Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0556

 

 

 

 

 

 

                 Г.Б-ийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр: “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаартай “Суулт хийх мэдэгдлийг бүртгэн авах боломжгүй” тухай шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

            Гамшгаас хамгаалах тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, түүний 2021 оны 176 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.

            Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-аар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхэд хязгаарлалт тогтоосон. Тодруулбал, уг тогтоолын хавсралтын хүний үйл ажиллагааны горимд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хязгаарласан үйл ажиллагааны жагсаалтад жагсаал цуглаан багтсан байна.

            Улсын онцгой комиссын дарга 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг баталсан. Энэ журмын хавсралтын 14-т “Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг тогтоосон.

            Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор холбогдох эрх зүйн баримт бичгүүд шат шатанд гарч, үүнийг нийтээр дагаж мөрдөж байна.

            Гэтэл шүүгч шийдвэртээ маргаан бүхий актыг “Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх хязгаарлалтын арга хэмжээнд тайван жагсаал, цуглаан зохион байгуулах арга хэмжээ хамаарахгүй байх тул хариуцагчаас Г.Б-ийн зохион байгуулах жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байжээ” гэж дүгнэжээ.

            Энэ нь нэг талаас Засгийн газрын тогтоолыг үгүйсгэж, нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1.1-д “Монгол Улсын иргэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй байхаар заасан, 10 дугаар зүйлийн 1-д шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн, энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн тохиолдлуудад жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгч Г.Г.Б-оос “2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, Улсын ерөнхий Прокурорын газрын хашааны гадна талд суулт зохион байгуулах тухай” мэдэгдлийг дүүргийн Засаг даргад хүргүүлсэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан тул мэдэгдлийг бүртгэн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

Хариуцагчаас дээрх байдлаар хариу өгснийг жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гэж ойлгож болох бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй, уг хариуг авснаар нэхэмжлэгч жагсаал цуглаан хийх боломжгүйд хүрсэн, үүгээр нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагчаас “... Улсын онцгой комиссын дарга 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг баталсан. Энэ журмын хавсралтын 14-т “Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг тогтоосон. Уг шаардлагыг хангуулах талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн, хэрэв хангасан бол жагсаал, цуглааныг хийх боломжтой байсан” гэх боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтэд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хариу хүргүүлэхдээ “... гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан” гэх үндэслэлээр “мэдэгдлийг бүртгэн авах боломжгүй” гэх хариуг өгсөн нь ойлгомжгүй.

Товчхондоо хариуцагчаас нэхэмжлэгчийг жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулагчтай харилцан тохиролцсон зүйлгүй, хуульд заагаагүй үндэслэлээр мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан, үүгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

 

               ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН