Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 222

 

 

 

2020        03         16                                      2020/ШЦТ/222

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

шүүгдэгч: Н.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, Н.Г

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Г нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Д.Халиунагийн гээгдүүлсэн “Huawei p20 pro” маркийн гар утсыг олж аван бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн сим картыг хийж ашиглан гээгдэл эд хөрөнгө завшин Д.Халиунаад 557759 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Халиунагийн /хх-ийн 6/, мэдүүлэг, гэрч Ч.Номинчулуу /хх-ийн 9/, гэрч Д.Ичинноров /хх-ийн 10/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тайлайн /хх-ийн 19-20/, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 24/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-28/, Ч.Номинчулууг иргэний нэхэмлэгчээр тогтоосон прокурорын тогтоол /хх-ийн 52-53/, иргэний нэхэмжлэгч Ч.Номинчулууд хохирлын мөнгө өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 50-51/, Н.Г-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Н.Г-н хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 34, 44/, Д.Халиунагийн хүсэлт /хх-ийн 48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт иргэн Д.Халиунагийн гээгдүүлсэн “Huawei p20 pro” маркийн гар утсыг завшиж бусдад 557759 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Д.Халиунагийн /хх-ийн 6/: “...Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим Дашчойлон хийдийн хажуунаас цагаан өнгийн такси бариад Хууль зүйн үндэсний хүрээлэн рүү явсан. Зам түгжрэл ихтэй байсан учир НҮБ-н байрны баруун урд талын буюу Байгалийн түүхийн музейн зүүн хойд уулзвар дээр буусан. Буухдаа гар утсаа гээгдүүлсэн. Нэг цаг гарангийн дараа утсаа байхгүй байгааг мэдээд залгасан чинь холбогдох боломжгүй байсан. ...Утсан дээрх зураг, файлыг порматлаад тэр хүн ашигласан байсан. Гар утсаа сим карттай нь бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Номинчулуугийн /хх-ийн 9/: “... “Huawei р20 pro” маркийн гар утсыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай найз охин хувь хүнээс 550.000 төгрөгөөр худалдаж авсан. “...Huawei” хэрэглэгчдийн группт “Ichko Ichko” гэсэн фейсбүүк хаягтай хүн зарна гэсэн зар оруулсан байхаар нь холбогдож байгаад авсан” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Ичинноровын /хх-ийн 10/: “...манай нөхөр “Huawei р20 pro” маркийн гар утас оллоо гэж хэлээд өөрийнхөө сим картыг хийж нэг cap гаран барьж байгаад хүн нь ирж авахгүй юм шиг байна ... зарчих гэхээр нь би фейсбүүкт зар тавиад 550.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлгээр,

         

Н.Г-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 38-39/: “...Дашчойлон хийдийн орчмоос нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад Байгалийн түүхийн музейн арын уулзвар дээр буусан. Би уулзвар дээр зогсож байсан. ...хажууд зогсож байсан машины жолооч “утас нь унасан байна” гэхээр нь буугаад машины хажууд унасан байсан гар утсыг аваад нөгөө эмэгтэйн араас дуудсан чинь эргэж хараагүй. ...гэртээ очоод үзэхэд унтарсан байхаар нь сим картыг нь аваад өөрийнхөө сим картыг хийж нэг cap гаран барьж байгаад мөнгө хэрэгтэй болоод 550.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тайлайн /хх-ийн 19-20/, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа ашиглаж байсныг өөрөө мэдүүлсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэн Д.Халиунагийн гээгдүүлсэн “Huawei р20 pro” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Н.Г-н санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Н.Г-н“гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Халиунагийн “... гар утсаа бүрэн хүлээн авсан тул гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч Ч.Номинчулууд гэмт хэргийн улмаас учирсан 550.000 төгрөгнөөс 350.000 төгрөгийг өгсөн нь хавтаст хэргийн 50-51 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчээс үлдэгдэл 200.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Номинчулууд олгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Н.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Номинчулууд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ