Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                            

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,  

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэлмээ овогт Б-н Д-д холбогдох эрүүгийн 1909031350234 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан 6 дугаар баг, Ханжаргалан 11 дүгээр гудамж 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЖЮ 97010676З / Зэлмээ овогт Б-н Д- нь:

 

- 2019 оны 08 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 691 тоотод оршин суух хохирогч Ц.Ганцэцэгээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Утсаар чинь ярьчихаад өгье гэж” хуурч улмаар Самсунг Жи-6 плас маркийн гар утсыг залилан авч, бусдад 454.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Ганчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн орчимд гэртээ байж байхад миний ээжийн дүүгийн хүүхэд болох Б.Д- нь манайд байж байгаад надад хандаж “Эгчээ. Гар утсаа өгч бай. Утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэхээр нь гар утсаа өгсөн чинь гадаа гарч утсаар ярьж байгаад явчихсан. Тэгэхээр нь араас нь гараад дуудсан чинь зугтаачихсан. Тэгээд эргэж ирээгүй. Огт холбоо бариагүй. Би 2019 оны 03 дугаар сард Дархан-Уул аймгийн Мобиком ХХК-иас лизингээр худалдан авсан ба 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлээ төлж дуусгасан гэжээ. / хх 13-15 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-29 /

 

Яллагдагч Б.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эгчийнхээ гар утсыг худлаа хэлж аваад тэр чигтээ явсан. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй, мөнгө хэрэгтэй байсан тул эгчийнхээ гар утсыг зарах гэж авч явсан. Гар утасных нь хайрцгийг зурагтын шүүгээн доор нь байхад аваад цүнхэндээ хийчихсэн байсан. Ломбарданд тавихдаа гар утсыг хайрцаг савгүй тавьсан. Хайрцаг нь тэгж байгаад хаягдсан байсан гэжээ. / хх 52-54 /

 

Шүүгдэгч Б.Д-ыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 53-55 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 22 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн оройн 21 цагийн орчимд хохирогч Ганцэцэг эгчийн утсыг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед мөнгө хэрэгтэй болсон тул эгчийн биед байсан утсыг “утсаар яриад өгье” гэж хэлээд аваад явсан. Тухайн утсыг “Ардын эрх”-д байрлах ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Уг мөнгөнөөс 200.000 төгрөгийг найздаа өгсөн. Үлдэгдэл мөнгөөр писи тоглоом тоглосон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Д- 2019 оны 08 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 691 тоотод оршин суух хохирогч Ц.Ганцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Утсаар чинь ярьчихаад өгье гэж” хуурч улмаар Самсунг Жи-6 плас маркийн гар утсыг авч, бусдад 454.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... “Эгчээ. Гар утсаа өгч бай. Утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэхээр нь гар утсаа өгсөн чинь гадаа гарч утсаар ярьж байгаад явчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Ганчимэгийн мэдүүлэг / хх 13-15 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-29 /, ...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эгчийнхээ гар утсыг худлаа хэлэ аваад ломбарданд тавьсан гэж мөрдөн яллагдагч Б.Д-ын мэдүүлэг / хх 52-54 / зэрэг болно.

           

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан хуульд заасан 350 / гурван зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 176 цагийг хасаж, үлдэх 174 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  Б.Д-аас 454.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ганцэцэгт олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зэлмээ овогт Б-н Д-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Б-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 / гурван зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Д-ын цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 174 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Д-аас 454.600 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ганцэцэгт олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Б.Д- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ