| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2017/0664/Э |
| Дугаар | 895 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 895
М.М.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ш.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1386 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцлээр М.М.Ад холбогдох эрүүгийн 1706016460081 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Сартуул овогт Мөнхзулын М.А, 1996 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Ээж хайрханы 0-000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000000000/,
М.М.А нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний орой Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Генерал” баарны гадна Г.Г.Дтай маргалдан түүнийг зодож зүүн гарын шуу тус газар пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.М.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өөрт учирсан гэмтлийг эмчлэхэд гарсан зардлын талаарх баримт, урагдсан цамц, футболк зэргийг үнэлээгүй, гэм хор, хохирлын талаар бүрэн шалгаж тогтоогоогүй. 2. Мөрдөн байцаалтад буцаасан хэргийн захирамжид заасан зүйлүүдийн дагуу огт ажиллагаа хийгдээгүй. 3. Яллах дүгнэлт, яллах дүгнэлтийн хавсралт дээр яллагдагчийн нэр хоёр өөр бичигдсэн байх тул М.М.Ад холбогдох 1706016460081 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэргийн хамт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэг прокурорт очтол М.М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсэгт “...зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хуульчилж өгсөн байхад мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” хэргийг дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ шүүхээс “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл Цагаатгах тогтоол”-ын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ. Мөн шүүгч захирамж гаргахдаа мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байгаагаас гадна хуульд байхгүй “Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж” гаргасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна.
2. Шүүгч 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1260 дугаартай шүүгчийн захирамжид заасан зүйлүүдийн дагуу огт ажилллагаа хийгдээгүй гэсэн нь: Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан хэрэгт тавигдах нөхцөл шаардлагуудыг хуульд заавал хялбаршуулж шийдвэрлэхээр тусгайлан заасан хэргүүдтэй адилтган үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаана гэсэн ойлголтгүй хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй учир захирамжид заасан ажиллагааг хийх боломжгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж болно”, 1.2-д заасан “яллагдагч энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана”, 1.3-д заасан “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэнд хохирлоо нөхөн төлсөн баримт эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж заасан байхад яллагдагчийн хүсэлт байхгүй байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ огт өгөөгүй байхад хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэж ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэж заасан байхад прокурор тогтоол гаргаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “прокурор хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулна” гэж заасан ажиллагаа хийгдээгүй, хохирогчид танилцуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаарх ажиллагаа хийгдээгүй байна” гэж заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэх заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам”-д зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл анги бүхий гэмт хэрэг бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах шаардлагагүй юм.
Прокуророос яллагдагч М.М.Ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд хохирогч хүлээлгэх хариуцлагын талаар хүсэлт гаргаагүй тул танилцуулах шаардлагагүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хүсэлт гаргасан хохирогчид танилцуулж гарын үсэг зуруулна” гэж заасан байгаа болно.
3. Яллах дүгнэлтийн хавсралтын хэсэгт яллагдагчийн нэрийг буруу бичсэн нь бичиг техникийн алдаа бөгөөд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсгийг баримтлан “Яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг засуулах тухай” хүсэлтийг шүүхэд гарган зөвтгөх бүрэн боломжтой юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1386 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн…” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
М.М.Ад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М.М.Ад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.
Иймд шүүх, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, М.М.Ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1386 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.М.Ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч М.М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Д.МЯГМАРЖАВ