртэл гэрт Х.З- байхгүй байсан. Тэгээд удаагүй Х.З- гаднаас ороод ирсэн. Бид 3 нөгөө архийг хувааж уусан юм. Дашаас 10.000 төгрөг аваад 0.5л хараа нэртэй архи аваад Х.З-, Даш бид 3 хувааж уусан. Би Х.З-гаас 20.000 төгрөг өгөөч гэхэд өгөхгүй болохоор би уурлаад гарч яваад гудамжны үзүүрт байж байтал Х.З- 20.000 төгрөг аваад ирсэн. Бид хоёр дэлгүүр ороод 0,5л хараа нэртэй архи, нэг тамхи аваад гэрт ороод уусан. Тэгээд бид хоёр маргалдаад Х.З- намайг гэрээс хөөгөөд гаргасан. Би буцаад гэрт орох гэтэл гэрийн хаалга цоожилсон байсан. Би гэрийн хаалганы хажууд талын хатавчаар гараа оруулаад хаалганы түгжээг тайлах гэтэл Х.З- миний гарыг зүсэхээр нь хартал баруун гарын сарвууны хажууд зүсэгдээд цус гарч байсан гэжээ. / хх 17-18 /
Гэрч Х.Цэцэгмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 02 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай хашаанд хамт амьдардаг Тэгшсайхан нь манай гэрт ороод ирчихсэн, манай охин Уранцэцэг орилохоор нь сэрээд харсан чинь Тэгшсайхан нь гэрт орж ирээд гэрийн баруун доод хэсэгт хажуу тийшээ хараад хэвтчихсэн байсан. Би хартал цус гоожоод байхаар нь юу болсон талаар асуухад Тэгшсайхан нь "Би хутгалуулчихлаа" гэж хэлээд өөр зүйл яриагүй.Тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэжээ. / хх 18 /
Яллагдагч Х.З- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Б.Тэгшсайхан надад үлдсэн байсан 20.000 төгрөгийг “ Миний мөнгө. Би авна “ гээд хэрүүл хийсэн. Бид хоёр хамт ажиллаж олсон мөнгө байгаа юм. ...Би түүний гарыг хутгаар зүсэж, гэмтэл учруулсан гэжээ. / хх 4 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3175 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Тэгшсайханы биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 28-29 /
Шүүгдэгч Х.З-г 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 03-04 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 45 / зэрэг болно.
Шүүгдэгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Х.З- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүртйн 11 дүгээр хороо, Алтайн 25 дугаар гудамжны 46 тоотод нөхөр болох хохирогч Б.Тэгшсайхантай “20.000 төгрөг өг гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гаран тус газар нь хутгалж, баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Х.З-гаас 20,000 төгрөг өгөөч гэхэд өгөхгүй намайг гэрээс хөөгөөд гаргасан. Би гэрийн хаалганы хажууд талын хатавчаар гараа оруулаад хаалганы түгжээг тайлах гэтэл Х.З- миний гарыг зүссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Тэгшсайханы мэдүүлэг / хх 15-16 /, ... Тэгшсайхан нь гэрт орж ирээд хажуу тийшээ хараад хэвтчихээр нь хартал цус гоожоод байхаар нь юу болсон талаар асуухад "Би хутгалуулчихлаа" гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Х.Цэцэгмаагийн мэдүүлэг / хх 17-19 /, ... Б.Тэгшсайханы биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.02-ны өдрийн 3175 дугаар дүгнэлт / хх 28-29 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Х.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.З-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.З- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 700 / долоон зуу / нэгж буюу 700.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.З- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Тэгшсайхан нь нэхэмжлэх зүйл гомдол саналгүй / хх 75 / гэсэн тул төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.З-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Х-н З- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Х.З- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.З- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ