| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/0715/И |
| Дугаар | 130/ШШ2016/00756 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2016/00756
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар баг, А гудамж, 9-3 тоотод оршин суух, утас **********, РД:*************** Х овогт Пийн Лгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У /дарга С.А, утас **********/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн У хэлтсийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Ут 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хэлтсийн даргын 52-тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан хүний оронд байнгын ажлын байранд томилогдсон юм. Тухайн орон тоонд хэвийн ажиллаж байхад бүтцийн өөрчлөлтөөр У албанд статистикийн байгууллагыг нэгтгэсэнтэй холбогдуулан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 он 4 дүгээр сарын 04-ний өдрийн 22 тоот тушаалаар Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 223-р тогтоолын дагуу гэрээгээр гүйцэтгэж, төсвөөс цалинжиж байсан юм. Ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газартай Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хугацаагүй байгуулсан болно. Гэтэл Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх тухай 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах хэмжээний тухай Засгийн Газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын, Оюуны өмч, У ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2016 оны А/16 тоот тушаал, У Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36-р тушаалын 3 дахь хэсэг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 49 тоот тушаалаар үйлчлэгч ажилтай П.Л намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.1-д зааснаар орон тооны цомхтголын журмаар ажлаас чөлөөлсөн боловч миний бие 10 дугаар сарын 07-ныг хүртэл ажилласан юм. Гэтэл саяхан Оюуны өмч, У Ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн У хэлтсийн орон тоог баталж ирүүлэхэд П.Л миний ажиллаж байсан орон тоог дахин буй болгож баталсан байх бөгөөд У хэлтсийн дарга тухайн орон тоонд өөр хүн томилон ажиллуулсан байх юм. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болсон нь тогтоогдсон бол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан юм. Энэ үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн П.Л намайг цомхтгосон орон тоо дахиад 3 сар болоогүй байхад шинээр бий болсон байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д зааснаар эгүүлэн томилох үүрэгтэй билээ. Гэтэл У хэлтсийн дарга тухайн орон тоонд гаднаас шинээр хүн авч томилсон нь хууль зөрчсөн явдал болж байна. Мөн миний бие бүтцийн өөрчлөлтөөр, орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Ажлаас халагдсан тэтгэмжийг тушаалаар шийдвэрлэж өгөөгүй учир ажлаас бүрэн утгаар чөлөөлөгдсөн гэж үзэхгүй байна. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасны дагуу Пийн Л намайг Баян-Өлгий аймгийн Ут үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч П.Л шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие Хөвсгөл аймагт төрж өсөж 1986 онд арван жилийн боловсролоо эзэмшсэн. 2004 оноос 2008 онд Улаанбаатар хотод аялал жуулчлалын менежерээр төгсөж 2009 оноос эхэлж Баян-Өлгий аймагт ирж амьдарч байгаа. 2009 оноос 2013 он хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. 2013 онд хамгийн анх Ут жирэмсэн хүний оронд түр орж ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл гэрээтээр 3 удаа ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан Хадан гэдэг хүний оронд бүр орон тоонд ажилд орсон байгаа. Тэгээд ажилдаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргалгүй ажиллаж байтал саяхан 2016 оны 9 дүгээр сарын үед байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоог маань цомхтгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан. Энэ хуулийнхаа заалтын дагуу одоо байгаа дарга маань гаднаас өөр хүн авч ажиллуулсан байлаа. Энэ хүн ажлаа хийгээд явж байгаа. Хуулиар бол намайг эгүүлэн авч ажиллуулах ёстой. Одоогоор миний оронд Бердигүл гэдэг хүн ажиллаж байгаа. Тийм учраас намайг хуучин ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн У хэлтсийн дарга С.А шүүхэд гаргасан тайлбартаа: П.Л нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу тус газарт 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төсөвт байгууллагын зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулан үйлчлэгчээр ажилд орсон байдаг. Тус газрын дээд удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөж Оюуны өмч, У ерөнхий газар болсноор ерөнхий газрын даргын Б/36 дугаар тушаал гарч, уг тушаалыг үндэслэн төрийн үйлчилгээний болон гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан зарим ажилтнуудыг ажлаас чөлөөлсний нэг нь үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгэж байсан П.Л юм. П.Лгийн ажил үүрэг гүйцэтгэж байсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэн байгуулсан хөдөлмөрийн гэрээ биш бөгөөд уг албан тушаал 3 сарын дотор дахин бий болсон нь П.Лг ажилд эгүүлэн авах үндэслэл болохгүй гэж үзнэ. Ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний зарим зүйл заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг жишиг болгож тусгасан байх бөгөөд тэр нь уг гэрээ бүрэн утгаараа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана гэсэн ойлголт биш юм. Иймд П.Лгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн У хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ут П.Л гэдэг хүн ажилд ороод ажилласан байдаг. Гэхдээ нь хамгийн сүүлд байгуулсан гэрээ нь ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гэсэн Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг үндэслэн гэрээ байгуулж ажилд орсон байдаг. Тэгээд орон тооны цомхтгол гэдэг маань дэд хоёр байгууллагын салж нийлсэн асуудалтай холбоотой байдаг. Дээрээс ирсэн албан бичгийг үндэслээд П.Лг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ хүнийг ажлаас чөлөөлсний дараа сарын гаруйн дараа тэнд урьд нь үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэйг авч ажиллуулсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэсэн заалт байдаг. Гэхдээ У хэлтсийн даргын тайлбарлаж байгаагаар бид бол хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гэрээ хийсэн. Тэр гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг иш татаж хэрэглэсэн юм. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын дотор тэр орон тоог бий болгосон асуудалд П.Лг авч ажиллуулах бололцоо байхгүй. Гэрээний хувьд өөр гэрээ байгуулагдсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Тэрхүү тайлбарыг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч П.Л нь Баян-Өлгий аймгийн У хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай тушаалаар тус хэлтсийн үйлчлэгчээр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон байна.
Тус газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 он 4 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай тушаалаар П.Лтай төсвийн байгууллагад зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулахаар тогтоож, сарын цалинг 350000 төгрөгөөр цалинжуулахыг зөвшөөрсөн байна. Үүний дагуу ажил олгогч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь нэхэмжлэгч П.Лтай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Уг Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээний 1.6-д гэрээг хугацаагүй байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасантай нийцэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан Оюуны өмч, У Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын 3 дахь хэсэг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай Төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал болон уг тушаалын хавсралтаар үйлчлэгч ажилтай П.Л нарын нэр бүхий 10 хүнийг ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.Л нь Баян-Өлгий аймгийн Ут үйлчлэгчээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан гэж тайлбарлаж байгаа ба үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй болно.
Мөн хариуцагч талын шүүхэд бичгээр ирүүлсэн үйлчлэгчийн орон тоо 3 сарын дотор дахин бий болсон нь П.Лд буцаж үйлчлэх үндэслэл болохгүй гэсэн тайлбараар Баян-Өлгий аймгийн Ут үйлчлэгчийн орон тоо дахин бий болсон нь нотлогдож байна.
Хариуцагч тал ажил олгогч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь нэхэмжлэгч П.Лтай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ нь хөдөлмөрийн гэрээ биш гэж маргаж байгаа боловч уг гэрээний агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлтэй нийцэж байна. Үүнд уг гэрээний ерөнхий нөхцөл, 4.1, 6.1, 6.2, 7.1 дэх заалтууд нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл мөн байна.
Нэхэмжлэгч П.Л нь орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар П.Лг ажлаас чөлөөлөхөд түүний үйлчлэгчийн орон тоо нь хасагдсан эсэхийг тушаалд тодорхой тусгаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй байна.
Мөн Оюуны өмч, У Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар болон Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай Төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад үйлчлэгч ажилтай П.Лгийн орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д заасан аль үндэслэлд хамаарч байгааг тодорхой заагаагүй байна.
Иймд нэхэмжлэгч П.Л нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн байгууллагад үйлчлэгчийн орон тоонд ажиллаж байсан бөгөөд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь аймгийн У болж өөрчлөн зохион байгуулагдаж, бүтэц, орон тоог шинэчлэгдсэн боловч нэхэмжлэгч П.Лгийн ажиллаж байсан үйлчлэгчийн орон тоо дахин бий болж хэвээр байгаа болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа тул П.Лг үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн У хэлтсийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:*************** Х овогт Пийн Лг Баян-Өлгий аймгийн У хэлтсийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Л нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн У хэлтсийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК