Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00240

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ерөө импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06712 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ерөө импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.Наранцэцэгт холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Хуягбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Баатар-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хуягбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны нисэх салбараас 200 000 000 төгрөгийн зээлийг, сарын 1,7 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай авч байх явцад зээлийн мөнгөнөөс иргэн Д.Наранцэцэг нь манай компаний менежер ажилтай Л.Бибишид “Худалдаа хөгжлийн банкны нисэх салбарын зээлийн эдийн засагч н.Ганхуяг миний дүү байгаа юм, түүнд 11 000 000 төгрөг авна” гэж авсан. Тухайн үед эдийн засагч н.Ганхуяг эмнэлэгт хэвтсэн гэхээр нь 11 000 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтан дээр гарын үсэг зуруулан өгч явуулсан. Хэсэг хугацааны дараа Худалдаа хөгжлийн банкны нисэх салбарын зээлийн эдийн засагч н.Ганхуягтай ажлын талаар холбогдож 11 000 000 төгрөгийг эгч Д.Наранцэцэгээр өгч явуулсан гэхэд “би тийм хүн танихгүй, тийм эгч байхгүй би танайхаас юу гэж мөнгө төгрөг авах юм бэ” гэхээр нь бид Наранцэцэгийн эрэлд гарч 3-4 сар гаруй хайсан. Уулзалдаж чадахгүй байсаар 2015 оны 4 дүгээр сарын 20-нд олж уулзаж цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч “би авсан нь үнэн, цагдаад хэлээд хэрэггүй төлье хугацаа өгөөч” гэж хэлсэн болохоор 14 хоногийн хугацаа өгч тодорхойлолт баримт гарын үсгийг нь зуруулж авсан боловч одоо дахин зугтаагаад олдохгүй байна. Иймд Д.Наранцэцэгээс 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ерөө импекс” ХХК-ийн захирал Ч.Хуягбаатартай 2014 онд н.Лхагва-Очир, н.Мөнхтуяа хоёроор дамжуулан анх танилцсан. Энэ компани зээл авах гэсэн чинь чадахгүй байна танидаг хүн байвал хөөцөлдөөд өгөөч гэж н.Лхагва-Очир, н.Мөнхтуяа хоёр утсаар яриад уулзсан. Зээл бүтээж өгвөл тохироод урамшуулал өгнө гэж хэлсэн. Би танил хүнээр энэ зээлийг бүтээгээд өгөөч зайлшгүй тус болох хүн юм гээд ярьж байгаад тус компанид Худалдаа хөгжлийн банкны нисэх дэх салбараас 200 000 000 төгрөгийн зээлийг зохих журмын дагуу зээл өгүүлэх асуудлыг дэмжүүлсэн. 2014 оны 2 дугаар сарын 14-нд Худалдаа хөгжлийн банкны нисэхийн салбараас 200 000 000 төгрөгийн зээл нь зөвшөөрөгдсөн гээд зээлийн гэрээг яаралтай гаргаад өгөөч гээд н.Мөнхтуяа ярьж н.Хуягбаатар гэрээгээ авч өгөөд явсан. Зээлийн гэрээг нь аваад утсаар ярьсан чинь бид ажлаар урагшаа явж байна ирээд авъя гэхэд нь долоо найман хоног хүлээгээд урдаас ирээд н.Мөнхтуяа ярьж гэрээгээ авсан. Ингээд нэг өдөр н.Мөнхтуяа утсаар ярьж “зээлээ авсан та ирээд урамшуулалын мөнгөө ав” гэсэн. Намайг очиход н.Мөнхтуяа байхгүй н.Хуягбаатар захирал нь өрөөндөө байсан. Бидний ажилд тусалсанд баярлалаа гээд надад 11 000 000 төгрөгийг тоолж хүлээлгэн өгсөн. Одоо болохоор надаас 11 000 000 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд хандсаныг гайхаж байна. Миний хувьд энэ хүмүүст маш их гомдолтой байна өөрийн хэрэг бүтсэн бол болоо гэсэн шиг болохгүй байсан зээлийг хэлж яриад бүтээж өгсөн байхад эцэст нь ийм асуудал гаргаж байгаад гайхаж байна. 11 000 000 төгрөгийг энэ хүмүүсийн ажил төрлийг бүтээж өгснийхөө төлөө авсан урамшуулал тул төлөх учиргүй харин ажил төрлөө бүтсэний дараа надаас нэхэмжилж байгаад нь гомдолтой дэндүү хүнлэг бус асуудал байна гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Наранцэцэгээс 11 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ерөө импекс” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ерөө импекс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранцэцэгээс 190 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ерөө импекс” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэдийгээр хариуцагч нь нотлох баримтаа өөрөө бүрдүүлж өгөх хуулийн заалттай боловч энэ хэрэгт уг шаардлагыг биелүүлэх ямар ч боломжгүй байсан. Учир нь “Ерөө импекс” ХХК нь зээлээ хөөцөлдүүлж ажлаа бүтээгээд айлган сүрдүүлж, хууль бус бичиг үйлдүүлсэн. Хэрвээ гэрч асуулгах тухай хүсэлтийг хангасан бол “Ерөө импекс” ХХК-ийн захирал Хуягбаатар, н.Мөнхтуяа нарын хүнлэг бус дүр төрхийг нотлох баримтаар тогтоох байлаа. Нэхэмжлэгч нь айлган сүрдүүлж хуурамч бичиг хийлгэсэн болон зээл бүтээлгэсэн болохоо зөвшөөрсөн байхад шүүх Д.Наранцэцэгт хэрхэн хохирол учирсныг бодитойгоор дүгнэж үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Ерөө импекс” ХХК нь хариуцагч Д.Наранцэцэгт холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… Д.Наранцэцэг нь эмнэлэгт хэвтсэн манай компанийн эдийн засагч н.Ганхуягийн эгч нь гэж хэлээд 11 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан” гэж тайлбарлаж кассын зарлагын баримт, төлбөр барагдуулах тухай бичгийн тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд цуглуулан өгчээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “… Тус компанийг банкнаас зээл авахад нь зуучилж, зуучлалын хөлс гэж 11 000 000 төгрөгийг авсан” гэж маргасан байх боловч тэрээр талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байна.

 

             Хариуцагч Д.Наранцэцэг нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “… 11 000 000 төгрөг авсан нь үнэн, 14 хоногийн хугацаанд төлж барагдуулна” гэж төлбөр барагдуулах тухай хүсэл зоригоо илэрхийлж, уг баримтыг үйлдсэн талаар маргаагүй бөгөөд зуучлалын гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид зуучлалын хөлс шилжүүлсэн гэж үзэх үндэслэл  тогтоогдоогүй. Иймд “Ерөө импекс” ХХК нь бусдад үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буцаан шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч “Ерөө импекс” ХХК-иас хариуцагч Д.Наранцэцэг нь 11 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, харин уг мөнгөн хөрөнгийг өөртөө үлдээх хууль болон гэрээнд заасан үндэслэлтэй гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэг хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч Д.Наранцэцэгээс 11 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ерөө импекс” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр н.Мөнхтуяа, н.Лхагва-Очир, н.Уранчимэг нарыг оролцуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах гэж байгаа нь  тодорхойгүй, тэдгээрийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ