Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00240

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Шинэ төгрөг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00931 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Шинэ төгрөг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 31 282 686 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  О.Мягмарсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Намсрайжав,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Түвшинтамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэ төгрөг” ББСБ-иас Х.Эрдэнэсоёл нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 10/2013 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр зээлдэгч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нар нь 207715 ам.долларыг “Шинэ төгрөг” ББСБ-иас зээлэн авч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Магда төв 46 дугаар дэлгүүрийн 65 м.кв талбай, зоорийн давхар, газар эзэмших эрхийн хамт иргэн Ц.Ганхүүгээс худалдан авч, өөрийн нэр дээр эдгээр хөрөнгийг шилжүүлэн авсны дараагаар уг хөрөнгийг банкны барьцаанд тавин зээл авч, авсан зээлээрээ зээлдүүлэгчээс авсан зээлээ буцаан төлөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан болно. Зээлдүүлэгч нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Шинэ төгрөг” ББСБ-ын зарлагын баримтаар 350 000 000 төгрөг буюу 207715 ам.доллар /тухайн үеийн ханш 1685 ам.доллар/-ыг нэг сарын 4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлдэгч Х.Эрдэнэсоёлд олгосон байдаг. Улмаар зээлдэгч Х.Эрдэнэсоёл нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ төлж чадаагүй бөгөөд зээлдэгч нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгуулахаар манай ББСБ-д хүсэлт гаргасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 15-наас 2013 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 10/2013 дугаартай нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн гэрээний хугацааг сунгасан. Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулсан бөгөөд хэлцэл байгуулах үед өмчлөх эрхийн гэрчилгээ зээлдэгчийн нэр дээр гаргаагүй байсан тул зээлдэгч нь хоёр сарын хүү болох 35 993 333 төгрөгийг төлсөн юм. Төлбөр барагдуулах тухай хэлцлээр зээлдэгч нь зээлж авсан 350 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулах үүргийг хүлээсэн, мөн энэ хугацаанд зээлийг төлж чадахгүйд хүрвэл 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 133 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний худалдан авагчийн эрхээсээ бүрэн татгалзаж, худалдан авагчийн бүхий л эрхээ төлбөр авагч “Шинэ төгрөг” ББСБ-д үл маргах журмаар шилжүүлэх замаар зээлийн төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон. Зээлдэгч Х.Эрдэнэсоёл нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн зээлээс 200,000 ам.доллар буюу 350 000 000 төгрөг /ханш 1750 төгрөг/-ийг төлсөн болох нь кассын орлогын мэдүүлгээр нотлогдоно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Х.Эрдэнэсоёл нь 7,715 ам.доллар буюу 15 414 570 төгрөг /ханш 1998/-ийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ нь харилцагчийн дансны хуулга болон зээлдэгч Х.Эрдэнэсоёлын өргөдлөөр хангалттай нотлогдож байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт: “... зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ...” гэж заасан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг ойлгоно. Зээлийн хүүг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тооцвол 7,942 ам.доллар буюу 15 414 570 төгрөгийн 4 хувь буюу 616 500 төгрөг нийт 25 сар 22 хоног 15 868 116 төгрөгийг зээлийн гэрээний хүүд төлөх үүрэгтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж хуульчилсны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Монголбанкнаас 1 ам.долларын ханшийг 1998 төгрөгөөр зарласан бөгөөд зээлийн гэрээний үлдэгдэл 7,715 ам. долларыг монгол мөнгөнд шилжүүлбэл 15 414 570 төгрөг болж байгаа бөгөөд зээлийн хүүд 15 868 116 төгрөгийг зээлдүүлэгчид хууль болон гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байна. Иймд зээлдэгч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 15 414 570 төгрөг, зээлийн хүү 15 868 116 төгрөг нийт 31 282 686 төгрөгийг гаргуулж, манай ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Шинэ төгрөг” ББСБ-тай 350 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалттайгаар зээлж авахаар харилцан тохиролцсон бөгөөд уг зээлийн гэрээг байгуулах өдөр тус ББСБ нь 350 000 000 төгрөгийг тухайн өдрийн ханшаар хөрвүүллээ гээд зээлийн гэрээг 207715 ам.доллараар хийсэн боловч, 350 000 000 төгрөгийг кассын зарлагын баримтаар Х.Эрдэнэсоёлд хүлээлгэн өгсөн юм. Талууд зээлийн гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцож байх үедээ 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн төлбөрийг барагдуулах асуудлыг тодорхой болгох үүднээс төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан ба энэ хэлцлээр төлбөр төлөгч Х.Эрдэнэсоёл нь зээлийн 2 сарын хүү болох 35 933 333 төгрөгийг төлсөн болохыг баталгаажуулж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан болно. Тухайн үедээ талууд Х.Эрдэнэсоёлд хүлээлгэн өгсөн зээлийн мөнгөн дүн буюу 350 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгах үүргийг хүлээлгэсэн бөгөөд энэ нь төлбөр барагдуулах хэлцлийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалтад төлбөр төлөгч нь 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлж авсан 350 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээж байна гэж зааснаар тогтоогдож байна. Ингээд зээлдэгч Х.Эрдэнэсоёл нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 350 000 000 төгрөгийг “Шинэ төгрөг” ББСБ-д бүрэн төлж дуусган, төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн атал тус ББСБ нь бүтэн 2 жилийн дараа ам.долларын зөрүүгээр их хэмжээний зээлийн төлбөрт биднийг унагаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талууд хэдийгээр зээлийн гэрээний мөнгөн дүнг 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ам.доллараар тодорхойлсон боловч, зээлийг монгол төгрөгөөр хүлээлгэн өгсөн болохыг харилцан ярилцаж тохиролцоод, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд 350 000 000 төгрөгийг бүрэн төлж дуусгаснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах болохыг баталгаажуулан гэрээ хэлцэл байгуулсан болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь ам.долларын зөрүү гэж 7,715 ам.долларыг зохиомлоор үүсгэн, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад өнөөдрийг хүртэл бүтэн 2 жилийн хүү тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нар талуудын харилцан тохиролцсон гэрээний хугацаанд, гэрээний дагуу хүлээн авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд “Шинэ төгрөг” ББСБ-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт нийт 31 282 686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь 7,715 ам.долларын тухайд гадаад валютын ханшийн өсөлтөөс бий болсон мөнгөн дүн гэж тайлбарлаж буй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч гадаад валютын ханшийн зөрүүг төлөх үүргийг хүлээгээгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д зээлдэгч нь валютын зээлийг төгрөгөөр буцаан төлөхдөө ханш буурсан, өссөн тохиолдолд анх зээл авахад тохирсон ханшаар төлнө гэж заасны дагуу зээлдэгч нь 207,715 ам.долларыг 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Монголбанкны ханшаар буюу 1 ам.долларыг 1685 төгрөгөөр тооцож, 350 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байгааг шүүхээс анхаарахыг хүсье. Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийг ам.доллараар бэлнээр олгосон гэж маргадаг боловч Х.Эрдэнэсоёл нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулагдсан өдөр 350 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаагаас гадна нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийг ам.доллараар олгосон тухай 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн кассын зарлагын мэдүүлэг дээрх гарын үсэг иргэн Х.Эрдэнэсоёлын гарын үсэг, бичгийн хэвийн загвартай тохирохгүй байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №5410 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Иймд хариуцагч нар нь тус ББСБ-тай хэдийгээр зээлийн гэрээг ам.доллараар тохиролцож байгуулсан боловч зээлийн мөнгийг зээл олгосон өдрийн Монголбанкны ханшаар тооцож төлөх үүргийг гэрээний дагуу хүлээсэн болохоо төлбөр барагдуулах гэрээгээр дахин баталгаажуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч валютын ханшийн өсөлтөөс бий болсон 7,715 ам.долларыг хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.           

 

               Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК-ийн хариуцагч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нарт холбогдуулан гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 7,715 ам.доллар буюу 15 414 570, зээлийн хүү 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 7,942 ам.доллар буюу 15 868 116 төгрөг нийт 31 282 686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 364 /гурван зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зээлдэгч нарт 207,715 ам.долларын зээлийг ямар ч барьцаа, баталгаагүй өгсөн учраас бид зээлийг эрсдэлтэйд тооцож нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэж үзээд 10-аад хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 17-нд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээнд “ханш буурсан тохиолдолд зээлийг төгрөгөөр буюу 350 000 000 төгрөг, ханш өссөн тохиолдолд 207,715 ам.доллар төлнө” гэсэн тодотгол бүхий нэмэлт нөхцөлийг зээлийн гэрээний 2 дугаар хуудасны ард гараар бичин зээлдэгч нарын хамт гарын үсэг зурсан. Мөн зээлийн гэрээг гэрчилсэн 45 дугаартай нотариатч гэрээний бүртгэлийн 1621 дугаарт гэрээг бүртгэн гэрчилснийг нотлох бүртгэлийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан. Уг бүртгэлд Г.Үлэмжжаргал “Шинэ төгрөг ББСБ” ХХК-ийг төлөөлсөн нь харагдаж байгаа юм. Нотариатчийн зүгээс Г.Үлэмжжаргалыг тус байгууллагын төлөөлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээг гэрчлэхдээ оролцуулсан нь түүнд тус байгууллагыг төлөөлөх эрх байсны нотолгоо юм. Нэхэмжлэлийг нотлох хангалттай  нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх тэдгээрийг харьцуулан тал бүрээс нь харж бүхэлд нь нэгтгэн дүгнэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхийн оронд Г.Үлэмжжаргал, Б.Туяа нар гэрээнд өөрчлөлт оруулах, төлөөлөх эрхтэй нь нотлогдоогүй, өөрчлөлт оруулсан хэсэгт тамга, тэмдэг дарагдаагүй,  нэхэмжлэлээ нотлоогүй гэж нотлогдсон үйл баримтыг илтэд үгүйсгэсэн. Зарим тохиолдод ойлгомжгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарснаар хүчин төгөлдөр болно гэж заасан хэдий ч хууль үүнийг шаардаагүй. Иргэний хуулийн 42, 196 дугаар зүйлийн 196.1.2-т ч мөн ийм агуулга бүхий заалт бий. Иймд тамга тэмдэг дарагдаагүй гэдэг үндэслэлээр гэрээнд өөрчлөлт оруулсныг тооцохгүй байгаа шүүхийн дүгнэлтийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн зээлдэгч анх зээлийг ам.доллараар авахаар тохиролцож гэрээгээ хийчихээд мөнгөө авахдаа түүнийгээ төгрөгт шилжүүлэн авсан нь өнөөдрийн энэхүү маргааны эх үүсвэр болсон бөгөөд энэ нь эхнээсээ бодож төлөвлөсөн үйлдэл байсан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК нь хариуцагч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 31 282 686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК нь 207 715 ам.долларыг зээлдүүлэх, зээлдэгч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нар нь мөнгөн хөрөнгийг 4 хувийн хүүтэйгээр зээлдэн авч, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 12-16 дугаар тал/

 

            Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заасан тул талууд зээлийн гэрээний үүргийн хэмжээг ам.доллараар тохиролцсон нь хууль зөрчөөгүй болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 350 000 000 төгрөг, зээлийн хүүд 35 933 333 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 21 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үед ам.долларын ханш 1685 төгрөг байсан тул 207 715 ам.долларыг зээлдэгчийн хүсэлтээр төгрөгт хөрвүүлж 350 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх талуудыг зээлийн гэрээний үүргийг ам.доллараар тооцохоор тохиролцсон гэж дүгнэсэн нь зөв.

 

            Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.5-д “зээлдэгч валютын зээлийг төгрөгөөр төлөхдөө ханш буурсан, өссөн тохиолдолд анх зээл авахад тохирсон ханшаар төлнө” гэж зааснаар зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 192 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэрээний нөхцөлийн агуулгыг тайлбарлах журамд нийцэхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

            Зээлийн гэрээнд заасан уг заалт гэрээний ар талд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Ханш буурсан тохиолдолд төгрөгөөр буюу 350 000 000 төгрөг, ханш өссөн тохиолдолд ам.доллараар буюу 207 715 ам.доллар төлнө” гэж заан зээлдэгч нар гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн баримт, уг баримтын талаар дараа дараагийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хэлцлүүдэд дурдсантай харьцуулан үзэхэд зээлийн үүргийг ам доллараар тогтоон үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцохоор тохиролцсон гэж үзэхээр байна. /хх-ийн 14 дүгээр тал/ Уг тохиролцоо бүхий баримтыг талууд тухайлан тохиролцож үйлдсэн байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй, уг нөхцөлийг хариуцагч буюу зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтой эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Иймд талууд зээлийн гэрээний 4.5-аар тохиролцсон ханш тооцох аргачлалд талууд 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хэлцлээр өөрчлөлт оруулсан гэж үзнэ.

 

            Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл  байгуулж, уг хэлцлээр зээлийн мөнгөн хөрөнгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буцаан төлөх хугацааны талаар тохиролцохдоо “…350 000 000 төгрөгийг 2013 оны 11 сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гэж дурдсан байх боловч үүний дараа үйлдсэн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээний уг сунгалт” гэх  баримтад “… зээлийн үлдэгдэл 207 715 ам.доллар ба үндсэн гэрээний нөхцөлүүд, гараар бичсэн нэмэлт нөхцөл хэвээр байна” гэж тохиролцсон байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ам долларын монгол төгрөгт харьцах ханшаар тогтоох талаар гаргасан тайлбар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт нийцнэ. /хх-ийн 18, 20 дугаар тал/

 

            Зээлдэгч нар  2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 350 000 000 төгрөг төлсөн ба тухайн үеийн ам.долларын ханш 1 748,19 төгрөгөөр тооцоход 200 206 ам.долларыг төлөгдсөн гэж үзэхээр байна. Иймд зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 7 509 ам.долларыг /207 715 – 200 206 = 7 509/ төлөөгүй байх тул нэхэмжлэл гаргах үеийн ханш 1 998 төгрөгөөр тооцож 15 002 982 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /хх-ийн 53 дугаар тал/

 

            Талууд зээлийн гэрээгээр тохиролцсон хүү төлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэгч энэ талаар заагаагүй тул хүү төлөх үүргийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Харин Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндсэн зээлийн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах үүргийг зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдэд хүлээлгэсэн байна. Талуудын хоорондын гэрээнд үндсэн зээл, гэрээний хугацаанд төлөх хүүгийн талаар заасан боловч хэтэрсэн хугацааны хүүгийн талаар заагаагүй байх тул нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний хугацаа дууссан  2013 оны 10 дугаар  сарын 14-ний өдрөөс хойш хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын  28-ны өдрийн 182/ШШ2016/00931 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нараас 15 002 982 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16 279 704  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

            2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 364 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 232 964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шинэ төгрөг ББСБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 364 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                  ШҮҮГЧИД                                               Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ