Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 119

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч А.Баясгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Мөнхбат,

Шүүгдэгч Ц.И, түүний өмгөөлөгч Ж.Я /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0013/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар И-д холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1905000000958 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0байрны 0 тоотод оршин суух урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяашагналгүй, хэрэг хариуцах чадвартай, И

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ц.И нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн гадна иргэн Ё.Э-ыг маргааны улмаас түлхэж подвалны шат руу унагасны улмаас эрүүл мэндэд нь сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс доорх цус хуралт, арын голтын цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.И-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг үйл явдал ойлгомжтой, тодорхой, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Амь хохирогчийг элэгний хатуурлаас болоод нас барсан гэх дүгнэлт 2 удаа гарсан. Ар гэрийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Учир нь Монголд ийм амархан элэгний хатуурлаас болж нас барсан гэхэд итгэхгүй байна. Шатнаас унаад нас барсан гэдэгт итгэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бид дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэхэд заавал экскумаци хийнэ гэж хэлсэн. Гэр бүлийн зүгээс ярилцаад экскумаци хийхийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан учраас дахин дүгнэлт гаргуулаагүй. Энэ асуудал үүсээгүй байсан бол ах маань амьд байх байсан. Нотлох баримтаар гаргаж өгсөн зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.И-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үйл явдал ахмадын эмнэлгийн гадаа болсон. Амь хохирогч манай эхнэрийг муулаад над руу агсраад миний цээж рүү цохисон. Би дахиад цохих гэхээр нь нэг гараараа түлхтэл тэнцвэрээ алдаад, улмаар тэнцвэрээ олохгүй байсаар унасан. Тухайн үед үйл явдал хурдан болж өнгөрсөн болохоор би амь хохирогчийг барьж авч амжаагүй. Подваль руу унасан байх үед нь нэг залуу гарч ирээд энэ хүнээ авахгүй бол цагдаа дуудлаа гээд байсан. Би талийгаачаас босч чадах эсэхийг нь асуутал нуруу эвгүй болчихлоо босож чадахгүй байна гэсэн. Би Э-аас одоо яах вэ гэж асуутал цагдаа ирж байгаа бол чи яв гэсэн. Би нөгөө залууд ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд явсан. Гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна, хохирогчтой энгийн сайхан найз нөхдүүд байсан. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа 7.630.600 төгрөгийн зардлыг нөхөн төлнө. Хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг,

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ээж надад хэлэхдээ ахын чинь нуруу гэмтсэн нугас нь тасарсан, нурууны яс мяцарсан байна гэж хэлсэн. Мөн орой нь ээж дахин над руу утсаар яриад маргааш нурууны хагалгаанд орох болсон. Энэ шөнөдөө би эгчтэй чинь хамт сахиж хонохоор болсон гэж хэлсэн. Манай ах 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хагалгаанд орсон бөгөөд 13-ны шөнийн 03 цагийн үед ээж над руу утасдаж эмнэлэг дээр ирсэн нь дээр байх гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэг рүү явах замд манай аав над руу залгаад ахыг нас барсан талаар хэлсэн. Талийгаач ах маань үе үе архи уудаг байсан. Тийм болохоор элэг муу байсан байж магадгүй. Тэрнээс бол архаг хууч өвчингүй байсан. Би бодохдоо хүнд гэмтэл аваад нас барсан гэж бодож байгаа...” /хх-ийн 47 тал/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө манай эхнэр Бадамцэцэг Е.Э бид хоёрт хандан “та хоёр архи дарсаа боль” гэж хэлсэн. Манай эхнэр хүүхдээ сургуулиас нь авах 10 цагийн үед гараад явахаар нь дэлгүүрээс 0.5 граммын Хараа архи аваад гэртээ орох гэтэл эхнэр ирчихээр нь Оршихоо, Э бид 3 сааданд суугаад авсан архиа уусан. ...Э  бид хоёр О-оос салаад явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Ахмадын эмнэлгийн  урд талын подвал руу ороход байдаг хажуу цементний тавцан дээр суугаад анх авсан нөгөө том пивоо хоёулаа хувааж уугаад сууж байтал Э манай эхнэрийг хогийн хүүхэн чи давраачихсан юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юуг нь надад хэлдэг юм гэж хэлээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тэгээд бид хоёр маргалдаж байсан бөгөөд Э намайг цохих гээд гараа далаахаар нь би түлхчихсэн чинь Э арагшаа подволын шат руу доошоо нуруугаараа уначихсан. ...Би бууж очоод гайгүй юу гэж асуутал миний бие эвгүй байна гэж хэлсэн. Найзыгаа үүрээд явах гэтэл Э чи согтуу байгаа юм чинь яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би явлаа шүү гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102, 104-105, 106-107 тал/,

Гэмтэл согог үндэсний төвийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг 46 минутад үзүүлсэн гэх осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас  /хх-ийн 12 тал/,

Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаа Д.Бибишийн “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 25 минутад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Ахмадын эмнэлгийн подвальд хүн уначихлаа гэсэн дуудлага мэдээллийг шалгахад Э нь найз И-тай маргалдан улмаар подвал руу түлхсэн байсан. И цагдаа ирэхэд зугтаасан бөгөөд 17 цаг 50 минутад 2315 УБЧ улсын дугаартай автомашинтай 103-ийн эмч Баярсайханд хүлээлгэн өгсөн...” гэх илтгэх хуудас /хх-ийн 16 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Гэрч Ц.Т-г өрөөнд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Э-ыг түлхэж унагаасан гэх хүн энэ дотор байгаа эсэхийг зааж өгнө үү, сайн харна шүү буруу хүн таньж болохгүй гэж хэлж асуухад гэрч Ц.Т таниулж буй хүмүүс рүү харж байснаа 4 гэсэн дугаартай Ц.И-ыг зааж энэ хүн мөн байна. ...тухайн өдөр би ажил дээр байж байхад энэ бүх асуудал болсон. Тэр үйл явдал болоод 2 хонож байгаа учраас хараад шууд таньж байна...” гэх, ...Гэрч Х.Ж-ийн өрөөнд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Э-ыг түлхэж унагаасан гэх хүн энэ дотор байгаа эсэхийг асуухад 3 дугаартай Ц.И-ыг зааж энэ хүн мөн байна гэж заав. Танигдагч нарын байрлалыг солиход 2 гэсэн дугаартай Ц.И-ыг дахин заав. Гэрч Х.Ж-с та Ц.И гэж ямар содон шинж тэмдэгээр нь таньж байгаа юм бэ гэж асуухад би энэ ахын гадаад өнгө үзэмж, царайг нь хараад шууд таньж байна гэж хэлж байв...” гэх /хх-ийн 27-36 тал/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд,

Mэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Ахмад настан хүүхдиийн эмнэлгийг зааж, талийгаачтай пиво хувааж ууссан гэх сандал, талийгаачийг түлхэж унагаасан подвалын хана хэсгийг зааж, подвол руу буух шатаар өөрөө бууж талийгаач энд хэвтэж байсан гэж подвалын доод  тал буюу В1 давхар луу орох хаалганы урд хэсгийг заав...” гэх /хх-ийн 37-43 тал/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд,

Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн орой 7 цагийн үед Ахмад настан хүүхдийн эмнэлгийн В1 давхарт ариутгалын ажлаа хийж байсан. Би эмнэлгийн мэс засал хийдэг багж хэрэгслүүдийг ариутгахаар В1 давхар руу оруулж ирж байхаар би урдаас нь гартал В1 давхар руу уруудаж ордог шатны дээрээс 45 орчим насны эрэгтэй хүн унаад ирсэн. Би тухайн хүнээс зүгээр эсэхийг нь асуухад нэг ч үг дугараагүй. Дээрээс 40 орчим насны эрэгтэй, бор савхитай, гартаа пиво барьсан согтуу хүн бууж ирээд “би найзыгаа санаандгүй цохисон чинь уначихлаа, хойно нь ийм өндөр шат байсан гэдгийг мэдсэнгүй” гэж хэлсэн. Би тухайн хүнд найзыгаа авч яваад эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Унасан эрэгтэй хүн “миний нуруу өвдөөд байна, босож чадахгүй байна” гэхээр нь би 103 дуудсан...” гэх /хх-ийн 48-49/ мэдүүлэг,

Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт ажлаа хийж байсан. ...Би тамхи татах цэг дээр тамхиа асаах гээд байж байхад уг хоёр залуу сандаасаа босоод хоорондоо маргалдаад заамдалцаад барьцалдаад авсан би “хөөё” гээд очиж явахад уг хоёр залуугийн биеэрхүү залуугийн арай туранхай шардуу царайтай, зуйвандуу толгойтой бараан хувцастай тавчигтай байсан залуу нь нөгөө бордуу царайтай бор подволктой бараан өмдтэй залуугаа алгадахад уг бордуу царайтай бор подволктой бараан өмдтэй залуу нь бараг 3 метр өндөр подволь руу уруудаж ордог шаттай хэсэг руу уначихсан. Тэгээд цохисон залуу нь цаашаа явахаар нь би араас нь очоод найзыгаа очиж ав түргэн тусламж дуудаж өгөхгүй юм уу гэсэн. Уг цохидог залуу би ийшээ явчихаад ирье гэсэн би тийм юм байхгүй хүн цохиж унагаачихаад яагаад явах гээд байгаа юм бэ болохгүй шүү дээ гээд дагуулаад уг унасан залуу руу очиход цээжээрээ хагас дээшээ харчихсан хөл нь тахимаараа нугаларсан байсан. Цохисон залуу нь газар хэвтэж байсан залуугаа миний найз босчих гээд цамцныхан мөр хэсгээс нь татахад уг газар унасан залуу аймаар өвдөөд байна хөдөлж болохгүй байна жаахан хэвтмээр байна гэсэн...” гэх /хх-ийн 50-52 тал/ мэдүүлэг,

Шинжээч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амь хохирогчийн нуруу нугалмын гэмтэл нь нурууны хэсгээр унах үед багана нуруу дарагдах, шахагдах үед үүснэ. Амь хохирогч дээрхи гэмтлүүдийг аваагүй байсан тохиолдолд элэг хатуурал, ээнэгшил алдагдлын улмаас нас барах байсан. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг авсан нь ээнэгшил алдагдал нь гүнзгийрсэн. Талийгаач нь элэгний хатуурал өвчингүй байсан бол дээрхи гэмтлүүдийн улмаас нас барахгүй байх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1998 дугаартай “...талийгаачид сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс дорхи цус харвалт, арын голтын цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, унах үед үүсэх боломжтой. Шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Гэмтэл үүссэн даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Талийгаач дээрх гэмтлийн улмаас үхэлд хүрээгүй байна. Талийгаач нь элэг хатуурал өвчтэй, уг өвчин нь ээнэгшил алдагдлын шатандаа орж элэгний дутагдлаар нас баржээ. Цус нь 1 бүлэг байна. Эмнэлэгт эмчлэгдсэн тул согтолт үзсэнгүй...” гэсэн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ /хх-ийн 63-65 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1348 дугаартай “...Талийгаач сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин задрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс дорхи цус хуралт зэрэг гэмтэл авсан нь талийгаачийн элэг хатуурах өвчин ээнэгшил алдагдлын шатанд орон нас барахад шууд нөлөөлөөгүй. Харин Гэмтэл согог үндэсний төвд хүргэгдэн ирэхдээ согтолттой байсан нь элэгний хатуурал, ээнэгшил гүнзгийрэхэд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаачийн гэмтэл, элэг хатуурал ээнэгшил алдагдал шалтгаант холбоогүй. Талийгаач хүнд зэргийн гэмтэл авч цус алдсан нь элэг хатуурал ээнэгшил алдагдал үүсэхэд нөлөөлөөгүй. Талийгаач дээрх гэмтлийг аваад шууд үхэлд хүрээгүй бөгөөд элэгний хатуурал өвчин үгүй байсан тохиолдолд гэмтлийн явц эмчилгээ эдгэрэлтээс хамаарах байсан ба доод мөч, аарцгийн эрхтнүүдийн саажил үүсэх тул үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байх байсан...” гэсэн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-ийн 76-78 тал/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 12419 дугаартай амь хохирогчийн өвчний түүх /хх-ийн 113-124 тал/,

Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 158 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон баримт /хх-ийн 166 тал/,

Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 167-168 тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ишням, амь хохирогч Ё.Эрхэмбаяр нар нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба мөн өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн гадна амь хохирогчтой “...эхнэрийг муу хэллээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг түлхсэний улмаас хохирогч подвалын доод хэсэг рүү унаж, эрүүл мэндэд нь сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс доорх цус хуралт, арын голтын цус хурал гэмтэл учирсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн 1998, 1348 дугаартай дүгнэлтүүд, хохирогчийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч Ё.Э-ын үхлийн шалтгааныг шүүгдэгч Ц.И-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, элэг хатуурлын өвчин нь ээнэгшил алдагдлын шатандаа орж элэгний дутагдлаар нас барсан болохыг тогтоосон байх ба үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэхэд заавал экскумаци хийнэ гэсэн. Экскумаци хийхийг хүлээн зөвшөөрч чадахгүй тул дахин дүгнэлт гаргуулаагүй...” талаар мэдүүлж байх тул шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.И-ын буруутай үйлдлээс буюу хохирогчтой “эхнэр муулсан” гэх шалтгаанаар маргалдаж, түлхэж унаагасан үйлдлийн улмаас хохирогч Ё.Э-ын эрүүл мэндэд “сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс дорхи цус харвалт, арын голтын цус хурал” бүхий гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдримйн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-т “...сээр, бүсэлхийн нугалмын гэмтэл Үүнд: сээр, бүсэлхийн нугалмын их биеийн хугарал, мултрал, нумны хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан, нугалам хоорондын жийргэвч мөгөөрс гэмтсэнээс нугас дарагдсан гэмтэл хамаарах...” гэж зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч хохирогчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан түүнийг түлхсэн үйлдэл нь хохирогчид хохирол учруулах гэсэн шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хоёр шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч хохирогчийг түлхсэн үйлдэл тодорхой боловч үүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдээгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

              Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь амь хохирогч Ё.Э-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл болно.

              Иймд эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой холбоотой зардлыг хор уршигт тооцон нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй хэдий ч амь хохирогч нь өөрт учирсан гэмтэлдээ эмчилгээ үйлчилгээ авч чадаагүй, хэрэг учрал болсноос хойш хоёрхон өдрийн дараа тогтоогдсон гэмтлээс өөр шалтгаанаар нас барсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон.

              Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.И нь “...гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна, хохирогчтой энгийн сайхан найз нөхдүүд байсан, би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа зардлыг нөхөн төлнө. Хохиролгүй болгоно...” гэж мэдүүлж оролцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн “...буян цайллага 1.250.000 төгрөг,  буяны үйлчилгээ болох 2.250.000 төгрөг, зэдний багцад зарцуулсан 4.130.600 төгрөг…” гэх нийт 7.630.600 төгрөгийг шүүгдэгч Ц.И-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-д олгохоор шийдвэрлэх нь хохирогч, шүүгдэгч нарын эрх ашигт төдийгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх ...эрүүл мэндэд ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.И нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ц.О, Ц.Х нарын мэдүүлэг /хх-ийн 56-59 тал/, шүүгдэгч Ц.И-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 139 тал/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 144, 149-150, 153-155 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 151 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 152 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, гэм буруутайд тооцож байсан шийтгэх тогтоолуудыг шинжлэн судласан болно.

            Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.И нь ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй байх бөгөөд урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн үйлдэлд тохирно гэж дүгнэж, 3 жил /гурав/-ийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

   Шүүгдэгч Ц.И энэ хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 4 сар 21 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу  түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч Ц.И нь тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусаагүй, 212 цагийн үлдэгдэл ялтай болох нь хэргийн 174 дэх талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3/29482 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар 635 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 26 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.И-ын биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 26 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-д 3 /гурван/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 212 /хоёр зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жил хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.И-ын биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил, 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.И-д оногдуулсан 3 /гурван/ жил 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.И-ын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 4 сар 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-аас 7.630.600 /долоон сая зургаан зуун гучин мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА