Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4504

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр            Дугаар 102/ШШ2016/04504                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж-6, Хан-Уул Тауэр .. дугаар давхар ..тоотод байрлах, .. регистртэй “Арияа” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, ...тоотод байрлах, .. регистртэй “Дагшин Харгуй” ХХК-д холбогдуулан,

Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 313,539,746 /гурван зуун арван гурван сая таван зуун гучин есөн мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Арияа” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дагшин Харгуй” ХХК нь тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Асфальт бетон хольц нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулж, 153,936,000 төгрөгийн үнийн дүнтэй 1152.44 тн өнгө асфальтыг, 63,825,580 төгрөгийн үнэ бүхий 35.69 тн суурь асфальтыг тус тус худалдан авсан бөгөөд дээрх нийлүүлсэн 2 төрлийн асфальт бетон хольцын нийт төлөх төлбөр 217,761,580 төгрөг болсон юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2-ийн 3 дахь хэсгээр төлбөр төлөх хугацааг тохирсон бөгөөд хариуцагч нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөх үүргийг уг гэрээгээр хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй юм. Манай зүгээс худалдан авсан асфальт бетон хольцын төлбөрөө төлөхийг хариуцагчаас байнга шаардаж байсан бөгөөд тус компанийн захирал Д.Ц өнөөдөр маргааш, тун удахгүй Нийслэлийн авто замын газраас санхүүжилтийн мөнгө орж ирэх гэж байгаа уг мөнгийг авмагц төлнө гэсээр өдийг хүргэсэн бөгөөд бодит байдал дээр “Дагшин Харгуй” ХХК нь Нийслэлийн авто замын газраас санхүүжилтийн мөнгөнийхөө 90 хувийг авсан атлаа манайд маш бага хэмжээний буюу 5,910,400 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Дагшин Харгуй” ХХК-ийн захирал Д.Ц-той уулзалт зохион байгуулж төлбөрийг хэзээ, хэрхэн яаж төлөх талаар ярилцахад онгоц буух талбайн ажлыг хийсэн, уг ажлын хөлс ИНЕГазраас удахгүй орж ирэхээр төлнө гэсэн боловч төлөөгүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс манай компани “Шунхлай” ХХК-иас зээлээр авсан шатахууны төлбөрийг, “Евробитум” ХХК-иас авсан битумны мөнгийг тохирсон хугацаандаа төлж чадахгүйд хүрч, эдгээр компаниуд шүхэд хандан төлбөр, алданги нэхэмжилснээс болж их хэмжээний хохирол хүлээх боллоо. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хариуцагчийн захиалгийн дагуу асфальт бетон хольцийг нийлүүлсэн тул нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 211,851,180 төгрөг, гэрээний 3.12-т захиалагч үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алдангийг төлөх үүрэгтэй, мөн 6.3-т захиалагч нь бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон нийлүүлэгчид алданги төлнө гэж тус тус зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгээр алдангид 101,688,566 төгрөг, нийт 313,539,746 төгрөгийг хариуцагч “Дагшин Харгуй” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс 14,089,600 төгрөгийг 2013 оны гэрээний үлдэгдэл төлбөрт суутгаж авсан бөгөөд үлдэх 15,910,400 төгрөгийг 2015 оны гэрээний дагуу нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасч тооцсон байгаа. Иймд хариуцагч компаниас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар үндсэн төлбөр 211,851,180 төгрөгөөс хариуцагчийн 2016 оны 2 дугаар сард төлсөн 10,000,000 төгрөгийг хасч тооцон 201,851,180 төгрөг, үүн дээр гэрээнд заасны дагуу алданги 98,099,586 төгрөг, нийт 299,950,766 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Манай байгууллага хариуцагчтай “Тооцоо нийлэх гэрээ” байгуулаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд зааснаар 2 байгууллагын хооронд өглөг, авлага үүссэн бол тооцоо нийлдэг журамтай. Энэ журмын дагуу 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ тооцоо нийлсэн актаар гэрээний үлдэгдэл төлбөр 231,851,180 төгрөг гэдгийг баталгаажуулсан. Алдангийг талууд гэрээгээр тохирсон байгаа. Гэрээний нэг тал үүргээ гүйцэтгэхгүй бол хариуцлага тооцдог арга хэмжээ бол алданги юм. Нэгэнт гэрээгээр алданги төлөхөөр тохирсон тул хариуцагч алданги төлөхгүй гэх үндэслэл үүсэхгүй. Гэрээ хугацаатай бөгөөд хариуцагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир алданги тооцсон байгаа гэж тайлбарлан мэтгэлцэв.

Хариуцагч “Дагшин Харгуй” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компани талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний дагуу бараа материал хүлээлцсэн акт, тэдгээрийн чанар стандартын байдал, илэрсэн зөрчил дутагдал, худалдагчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг судалж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дараа шүүхэд дэлгэрэнгүй тайлбар гаргах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ актаар 2013, 2015 онуудын төлбөрийн үлдэгдэл нийт 231,851,180 төгрөг гэж тогтсон юм билээ. Үүнээс хойш хариуцагч байгууллага 30,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд одоогоор үндсэн төлбөрийн үлдэгдэл 201,851,180 төгрөг байгаа. Энэ төлбөрийн үлдэгдэл дээр хариуцагч тал маргахгүй, төлөхийг зөвшөөрч байгаа. Хариуцагч байгууллага энэ төлбөрийг санхүүгийн хүнд байдалд орсон, бүх юмаа зээлээр авчихдаг учир сүүлд нь төр засгаас хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж багагүй хугацаа ордог учраас төлж чадахгүй байгаа. Нэхэмжлэгчийн шаардсан 98,099,586 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Арияа” ХХК болон “Дагшин Харгуй” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Тооцоо нийлэх гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан гэрээ бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлэх гэрээгээр 231,851,180 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээсэн. Харин тооцоо нийлэх гэрээгээр ямар нэгэн алданги төлөх тухай тохиролцоогүй учир алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар анзыг бичгээр байгуулснаар шаардах эрх үүсдэг бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны гэрээн дээр алданги төлөхөөр тохироогүй учир алданги нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарлан мэтгэлцэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Арияа” ХХК нь хариуцагч “Дагшин Харгуй” ХХК-нд холбогдуулан, Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 313,539,746 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын албан ёсны хаяг өөрчлөгдсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд хэргийг шилжүүлэн, харъяаллын дагуу хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч “Дагшин Харгуй” ХХК нь нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Арияа” ХХК-д төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 211,851,180 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хассанаар 201,851,180 төгрөгийн төлбөр дээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцож 98,099,586 төгрөг, нийт 299,950,766 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч “Дагшин Харгуй” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу бүтээгдэхүүн хүлээн авсан болон үндсэн төлбөрийн үлдэгдэл 201,851,180 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боловч, алданги 98,099,586 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар “Асфальт бетон хольц нийлүүлэх” гэрээгээр нийлүүлэгчээс захиалагчид чанар стандартын шаардлага хангасан асфальт бетон хольцийг нийлүүлэх, захиалагч тал худалдан авсан бүтээгдэхүүний үнийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлөх, 1 тн өнгө асфальтийг 192,000 төгрөг, 1 тн суурь асфальтийг 182,000 төгрөгөөр тооцох, бүтэээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцож гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан, уг гэрээний дагуу талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 7-10/

Гэрээний дагуу нэхэмжлэгч “Арияа” ХХК-иас хариуцагч “Дагшин Харгуй” ХХК-д 153,936,000 төгрөгийн үнэ бүхий 1152.44 тн өнгө асфальт, мөн 63,825,580 төгрөгийн үнэ бүхий 350.69 тн суурь асфальт, нийт 217,761,580 төгрөгийн 2 төрлийн асфальт бетон хольцийг хүлээлгэн өгч, хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5,910,400 төгрөгийн нэг удаагийн төлөлт хийгдэж, 211,851,180 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд зохигчид үндсэн төлбөрийн талаар маргадаггүй.

Харин талууд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр харилцан тооцоо нийлж гаргасан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-ны дагуу хоёр байгууллагын хооронд 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хариуцагч байгууллага нь нийт 231,851,180 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тогтоож, хариуцагч “Дагшин Харгуй” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг төлснийг хасч, үлдэх 211,851,180 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дахин 10,000,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх 11, 58/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд хийгдсэн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан “Тооцоо нийлэх гэрээ” байгуулагдсан ба уг гэрээнд алданги тооцох талаар тусгаагүй учир нэхэмжлэгч байгууллага 98,099,586 төгрөгийн алдангийг хариуцагч байгууллагаас шаардах эрхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан “Тооцоо нийлэх гэрээ” нь талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар нэг тооцоо гаргаж, нийт дүнг тогтоож ажиллах тухай тохиролцоо байх бөгөөд энэ харилцаанд талууд бодитоор харилцан шаардлага гаргах буюу үүрэг хүлээсэн байхыг шаардахгүй. Тооцоо нийлэх гэрээ хэрэглэгдэх үндсэн тохиолдол нь төлбөр тооцооны гэрээний үндсэн дээр үүсэх банкны тооцоо нийлэх гэрээ хамаарна. Өөрөөр хэлбэл, Банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг зохицуулан, тооцоог нийлэх буюу эцсийн тооцоог гаргах ёстой хугацааг зааж харилцан тохиролцох харилцааг хэлнэ.

Гэтэл маргаан бүхий “Асфальт бетон хольц нийлүүлэх” гэрээний талууд Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны тушаалын хавсралтаар батлагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-ны дагуу харилцан тооцоо нийлж гаргасан актыг талуудын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр гаргах бөгөөд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд хэлцэлд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Гэтэл хариуцагчийн тайлбарласнаар тооцоо нийлэх гэрээний нэг тал гэх “Арияа” ХХК-ийн нягтлан бодогч нь маргаан бүхий тооцоо нийлсэн актыг гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн компанийг төлөөлж хэлцэл хийх эрх бүхий этгээд биш байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд маргаан бүхий тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу талуудын хооронд иргэний эрх, үүргийг шинээр үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилго агуулагдаагүй, харин тэдний хооронд үүссэн “Асфальт бетон хольц нийлүүлэх” гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийн үлдэгдлийг харилцан тооцож гаргасан байна.

Иймд шүүх хэрэгт цугласан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар мэтгэлцээнийг дүгнээд, нэхэмжлэгч “Арияа” ХХК нь хариуцагч “Дагшин Харгуй” ХХК-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 201,851,180 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр тохирсон алдангид 98,099,586 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... регистртэй “Дагшин Харгуй” ХХК-иас 299,950,766 /хоёр зуун ерэн есөн сая есөн зуун тавин мянга долоон зуун жаран зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арияа” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,725,648 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА