Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

     2020          02           06                                    2020/ШЦТ/133

 

           

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч А.Баясгалан,

Хохирогч Э.Х, түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3024/,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 1905036121252 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ширхэгийн буян ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл-8, эцэг, эх, дүү, дүүгийн 2 хүүхэд, дүүгийн нөхрийн нарын хамт, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж 0 дугаар байрны 0тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй. Э.Мандах.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Э.М нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хувийн авто машинаар такси үйлчилгээнд явж байгаад иргэн Э.Х-ийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрмонбилэг зочид буудлын гадна хүргүүлж буухдаа автомашинд нь мартаж буусан гээгдэл эд хөрөнгө болох Айфоне Икс-Эс загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М-ыг “...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр такси үйлчилгээнд явж байгаад иргэн Э.Х-г Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрмонбилэг зочид буудлын гадна хүргэж өгсөн байх ба түүний буухдаа автомашинд нь мартаж буусан Айфоне Икс-Эс загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, хохирогч Э.Х-д 2.100.000 / хоёр сая нэг зуун мянган / төгрөгний хохирол учруулсан болох нь шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч Э.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Нарны гүүрний хажуугаас такси бариад Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрмон зочид буудлын хажууд буугаад жолоочид 2000 төгрөг өгсөн. Таксинд явж байхдаа жолооч нь би чамайг хүргэж өгч байя гээд өөрийнхөө дугаарыг бичсэн цаасыг надад өгч байсан. Би дугаараа бичээд өгсөн цаасыг аваад буусан. Би таксинд явж байхдаа Айфоно Икс-Эс маркийн гар утсаа гартаа бариад таксины мөнгөө өгөх гэж байхдаа гар утсаа мартаад буусан байсан. Би тэгээд таксины жолоочийн цаасан дээр бичиж өгсөн 898830301 гэсэн дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би эгчийнхээ 88151248 дугаараас “Би таны машинд гар утсаа мартсан байна миний гар утсыг авчраад өгөөч, би чамд шагналын мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Улмаар би цагдаагийн байгууллагад өргөдлөө өгөөд маргааш нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны FIND IPHONE гэсэн хайлтын апплейкшинг татаж аваад өөрийнхөө алдагдсан утасны id кодыг хийгээд байршил тогтоодог апплейкшинг идэвхижүүлээд орхичихсон байсан чинь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9 цагийн үед миний утасны хонх дугараад алдагдсан утас маань Баянгол дүүргийн 17-р хороо нутаг дэвсгэрт байрлах Жалханз Худагтын гудамжинд ассан байршил тогтоогдсон. Тэгээд утасны байршил хамгийн сүүлд Тэди худалдааны төвд очоод байршил зогсоогоод алдагдсан гар утсыг маань унтраасан байсан. Тэгээд байж байсан чинь таксины жолооч манай эгчийн 88151248 дугаар луу 94478973 дугаараас мессэж бичээд “алдагдсан утасны дэлгэцний кодоо өгчих би чамд 300.000 төгрөг өгий” гэж хэлж байсан. Тэгэхээр би “тохиролцъё“ гэж хэлсэн чинь “тэгвэл чи надад 800.000 төгрөг өгөөд өөрийнхөө утсыг ав” гэж хэлснээ чи утасныхаа дэлгэцийн кодыг хэл би дансруу чинь 300.000 төгрөг өгий хэлж байсан. Тэр бид 2-ын асуудал тохиролцолд хүрэлгүй таксины жолоочтой холбоогүй болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа холбоо бариад чи надад 500.000 төгрөг өгөөд  Айфоне Икс Эс маркийн гар утсаа ав гэж хэлж байсан. Тэгээд таксины жолооч М гэх залуу би чам руу дансны дугаар явууллаа, чи мөнгөө шилжүүл гэж хэлээд дансныхаа дугаарыг мессэжээр явуулаад, би таксины жолоочийн ах эгч хоёртой уулзаад байж байтал таксины жолоочийн ах эгч хоёр чи М руу мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би таксинд суусан. Таксины жолооч болох М надтай ярьж байгаад миний утасны дугаарыг авсан. Би 2000 төгрөг өгөөд эгчийн гэр рүү ортол утсаа алга хаячихсан байсан. Би өөрийн утас руугаа залгаад миний утсыг өгчих гэтэл өгөөгүй. Би байршил тогтоодог программ ажиллуулаад орхиход маргааш орой нь хаана байгаа нь мэдэгдсэн. Энэ утас миний утас мөн байна. Гадна талаасаа харахад ямар нэгэн эвдрэл гэмтэл алга. Би утсаа алдаагүй байсан бол өмгөөлөгч авахгүй байсан, наашаа цаашаа ирж очих гээд зөндөө жижиг зардал гарсан боловч баримтгүй тул нэхэмжлээгүй. Өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын дундуур манай дүү М залгаад 17 цаг өнгөрч байхад 94112958 дугаар луу залгаад би таксинд явж байгаад утас оллоо. Тэр хүн нь надад утсыг нь өгвөл шагнал өгнө гэсэн, уулзаад шагналын мөнгийг нь аваад өгөөч гээд М намайг Гандангийн буудлаас аваад явахад хар өнгийн гар утас өөрт нь байсан. Би тухайн утасны маркийг сайн тодорхой мэдэхгүй. Тэгээд утасны эзэн нь над руу мобайл банкаар мөнгө шилжүүлнэ гэж байсан. Утасны эзэн эмэгтэйтэй уулзсан чинь тэр эмэгтэй цагдаатай хамт ирсэн байсан. Би цагдаа болон утасны эзэн гэх эмэгтэйтэй хамт цагдаагийн байгууллагад ирсэн. Мандах ирнэ гэж надад хэлээд зугтаагаад явчихсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Гэрч Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Х, М нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 55 тоотод амьдардаг. Х утсаа хайгаад олохгүй байхаар нь Х-ийн 90955455 дугаарын гар утас руу залгахад хүн авсан боловч юм дуугараагүй салгасан. Х-ыг таксинаас буух үед таксины жолооч гэх залуу өөрийн утасны дугаараа үлдээсэн байсан. Тус дугаар руу залгахад утсаа авсан боловч юм дугаралгүй салгасан. Дахин залгахад холбогдох боломжгүй байсан. Маргааш нь таксины жолооч залуугийн утас асахаар нь болсон учир явдлын талаар хэлэхэд би аваагүй гээд маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

Гэрч Н.Ө-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 66-75 тал/

Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гар утас Iphone XS 64gb нэг ширхэг нь 2.100.000 төгрөг...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 тал/

Эд зүйлийн мэдээлэл /хх-ийн 22 тал/,

Хохирогч Э.Х-аас гаргаж өгсөн FIND IPHONE программ ашиглаж алдагдсан гар утасны байршил тогтоосон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-81тал/

Яллагдагч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Эрмон зочид буудал руу явсан юм. Тухайн үед өөрийнхөө машинд суулгаад тэр эмэгтэй хүнтэй ярилцаж байхад өөрийгөө ХААИС-ийн оюутан байнгын такси барьж явдаг гэж ярьж байсан бөгөөд буулгахдаа хоёулаа танилцъя би чамайг хүргэж өгч байя гэж хэлээд өөрийнхөө тухайн үед барьж байсан гар утасныхаа дугаарыг өгөөд салаад явсан юм Тухайн өдрийнхөө орой утсаа цэнэглээд гар утасаа асаатал нэг хүн над руу залгаад гар утсыг минь авчирч өг гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь би чиний гар утсыг мэдэхгүй гээд тасалчихсан юм. ...Тухайн үед би өөрийн автомашины лизингийг төлөх шаардлагатай болчихсон байсан учраас надад мөнгө хэрэгтэй болсон, тэгээд намайг доромжлоод байсан учраас тэр эмэгтэй хүнд худлаа ярьж мөнгө нэхэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би хохирогчийг утсыг авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч над руу дайраад хэл амаар доромжлоогүй байсан бол утсыг нь аль эрт өгчих байсан. Өмнөх мэдүүлэгтээ цагдаа сэргийлэхээс айгаад аваагүй гэж хэлсэн юм. Одоо гар утас нь байгаа тул хүлээлгэж өгмөөр байна. Энэ гар утас кодтой учир нээж чадаагүй, яг анх байснаараа байгаа...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд хамаарна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Баянгол дүүргийн 19 хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч Л.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 50-52, 61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.М нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Тоёота приус-30 загварын 79-86 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслэлээр такси үйлчилгээнд явсан байх ба үйлчилгээ аваад буухдаа гээж орхисон байсан хохирогч Э.Х-ийн эзэмшлийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, улмаар тухайн гар утсны кодыг нэхэх, мөнгө нэхэх зэргээр хохирогчид буцаан өгөхгүй завшсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр хохирогчоос утасны код, мөнгө нэхэж буй үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Мөн гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Э.Х-ийн  гар утас нь 2.100.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 24-26 дэх талд авагдсан Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогджээ.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.М-ас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 20-21 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд шүүгдэгч Э.М “...Гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Х-д 2.100.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Ашид Билгүүн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М нь хохирогч Э.Х-д хулгайд алдагдсан эд зүйл болох Айфоне Икс-эс загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн.

Иймд хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэж, шүүгдэгч Э.М-аас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хохирогч Э.Х нь шүүх хуралдаанд өмгөөллийн хөлс гэж 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь хэрэгт өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг төлсөн гэсэн баримт байхгүйгээс гадна хохирогч өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.М нь гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Э.М нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 250 дугаартай захирамжын дагуу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн үндэслэлээр нийт 6 хоног цагдан хоригдсон байна.

Иймд шүүгдэгч Э.М-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, цаг хугацаа, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч Э.М-ыг 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас 48 цагийн ялыг хасч, шүүгдэгч Э.М-ын биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 312 /гурван зуун арван хоёр/ цагаар тогтоох үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Э.М-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 312 /гурван зуун арван хоёр/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М-д мэдэгдсүгэй.

5. Хохирогч Э.Х-ийн өмгөөллийн хөлсний зардал гэх 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Э.М нь гээгдэл эд хөрөнгийг хохирогч Э.Х-д буцаан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА