| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05668/И |
| Дугаар | 4813 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 4813
| 2016 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/04813 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ...тоотод оршин суух, ... регистртэй, Г.А. Б.,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ...дугаар гудамжны .. тоотод оршин суух, .. регистртэй, Тайж ургийн овогт Ю.Т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,612,100 /арван зургаан сая зургаан зуун арван хоёр мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /ШТҮД:0146/, Г.А /ШТҮД:0147/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Ю.Т-тэй 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг энэ өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцож 10,000,000 төгрөгийг Ю.Тэ-гийн Хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн. Уг зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Ю.Т нь уг зээлж авсан мөнгөнөөс 7,300,000 төгрөгийг өгсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг зэргийн бүгд 4,700,000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрч намайг хохироож байна. Иймд Ю.Т-гээс дээрх төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн хамт гаргуулахаар анх шаардсан.
Ю.Т нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 4,700,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны хооронд төлж барагдуулахаа баталсан баталгаа гаргаж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөлгүй намайг хохироож байна. Би эцэг Д.Атай хамтран Хаан банкнаас бизнесийн зээл авч Ю.Т богино хугацаатай хүүтэй зээлдүүлсэн боловч Ю.Тэс шалтгаалан эргэлтийн хөрөнгөгүй болж эргэн төлөлтийн мөнгийг Хаан банкинд хугацаанд нь өгч чадахгүйд хүрч банкны хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү зэрэгт их хэмжээний мөнгийг төлөх болчихоод хохироод байгаа болно. Зээлийн гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 200 хоногийн хоног тутмыг 0,5 хувийн хүү нь 100,000,000 төгрөг болох бөгөөд үнийн дүнгийн 50 хувиар бодож 6,000,000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Ю.Тгийн надаас авсан 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт Хаан банкинд төлөхийн тулд 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Бээс 3,500,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөг зээлсэн ба одоог хүртэл хүүг нь төлж байгаа; 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А.Бгийн ээмгийг 96,300 төгрөгөөр үнэлэн ломбарданд тавьж банкны хүү төлсөн; 2016 оны 1 дүгээр сарын 15-нд Д.Аын тэтгэврийн зээлийг 18 сарын хугацаатай 4,526,700 төгрөг авч Хаан банкны хүү төлсөн; 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ж.Бийн тэтгэврийн зээлийг 5 сарын хугацаатай 1,240,100 төгрөг авч Хаан банкны хүү төлсөн; 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Ам болон Ж.Бийн ээмэг, бөгж гэх мэт зүйлсийг 749,000 төгрөгөөр үнэлэн ломбарданд тавьж банкны хүү төлсөн. Мөн 2016 оны 5 дугаар сараас Хаан банкны хүүг төлж чадахгүйд хүрч банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингаа хураалгахад хүрсэн. Иймд Ю.Т дээрх 16,612,100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэмж гаргуулан А.Бнадад олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.
Би Хаан банкнаас аав Д.Ам хамт 63,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч эргэлтэнд оруулах зорилготойгоор зээлдүүлсэн боловч одоог хүртэл бүрэн авч чадаагүй байна. Хариуцагч хариу тайлбартаа үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг байгаа гэж бичсэн боловч гэрээний нөхцөл заалтын дагуу өдрийн 0,5 хувийн хүү, алданги тооцно гэж баталгаажуулсан. Хүү, алдангиа тооцоход 6 сарын хугацаанд 9,000,000 төгрөг болсон. Үүнийг 50 хувиас хэтрэхгүй гэж тооцож 4,500,000 төгрөг алдангид нэхэмжилсэн. Хариуцагч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүйгээс болж би банкны эргэн төлөлтөө төлж чадахгүйд хүрж бусдаас мөнгө зээлэх, гэр бүлийн гишүүдийн эд зүйлийг ломбарданд барьцаалах, эцэг эхээ тэтгэврийн зээл авахуулах зэргээр хохирол учирсан учир түүний төлсөн 2,000,000 төгрөгийг хасаад 14,612,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хаан банкнаас би мужаан цех байгуулах зорилготойгоор зээл авсан, мужаан цех буюу ажлын объектоо байгуулсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хэрвээ мөнгөн дүнгээр Ю.Тэгшдүүрэн хохирлыг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан Мицубиши маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хангуулахыг даалгаж өгөхийг хүсье гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү авна гэж заасан тохиолдолд А.Б нь Ю.Т-с хүү авах эрхтэй болно. Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл нийт 4,700,000 төгрөг нэхэмжилсэн. Дараа нь 7 дугаар сарын 05-ны өдөр 12,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч хэлэхдээ би Хаан банкнаас зээл авч, авсан мөнгөнөөсөө Ю.Тд 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэдэг. Ю.Т зээлээ хугацаандаа төлөөгүйгээс А.Ба Хаан банкнаас зээлж авсан зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй болж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан төрсөн эгчийнхээ эд зүйлийг ломбарданд тавьж, өөрийн эцэг эхийнхээ тэтгэврийн зээлийг хугацаанаас нь өмнө авахуулж, Хаан банкны хүүг төлсөн. Үүнийг нэхэмжлэгч Ю.Т өөрөөс нь зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөөгүйгээс болж, Хаан банкнаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг төлж чадаагүйгээс учирсан хохирол гэж үзэн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ю.Тэгшдүүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ю.Т надаас 16,612,100 төгрөг гаргуулах тухай А.Б-ийн нэхэмжлэлий хүлээн авч, дараах тайлбарыг гаргаж байна. Би А.Б-тэй 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөг зээлж аваад, 2015 оны 6 дугаар сарын 15-нд 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-нд 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 11-нд 2,000,000 төгрөгийг тус тус А.Б-ийн Голомт банкны 1...тоот дансанд тушаасан. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр А.Б-д өгөх бүгд 1,800,000 төгрөгийг /100,000: 200,000; 1,500,000-аар хувааж/ хар хавтастай тэмдэглэлийн дэвтэр дээр түүний аав Амгаабазарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримт нь байгаа. Мөн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А.Б-д 1,500,000 төгрөг тус тус бэлнээр өгч мөнгө хүлээн авсан талаар тэрээр гарын үсгээ зурсан. Ийнхүү үндсдэн зээл 9,300,000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээл 700,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг тус тус төлөх ёстой. Үндсэн зээлээс төлөгдөөгүй байгаа 700,000 төгрөгөөс алданги төлөхөд татгалзахгүй. Харин нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 16,612,100 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. А.Б-ийн бусдаас зээлж аван төлж байгаа гэсэн банкны зээлэнд төлж буй төлбөрүүд надад хамааралгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бнь хариуцагч Ю.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс учирсан хохирол нэмж шаардан, нийт 16,612,100 /арван зургаан сая зургаан зуун арван хоёр мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаснаар нэхэмжлэлийн шаардлага 14,612,100 төгрөг болжээ.
Хариуцагч Ю.Т нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн гэрээний үндсэн төлбөр 700,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, алдангид зээлийн үндсэн төлбөрөөс тооцуулан төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч А.Баянсүх нь 10,000,000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч Ю.Тнь зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Ю.Т-гийн өмчлөлийн ...лсын дугаартай Мицубиши Чаллэнжэр маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх 3,4/
Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгджээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 9,300,000 төгрөгийг төлж, хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч А.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ю.Т нь үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөгөөс хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцохыг зөвшөөрнө гэж тайлбарласан.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх боловч энэ хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю.Т-ийн нийт гүйцэтгээгүй үүрэг болох 2,700,000 төгрөгийн 50 хувь буюу 1,350,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид гэрээний нийт дүн 10,000,000 төгрөг дээр хүүгийн төлбөр 2,000,000 төгрөгийг нэмж нэгтгэн, нийт дүнгийн 50 хувиар тооцон 4,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийг хэсэгчлэн биелүүлсэн байх бөгөөд түүний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,700,000 төгрөг байх тул дээрх үндэслэлээр түүний хариуцагчаас алдангид илүү шаардсан 3,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч А.Баянсүх нь хариуцагч Ю.Тэгшдүүрэнгээс гэрээнээс учирсан хохиролд Д.А-рын Төрийн банктай байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, Ж.Б-гийн Төрийн банктай байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрүүдийн хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээнүүдийг нотлох баримтуудад үндэслэн нийт 7,412,100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ю.Т эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн бусдаас зээл авч төлж байгаа нь түүнд хамааралгүй гэж тайлбарлан маргасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.
Нэхэмжлэгч А.Баянсүх нь өөрийн эцэг Д.Амгаабазарын хамт Хаан банкнаас нийт 63,000,000 төгрөгийн бизнесийн зээл авснаас 10,000,000 төгрөгийг хариуцагчид богино хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тогтоогдсон. Хаан банктай байгуулсан зээрх бизнесийн зээлийн гэрээнд хариуцагч Ю.Т оролцоогүй, уг гэрээтэй холбоотой аливаа хариуцлага хүлээгээгүй байх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанаас өөр бусад зээлийн гэрээтэй холбоотой хохирол гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээнээс учирсан хохиролд шаардсан 7,412,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн боловч нэхэмжлэгч үүнийг шаардаагүй байх тул шүүх хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... регистртэй, Тайж овогт Ю.Т-гээс 4,050,000 /дөрвөн сая тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гомбожав хаван овогт А.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,562,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА