| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/0533/И |
| Дугаар | 130/ШШ2016/00763 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2016/00763
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, утас **********, РД:*************, Ж овогт Бн Сы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт орших, Х ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х ХХК-ний төслийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацаанд дутуу олгосон цалин нийт 11500000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумд үйл ажиллагаа эрхэлдэг шинээр авто зам барих, зам гүүр засварлах үйл ажиллагаа явуулдаг Х ХХК-ийн Ерөнхий захирал А.Х нь надтай жирийн сайн танилын харилцаатай байсан ба бид хоёрын хооронд өс хонзон байхгүй юм. Би Завхан, Хөвсгөл зэрэг аймгуудад нүүдлээр очиж авт асфальт зам гүүр барьж бас засварлаж байсан. Ажиллах хүчийг орон нутгаас болон Баян-Өлгий аймгаас авч ажиллуулдаг. Эдгээр ажиллах хүчийг удирдах, зохион байгуулах шаардлага тавьж ажиллуулдаг, сайн удирдагч надад хэрэгтэй байна. Таныг би энэ ажлыг хийж чадна гэж сонгож байна. та компанийн үндсэн ажилтан байх болно. Таны үндсэн цалинг сард 1200000 төгрөг авч байхаар тогтооно. Бусад байр, хүнс гэх мэт хангамжийг компаниас хангана гэж хэлж ятгахад би тус Х ХК-д ажиллахаар зөвшөөрсөн юм. Ингээд А.Х нь 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн 1 дүгээр тушаалаар намайг тус Х ХХК-ийн төслийн удирдагч гэсэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилж, сард авах үндсэн цалинг 1200000 төгрөгөөр тогтоосон юм. Энэ хугацаанаас эхлэн би тус компанийн үндсэн ажилтан болсон ба Хөвсгөл аймаг, түүний Тариалан зэрэг сумуудад баригдсан авто зам, төсөлд удирдагчаар олон арван машин техник тоног төхөөрөмж, ажилтан, ажилчин байр орон хүнс цалин гэх мэт ажлуудыг нь зохион байгуулан компанийн ажлыг үр бүтээлтэй ажиллуулж ирсэн юм. Компанийн захирал А.Х нь надад ажил олгохдоо хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийж гэрээнд ямар цалин хөлс, урамшуулал, шагнал олгох талаар дурдсан билээ. Энэ гэрээг өөрөө хадгалах болно гэж А.Х авсан бөгөөд гэрээнд миний гарын үсэг байгаа юм. А.Х нь Мөрөн, Тариалан хоорондын замын холболтыг амжилттай хийсэн тохиолдолд надад нэг өрөө байр орон сууц, 20000000 төгрөгийн нэмэгдэл цалин олгох зэргээр урамшуулна гэж хэлж байсан юм. Ингээд би бүх ажлыг нь хийж өгөхөд А.Х нь хэлсэн үгэндээ хүрч чадаагүй түүнээс гадна үндсэн цалинг минь төсөв төслийн мөнгө ирэхгүй байна ирэх үед нь нөхөн олгож өгнө гэсээр байгаад өдий хүрлээ. Сүүлд нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний хувийн Х банкан дахь ************** дугаартай дансанд 500000 төгрөгийг цалин болгон хийж мөн 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надад мессежээр Таны үлдсэн цалинг дансанд чин хийлээ 500000 төгрөг явуулав. Мөн энэ өдрөөр тасалбар болгон таныг ажлаас халлаа. Одоо та бид хоёр урьдын шигээ найз нөхөд болж тоглож инээж явъя гэж бичиж илгээсэн байсан. Ингээд би үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаа мөн 2014 дугаар 7 дугаар сараас хойших өдий хүртэлх авах ёстой үдсэн цалин болох сард 1200000х10 сар бүгд 11500000 төгрөгийг авч чадаагүй хохирсон болон миний хөдөлмөрлөх эрх цалин хөлс авах эрх маань тус тус ямар ч үндэслэлгүйгээр зөрчигдсөнийг мэдэж шууд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1. А.Х нь Х ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд намайг анх 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1 дугаартай тушаалаар компанийн төслийн удирдагч албан тушаалд ажилд авахад Х ХХК- БӨН-**** дугаартай Баян-Өлгий аймаг Ө сумын 3063666 гэсэн тэмдгийг дарж Ерөнхий захирал А.Х гэж Х ХХК-ийн албан бичигт гарын үсэг зурсан байдаг. 2.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэгч Б.С нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3063666 тоот регистртэй Х ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг хавсралтаар өгсөн. 3.Баян-Өлгий аймаг дахь татварын хэлтсийн дарга Д.Нны албан бичиг 4.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан бичиг 5.Ө сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар Х ХХК нь Баян-Өлгий аймаг, Өлгий сумд харьяалА үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдоод байна. Нөгөө талаар А.Х нь Улаанбаатар хотод албан ёсны шилжүүлгээр оршин суугаа хаягаа шилжүүлж яваагүй нь тодорхой байна. харин Х ХХК нь зам гүүр барих ажлаар нүүдэл хийж Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ гэх мэт газруудаар түр хугацаагаар одоо хүртэл явж байгаа бөгөөд компани болон өөрийн үндсэн харьяалал нь Баян-Өлгий аймаг болох нь нотлогдож байна. Иймд Х ХХК-аас урьд эрхэлж байсан үеийн цалин 11500000 төгрөгийг гаргуулж, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэгдүгээрт, миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Хоёрдугаарт, нэхэмжлэлдээ 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх дутуу олгосон цалингаа нэхэмжилсэн. Мөн Х ХХК-ийн замын төслийн удирдагчаар эгүүлэн тогтоож өгөх тухай хоёр шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэл дээр цалинг дутуу олгосон тухай нотлох баримт хавтаст хэрэгт бүрэн авагдсан байгаа. Тухайн үед миний нийгмийн даатгалын дэвтэр Х компанид байсан. Х компани намайг ажлаас халсан тухай ямар нэгэн тушаал гаргаагүй. Ажлаас халсан бол нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой. Одоо хүртэл тийм бичилт байхгүй. Тухайн үед Сд ажлаас халсан тушаал олгосон гэж ярьдаг. Тэгээд би аваад нуусан байвал тэдний гарт байгаа миний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн байх ёстой. Мөн шүүхэд нотлох баримт болгож авчирсан байх ёстой. Гэтэл хариуцагч талаас бүтэн нэг жилийн хугацаанд тэр талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Тухайн үед ямар хэмжээний цалин авч байсан тухай нийгмийн даатгалын дэвтэрт худлаа бичиж байсан тухай нотлох баримтаар бүрэн нотолж байгаа. Тэд нар тухайн үед архи ууж ажлаас гаргасан гэсэн. Тэгсэн бол хуралдаан хийсэн хурлын тэмдэглэл хөтөлж, миний зөвшөөрсөн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан нотлох баримт байх ёстой. Гэтэл тийм нотлох баримт байхгүй. Ер нь хавтас хэрэгт байгаа бүх нотлох баримт бол нэхэмжлэгч миний болон миний өмгөөлөгчөөс гаргаж нотлох баримт байгаа. Х компаниас өөрсдийгөө хамгаалсан ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 500000 төгрөг өгсөн. Тэрийг хасаж нийтдээ 11,5 сая төгрөг нэхэмжилж байгаа. Мөн Х компанийн төслийн удирдагчаар эгүүлэн томилж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Хэрвээ шүүхээс намайг эгүүлэн ажилд тогтоосон тохиолдолд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойших цалинг жиш нэхэмжлэх болно. Энэ талаар бүх нотлох баримтыг бүрэн гаргаж өгсөн болно гэв.
Хариуцагч Х ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Сы Х ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилласан үеийн цалин болох 11500000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.С нь тус компанид төслийн удирдагч албан тушаалд 2013 оны 6-р сарын 5-ны өдрийн тушаалын дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оны 7-р сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан болно. Тэрээр хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчиж согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан тул ажлаас халах үндэслэл болсон. Тэрээр ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээ зөрчсөнтэй холбоотойгоор албан ёсоор протокол хөтлөн акт үйлдсэн бөгөөд тэрээр өөрийн ажлаас халагдсаныг хүлээн зөвшөөрч ажлаас халсан тушаалаа авч явсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана хэмээн хуульчилсан байх бөгөөд Б.С нь хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 5-р сард намайг ажлаас халсан гэсэн хэдий ч тэрээр 2014 оны 7-р сараас эхлэн ажлаас албан ёсоор халагдсан болохоо мэдэж байсан болох нь өөрийнх нь өгсөн нэхэмжлэлээс харагдаж байна. Тэрээр 2014 оноос эхлэн АТГ-т шалгагдан улмаар ял шийтгэгдсэн бөгөөд энэ хугацаанд байнга Улаанбаатар хотод байсан бөгөөд тэрээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хөдөө орон нутгаар явах боломжгүй байсан болно. Мөн түүнчлэн тэрээр захирал Хаас ядарч явна мөнгө төгрөг өгөөч хэмээн байнга гуйж байсан тул тэрээр нэг нутаг усны, хамтран ажиллаж байсан болон түүнд 500000 /таван зуун мянга/ төгрөгийн өөрийн хувийн мөнгөнөөс шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлсэн мөнгө нь Х ХХК-д хамааралгүй бөгөөд өмнө нь найз нөхөд байсан, нэг нутаг усны гэх байдлаар харилцсан асуудал нь энэ хүнийг 2015 оны 5-р сар хүртэл ажилласан гэх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдаан хэзээ, Ха болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.П нарт шүүхийн утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.П нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч Б.Сыг Х ХХК-ний компанийн төслийн удирдагчийн албан тушаалд томилсон болох нь 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Ажилд авах тухай Х ХХК-ийн захирлын тушаалаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.С нь Х ХХК-ний захирал А.Х нь надад ажил олгохдоо хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийж гэрээнд ямар цалин хөлс, урамшуулал, шагнал олгох талаар дурдаж, миний бие гарын үсэг зураад А.Хад өгсөн гэх боловч хөдөлмөрийн гэрээ хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа ба хэргийн оролцогчдын аль алин хөдөлмөрийн гэрээ шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Иймд хариуцагч ажил олгогч Х ХХК-ний захирал А.Х нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ноцтой зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй болно.
Нэхэмжлэгч Б.С нь Х ХХК-нд төслийн удирдагчаар 2013 оны 06 сарын 03-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Сыг 2014 оны 7 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан гэж тайлбар гаргасан боловч ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгч Б.Сд гардуулсан тухай нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгч Б.С нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчиж согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан тул ажлаас халсан гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч Б.С нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Х ХХК-ний захирал А.Хын бичсэн мессежээр халагдсанаа мэдэж, цаг алдалгүй шүүхэд хандсан гэх боловч нэхэмжлэгч Б.С нь 2014 оны 7 сарын 15-ны өдрөөр хойш Х ХХК-нд ажиллаж ажил үүрэг гүйцэтгэж байснаа нотолж чадаагүй болно. Иймд нэхэмжлэгч Б.С нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан гэдгээ мэдсэн гэх боловч нэхэмжлэгч Б.С нь 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Х ХХК-нд ажил үүрэг гүйцэтгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан /267745 үргэлжлэл/ НДД№********* Нийгмийн даатгалын дэвтрийн 11 дүгээр хуудсанд байгаа бичилтээр мөн тогтоогдож байна. Үүгээр нэхэмжлэгч Б.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргаагүй болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.С нь анх шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлсэн болох нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 10-ний өдрийн 1045 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Х ХХК-ийн захирлын 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Ажилд авах тухай тушаалаар Б.Сы үндсэн цалинг 1200000 /нэг сая хоёр зуун/ төгрөгөөр тогтоосон боловч сар болгон энэ цалинг авч байсныг нэхэмжлэгч Б.С нотолж чадаагүй. Мөн /267745 үргэлжлэл/ НДД№********* Нийгмийн даатгалын дэвтэрийн 10-11 дүгээр хуудсанд байгаа бичилт болон Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Б.С нь 1200000 төгрөг авч байгаагүй болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Б.С нь цалин хөлстэй холбоотой асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргаагүй хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Сы Х ХХК-ийн төслийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажиллаж байсан хугацаанд дутуу олгосон цалин 11500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Саас 70200 төгрөг гаргуулж, мөн дутуу авсан цалингийн хэмжээнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 199000 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 зааснаар Х ХХК-ний төслийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажиллаж байсан хугацаанд дутуу олгосон цалин 11500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж овогт Бн Сы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Саас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулан, мөн Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199000 /нэг зуун ерэн есөн мянган/ төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК