Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 18

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;                                   

улсын яллагч: Н.Түвшинбаяр;

хохирогч: С.Батцэцэг;

шүүгдэгч: М.Н (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт М.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эмээлт” зах дээр дуудлагаар очиж мах бэлтгэдэг ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт   гавъяа шагналгүй, урьд:

Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, засарч хүмүүжихийг өөрт нь даалгаж, Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-д тус тус зааснаар эцэг, эх болон Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн хамт олны хяналтад өгч байсан, М.Н.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн гадна автомашины ил зогсоол дээр иргэн С.Батцэцэгийн эсрэг хүч хэрэглэж гуян завсар нь бэлэг эрхтнээ оруулж хүчиндэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Батцэцэг мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагт ажлаа тараад таксинд суугаад найз залуутайгаа уулзахаар болсон. Би “Оргил” худалдааны төв дээр ирээд байж байхад замын цаанаас нэг залуу ирээд “юм асууя” гэсэн. Тэгснээ надад “миний найз охины гар утсыг чи хулгайлсан байна” гэсэн. Би айгаад гар утсаа түүнд өгсөн. Тэгтэл миний үснээс зулгааж, толгой руу цохисон. Мөн багалзуурдаж, миний цамцны араас чирээд буланд шахаад намайг газар хэвт гэсэн. Би айгаад газар хэвтсэн. Тэгээд надад “чи гоё охин байна, бөгсөө гарга” гэсэн. Би найз залуугаа дуудсан. Миний өмд бандаашийг тайлаад хоёр гар, хоёр хөлийг дараад “дуугуй бай, ална шүү” гэсэн. Биднийг хүн ирж салгасан. Тэр даруй би цагдаа дуудсан. Тэгсэн намайг “цагдаагаа дууд, аль эсхүл тохирьё” гээд байсан. Одоо би 800.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгөөр би эмчид үзүүлнэ. Миний толгойг хананд мөргүүлсэн, миний гар, хөл хөхөрсөн байсан. Би гомдолтой байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Батцэцэг /хх-ийн 13-14/, гэрч П.Батцэнд /хх-ийн 18/, гэрч С.Ариунбаатар /хх-ийн 21/, гэрч Ж.Балдорж /хх-ийн 20/ нарын мэдүүлэг, М.Нын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11752 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 53/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-56/, М.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/,  М.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-86/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна автомашины ил зогсоол дээр иргэн С.Батцэцэгийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан  үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч С.Батцэцэгийн /хх-ийн 13-14/: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 буудлын тэнд очиж найз залуу Балдоржтой уулзах гээд таксинд суугаад явсан юм. Тэгээд 6 буудлын “Оргил” худалдааны төвийн урд талд зогсоод таксинаас буухаасаа өмнө найз залуу Балдорж руу гар утсаар яриад “ирсэн байна” гэхэд Балдорж нь “наанаа байж бай” гэхээр нь таксинаас буугаад “Оргил” худалдааны төвийн урд замын хажууд найз залуугаа хүлээгээд зогсож байтал замын эсрэг талаас нэг согтуу залуу хүрч ирээд “сайн байна уу? юм асуучих yy?” гэхээр “за тэг тэг” гэж хэлсэн. Тэгсэн чинь надаас “чи миний найз охины утсыг авсан, чамаас болж би найз охиноосоо салсан” гэж хэлэнгүүтээ эхлээд миний үснээс зулгаагаад дараа нь миний толгой руу гараараа нэг цохисон, тэгэнгүүтээ хүзүүний арын хэсгээс буюу үс, цамц хоёроос зуурчихаад чирсээр байгаад “Оргил” худалдааны төвийн гадна автомашины зогсоолын буланд намайг аваачсан. Тэгэнгүүтээ “Чи ёстой гоё юм аа” гэхээр нь би найз залуугийнхаа нэрийг нь дуудаж орилсон юм. Тэгсэн чинь “дуугүй бай, чамайг алчихна шүү” гэж хэлээд миний толгойгоор хана мөргүүлээд байсан. Тэгээд намайг газарт унагаад миний хоёр гарыг барьчихаад, миний хоолойг багалзуурдаад, миний өмсөж байсан хар өмд, дотоож хоёрыг доош нь шувталсан. Тэгээд миний гуяны завсраар бэлэг эрхтнээ хийж нэг, хоёр удаа хөдөлсөн. Яг миний бэлэг эрхтэн рүү бол хийгээгүй. Тэгж байхад манай найз залуу Балдорж ирээд салгасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч П.Батцэндийн /хх-ийн 18/: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө ээлжээ хүлээн авч 24 цагаар ажилласан юм. Тэгтэл 2019 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 01 цаг 59 минутын үед “Оргил” худалдааны төвийг эргэж тойрч харсан юм. Тэгсэн замын эсрэг талын нэг дэлгүүрийн гадаа 20 орчим насны охин ганцаараа утсаар ярьчихсан зогсож байсан. Тэр охин зогсолтгүй байнга утсаар яриад уйлаад байсан юм. Тэгээд би эргэж тойрч яваад амрах гээд сууж байтал удаагүй 5 орчим минутын дараа замын эсрэг талын “Угалз” гэдэг зочид буудлын ажилтан Ариунбаатар гэх залуу над руу шагайгаад “танай “Оргил” төвийн урд талын авто зогсоолын булан руу нэг залуу нэг эмэгтэйг чирээд аваад орчихлоо” гэж хэлэхээр нь Ариунбаатар бид хоёр наанаас нь очсон. Бид хоёрыг очиход цаанаас тэр охины найз залуу нь гээд хүн ирж таарсан юм. Тэгээд бид гурав тэр залуу, нөгөө эмэгтэй хоёр дээр очсон юм. Намайг очиход тэр эмэгтэйн өмдийг шувтлаад хаячихсан цементэн дээр нүцгэн суучихсан уйлж байхаар нь би биеэрээ хаагаад гарыг нь татаж босгоод өөрөөр нь өмдийг нь татуулсан. Нөгөө оролдсон гэх залуу нь өмдөө татаад товчлоод хойшоо эргэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Ариунбаатарын /хх-ийн 21/: “...Би орой 02:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Оргил” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах “Угалз” гэх нэртэй зочид буудлын 2 давхарт ресепшн Чимэгээ эгчтэй хамт байж байхад “замын зүүн талд “Оргил” худалдааны төвийн авто зогсоол дээр эмэгтэй хүнийг нэг эрэгтэй хүн чирээд урд талын булан руу орчихлоо” гэж Чимэгээ эгч надад хэлсэн юм. Тэгээд “чи гүйж очоод үзээдэх, юу болоод байна. Уг эрэгтэй нь сая манай буудалд орж ирээд хөөгдөөд гарсан хүн байна” гэхээр нь би буудлаас гараад зам хөндлөн зүүн тийш “Оргил” худалдааны төвийн урд хэсэгт явж очиход хойд талаас нэг танихгүй эрэгтэй хүн мөн адил явж ирсэн юм. Намайг уг газарт явж очиход нэг танихгүй эрэгтэй хүн нэг эмэгтэйг дараад өмдийг нь тайлсан байдалтай байсан бөгөөд намайг очиход өмдөө татаад босож байсан. Харин эмэгтэйгийн өмд, дотуур өмдийг нь тайлсан байдалтай, уг эмэгтэй нь газар хэвтэж байсан юм. Надтай хамт очсон гэх залуу уг эмэгтэйн найз залуу гэж өөрийгөө хэлж байсан. Уг эмэгтэйг хүчиндсэн гэх залуу нь согтуу байсан,  “цагдаагаа дууд” гээд байсан. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирсэн. Уг эмэгтэйг хүчиндсэн гэх залуу нь саарал өмдтэй, хөх бараан цамцтай 19-20 орчим насны залуу байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Балдоржийн /хх-ийн 20/: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 01 цаг 56 минутын орчим манай найз охин Батцэцэг 88641948 гэсэн дугаараас залгаж ярихдаа “чи хаана байна, би яваад очъё” гэж хэлэхээр нь “ажил дээрээ байна, арай тарах болоогүй байна” гэсэн чинь 02 цаг 05 минутад миний утас руу 85254566 дугаараас манай найз охин Батцэцэг нь залгаад “би “Оргил” худалдааны төвийн хажууд ирчихлээ” гэхээр нь замын эсрэг талаас зам хөндлөн гараад “Оргил” худалдааны төвийн гадаах зогсоол дээр яваад очсон чинь манай найз охин харагдахгүй, ойр хавьд нь хүн байхгүй байхаар нь гайхаад “Оргил” худалдааны төвийн харуулын байрны орчимд очиход “Балаа” гэж миний нэрийг дуудаад хүн орилоод байхаар нь “Оргил” худалдааны төвийн урд талын авто машины зогсоолын буланд явж очиход саарал бараан хувцастай танихгүй эрэгтэй хүн манай найз охин Батцэцэгийг газарт дээш харуулаад дээр нь гараад өмдөө тайлчихсан байдалтай хэвтэж байсан. Тэр залуу намайг хараад өмдөө татаад босоод ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

М.Нын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50-51/: “...Би найзынхаасаа гараад уусан архи пивондоо согтоод тасарчихсан байна лээ...Нэг мэдсэн 6-н буудлын “Оргил” худалдааны төвийн урд байж байсан. Тэнд 20 орчим насны нэг танихгүй охин ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би тэр охин дээр очоод “ганцаараа явж байгаа юм уу?” гэж асуусан чинь “тийм” гэсэн. Тэгэхээр нь цааш нь цамцнаас нь татаад тэр охиныг “Оргил” төвийн гадна машины зогсоолын буланд аваачсан...Тэгээд буланд аваачаад хацар, уруул дээр нь үнсээд өмдийг нь шувталсан. Тэгээд газарт хэвтүүлээд би өөрөө дээр нь гараад өмдөө шувтлаад гуяных нь завсраар бэлэг эрхтнээ хийсэн. Тэгсэн чинь намайг түлхээд “болиоч” гээд байсан. Тэгэхээр нь “байж байлдаа” гэж хэлсэн чинь өөдөөс тэр охин орилоод байхаар нь би гараараа амыг нь тагласан, хоолойг нь боосон. Удалгүй 2 залуу цаанаас гүйж ирээд салгасан...” гэх мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-56/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрт нь хүч хэрэглэн зодож, хүчээр хурьцал үйлдэхийг завдсан хүнийг хохирогч шууд заасан, хохирогчийн өмд, дотоож нь тайлагдсан байдалтай газарт хэвтсэн, дээр нь эрэгтэй хүн өмдөө шувталсан байдалтай хэвтэж байсныг татаж босгосон зэргийг гэрч нар гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

М.Н  нь согтуурсан үедээ эмэгтэй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг үйлдэл  төгсөөгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүчиндэх” гэмт хэргийн завдалтын шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч С.Батцэцэг нь “гэм хорын хохиролд 800.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх боловч энэ талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч С.Батцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан М.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Н-г хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

     

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч С.Батцэцэгийн 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ