| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05877/И |
| Дугаар | 4759 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 4759
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/04759
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ..тоотод оршин суух, регистртэй, Боржигин овогт Л.М,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ..байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Цэцүнг овогт П.М холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.М нь 2014.10.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн хүүнд ... тоот улсын бүртгэлтэй, Баянгол 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, ...байрны .. тоот 67,2 м.кв 3 өрөө орон сууцыг хөлслүүлэх нөхцөлтэй, төлбөрийг зээлийн хүүнд тооцохоор тохиролцож, 2014.10.06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч нь гэрээний хугацаа дуусан байхад нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сард өөрийн нэр дээрх Баянгол 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, ... байрны ...тоотод байрлах 3 өрөө орон сууцыг тавилгын хамт Л.М 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн боловч би өгөх ёстой 20,000,000 төгрөгийг өгч чадахгүй байна. Гэрээний хугацаа дууссан боловч орон сууцнаас гарахгүй, байр чөлөөлж өгөхгүй байна. Зээлийн гэрээний алдангид 10,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч П.М 2017 оны 7 дугаар 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч Л.М нь хариуцагч П.Мийн өмчлөлийн Ү-... тоот улсын бүртгэлтэй, Баянгол 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол,...байрны ... тоот 67,2 м.кв 3 өрөө орон сууцанд хариуцагчийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 22,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүртэл хугацаагаар зээлийн хүүнд уг орон сууцыг үргэлжүүлэн хөлслөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч П.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч П.Ма 2017 оны 7 дугаар 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч Л.М нь хариуцагч П.Мгийн өмчлөлийн Ү-2205040980 тоот улсын бүртгэлтэй, Баянгол 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, ... байрны ... тоот 67,2 м.кв 3 өрөө орон сууцанд хариуцагчийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 22,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүртэл хугацаагаар зээлийн хүүнд уг орон сууцыг үргэлжүүлэн хөлслөхөөр тохиролцсныг дурдах нь зүйтэй.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л.Мын нэхэмжлэлтэй, П.М холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,968,397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч П.М 2017 оны 7 дугаар 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 153,975 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 153,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА