Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

 

 2020       05         25                                   2020/ШЦТ/392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

            улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Г.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911032460368 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Г.А, 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн удирдаач, хөгжимчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 0165 дугаар ангид хөгжим, салааны удирдаачаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 21 дүгээр байр, 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7-74 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .................

/яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 72 дугаар байрны 11 давхрын 168 тоот 3 өрөө байрыг өөрийн эзэмшлийн орон сууц гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Бүгд Найрамдах Хятад Ард улсын, Өвөр Монголын өөртөө засах орны иргэн Арунбатуд /Аrunbatu/ түрээслэн 6.180.000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 72 дугаар байрны 168 тоотод байх 3 өрөө орон сууцыг өөрийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн А.Цэндмаад 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, барьцаа хөрөнгө 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр болж өөрийн Хаан банкны 5031759668 дугаарын дансаар мөнгийг шилжүүлэн залилан авсан,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн түрээслэн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 72 дугаар байрны 168 тоотод орших 3 өрөө байрыг Бүгд Найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн С.Зунаа /ZHUO NA/-д миний байр тул түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 9.900.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 18.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

          Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Арунбатугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад Монгол Улсын Боловсролын их сургуулийн Урлагийн сургуульд магистр суралцахаар ирсэн. Ингээд түрээслэх байр хайгаад ах Тулгуур нь Ганзориг овогтой Алтан-Очир гэх залууг танилцуулж, уг залуу нь өөрийнхөө эзэмшлийн гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 72 дугаар байрны 11 давхар 168 тоот 3 өрөө байраа 7 сарын хугацаатайгаар 2 сарын цахилгаан, ус, халаалтны мөнгөтэй нийлээд нийтдээ 5.800.000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлээд улмаар бэлнээр Г.А гэх залууд би болон Сэргэлэн, Өвөр Монгол хүн, Тулгуур ах бид 4 хамт байхдаа 5.800.000 төгрөгийг тоолж өгсөн. Дээрх байрыг Сэргэлэн бид хоёр түрээслэж амьдрах гэж байсан. Г.Ат мөнгө өгөх үедээ Сэргэлэн мөнгийг бэлнээр Б.Алтан-Очирт өгч, би камерын бичлэг хийсэн. Г.А нь өөрийгөө Хилийн цагдаагаар ажилладаг гээд тухайн үед Хилийн цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас өмссөн байсан. Ингээд Г.Атой хамт дээрх байрыг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр очиж үзэхэд байранд нэг эмэгтэй байсан ба байрны хаалгыг Г.А өөрөө түлхүүрээр онгойлгож, бид нарт үзүүлсэн. Өөрийнхөө байр гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн оройн 20 цагийн үед би болон Сэргэлэн, Сүмийн нартай хамт дээрх байр луугаа орохоор ачаагаа аваад очтол хоёр эмэгтэй хүн байсан ба “бид нар энэ байрыг түрээслэдэг, мөн Г.А бид нарт түрээслүүлсэн” гэж хэлсэн. Ингээд бид нар Г.А гэх залуу дээрх байрыг давхар түрээслүүлсэн талаар мэдэж улмаар мөнгөө нэхэхэд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр Г.А нь буцааж өгсөн.  Дараа нь Г.Аын аав Ганзориг гэх хүн миний Хаан банкны 5653113448 дугаарын данс руу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс гадна Г.Атой 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орой Сэргэлэн, Г.А бид 3 орой хоол идэж байхад Г.А нь үлдэгдэл 5 сарын цахилгаан, ус, халаалтны мөнгө гэж 380.000 төгрөгийг бэлнээр зоогийн газар дотор авсан. Одоо Г.Аоос үлдэгдэл 2.180.000 төгрөгийг олж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/, 

Хохирогч А.Цэндмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк дээрээс Г.Очки гэх хаягнаас “байр орон сууц зарна, түрээслүүлнэ, түрээслэнэ, авна” гэсэн зарын групп-т “Соёл урлагийн их сургуулийн ард талд тавилгатай 3 өрөө байр түрээслүүлнэ” гээд 88515030 дугаарын утас бичсэн зар байхаар нь тухайн утас руу холбогдоод байрыг түрээслэхээр болоод тухайн байр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 72 дугаар байрны 168 тоотын 3 өрөө байрыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн үед үзэхээр очиход тухайн байранд Г.А гэх залуу байсан. Би тухайн үед төрсөн эгч А.Цэнгэлмаагийн хамт очиж байрыг үзэхэд Г.А нь байрандаа ганцаараа байсан ба “та манай байрыг түрээслэхээр бол би үлдэгдэл зүйлээ авчихнаа” гэж хэлсэн. Тухайн байрыг түрээслэхээр болоод Г.Атой орон сууц түрээслэх гэрээг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ба байрыг 1 сарын хугацаатай сарын 1.000.000 төгрөгөөр, урьдчилгаа 1 сарын барьцаа 1.000.000 төгрөгийн төлбөрийн хамт нийт 2.000.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Ингээд би дүү Гансүхийн Анугийн Хаан банкны 5920120859 дугаарын данснаас Г.А өөрийн Хаан банкны 5031759668 дугаарын данс руу нь 2019.10.12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019.12.13-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж залилуулсан. Г.А нь өөрийгөө Засгийн газрын ордонд тусгай ажилтнаар ажилладаг хэлж байсан ба өөрөө цэргийн ногоон өнгийн хувцас өмссөн байдалтай эгч А.Цэнгэлмаа бид хоёртой уулзаж байсан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байрандаа нүүж орох гээд Г.Атой цагаа тохироод тухайн байранд ирэхэд Г.А өөрийгөө “Мааньтаас 2 хоригдол оргосон, тэр ажиллагаа руу явж байна, та гэрийнхээ эд зүйл бүх юмаа байрны доод гражид буулгачих” гэж хэлэхээр гражид гэрийнхээ эд зүйлсийг үлдээсэн. Маргааш нь Г.Аын гар утас холбогдохгүй байхаар нь аавынх нь гэж хэлж байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-114 тоот руу очиход тухайн айлд аав нь гэх Ганзориг гэх хүн амьдардаггүй болохыг мэдээд улмаар нөгөө 168 тоот байр луу очиход нэг Өвөр Монгол эмэгтэй охин хаалгыг тайлсан. Ийнхүү би залилуулснаа мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-90-91х/,

Хохирогч С.Зунаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад Соёл урлагийн их сургуульд суралцахаар ирсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 72 дугаар байрны 168 тоотод байрлах 3 өрөө байрыг түрээслэнэ гэсэн зарыг байршуулсан зарын дагуу найзын хамт дээрх байрыг очиж үзэхэд Ганзориг овогтой Алтан-Очир гэх залуу байсан. Г.А өөрийгөө уг байрны эзэн гэж хэлээд том өрөөнийхөө хананд ээж, аавтайгаа авахуулсан байдалтай гэр бүлийн зургийг өлгөсөн байсан. Ингээд Г.Ат итгээд улмаар дээрх байрыг 10 сарын хугацаатайгаар 1 сарын барьцаа 900.000 төгрөг, сарын 900.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод Г.Аын Хаан банкны 5031759668 дугаарын данс руу 5.208.000 төгрөгийг шилжүүлж, харин бэлнээр 4.692.000 төгрөгийг бичлэг хийж байгаад өгсөн. Намайг Г.Ат мөнгийг өгөхөд Мандала ах байсан ба би өөрийн гар утсаар бичлэг хийж авсан. Г.А нь дээрх байрыг өөрийн байр биш байтал надад давхар түрээслүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдээд улмаар жинхэнэ байрны эзэн болох Цэцэгмаа гэх эмэгтэй байсныг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-180-181х/,

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-85-88х/,

Ганзориг овогтой Алтан-Очир нь 5031759668, 5067131429 дугаарын данс эзэмшдэг талаарх 29/729, 29/1061 дугаартай албан бичиг /хх-31/х,

Ганзоригийн Алтан-Очирын 5031759668 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-114-115х/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газраас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “иргэн Г.Аын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байхгүй байна” гэх 127 дугаартай албан бичиг /хх-122х/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газраас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/ Анкарагийн гудамж 72 дугаар байрны 168 тоот хаягтай эрхийн улсын бүртгэлийн Y2202021139 дугаартай орон сууцны өмчлөгчөөр иргэн Ц.Цэцэгмаа /ЧЗ64061204/ бүртгэлтэй байна” гэх 405 дугаартай албан бичиг /хх-129х/,

Иргэн Ц.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй  Y2202021139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-130х/,

Орон сууц хөлслөх гэрээ /хх-155-156х, 191х/,

Мөнгө авсан тухай хэлцэл /хх-175х/,

Яллагдагч Г.А мэдүүлэхдээ: “Миний танил Явуухулан гэдэг Өвөр Монгол залуу надтай холбогдож чи байраа түрээслэх гэж байна уу, тэгвэл манай найз Өвөр Монголоос ирнэ, танай байрыг түрээслэж авмаар байна” гэж хэлээд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Явуухулан өөрөө бас ахтайгаа хамт ирээд надтай уулзаад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Явуухулан өөрөө бас ахтайгаа хамт ирээд надтай уулзаад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 10 сарын хугацаатайгаар сарын 900.000 төгрөгөөр түрээслэхээр болоод нийт би өөрийнхөө Хаан банкны 5031759668 дугаарын дансаараа 5.208.000 төгрөгийг авч, харин бэлнээр 4.692.000 төгрөгийг Улсын их дэлгүүр дотор би тэгээд Зунаа болон түүний ах гэх нэг залуу байхад тоолж авсан. Энэ мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг би Арунбатуд өгсөн. Харин 2.000.000 орчим төгрөгийг нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр, 9 дүгээр сарын эхээр байхаа Хан-Уул дүүргийн “Энканто таун”-д амьдардаг Энхжаргал гэдэг хүнээс түрээслэж авсан Toyota harrier маркийн саарал өнгийн 74-72 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээсэндээ өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг өдрийн 140.000 төгрөгөөр түрээслэж аваад нийт 52 хоног түрээслэж унасан хэрэглэсэн ба нийт машины түрээсэнд 7.384.000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл мөнгийг шоудаад дэлгүүр хэсэж амралтанд амарч дуусгасан. Ингээд Явуулхулангийн найз охин Зунаа нь дээрх байрыг надад мөнгө өгсөн өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 10 хоногийн дараа байхаа дээрх байранд Зунаа нүүж орж амьдарч эхэлсэн. Зунааг байранд нүүж орохоос хэдхэн цагийн өмнө миний 88515030 дугаарын утас руу Цэндмаа гэх эмэгтэй өмнө нь үнэгүй.мн цахим хуудсанд байршуулсан байсан зарын дагуу холбогдож байна гэж хэлээд байрыг үзээд 2 сарын хугацаатайгаар түрээслэхээр болоод тэр өдрөө 1.000.000 төгрөг, маргааш 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг төлсөн. Дараа нь Зунааг дээрх байрад амьдарч байх хугацаанд Цэндмаа эгч байранд ирээд намайг байрыг давхар түрээслэснийг мэдсэн байна лээ. Цэндмаа эгчээс авсан 2.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг машины түрээсэнд өгсөн. Би Зунаад үлдэгдэл 6.060.000 төгрөгийг бүрэн төлж хохирлыг барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-187-188х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 72 дугаар байрны 11 давхрын 168 тоот 3 өрөө байрыг өөрийн эзэмшлийн орон сууц гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Бүгд Найрамдах Хятад Ард улсын, Өвөр Монголын өөртөө засах орны иргэн Арунбатуд /Аrunbatu/ түрээслэн 6.180.000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 72 дугаар байрны 168 тоотод байх 3 өрөө орон сууцыг өөрийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн А.Цэндмаад 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, барьцаа хөрөнгө 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр болж өөрийн Хаан банкны 5031759668 дугаарын дансаар мөнгийг шилжүүлэн залилан авсан,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн түрээслэн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 72 дугаар байрны 168 тоотод орших 3 өрөө байрыг Бүгд Найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн С.Зунаа /ZHUO NA/-д миний байр тул түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 9.900.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 18.080.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж бусдад нийт 18.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.