Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 245

 

  

   2020        03         20                                    2020/ШЦТ/245   

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа /томилолтоор/;

шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Ханхүү” гоёл ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  урьд ял шийтгэлгүй, Д.Э

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Билгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “Хохирогч нь худал мэдүүлэг өгсөн байдаг. Би тухайн үед хоолны материал авахуулахаар явуулсан чинь архи аваад хүрээд ирсэн байсан. Байшингийн буланд уух гээд тавьчихсан тойрч гүйгээд, над руу юм шидээд төмөр барьж аваад байсан. Надаас зугтаж гүйж яваад уначихсан тэгэхээр нь нүүр рүү нь өшиглөсөн. Г.Билгүүн эхэлж асуудал үүсгэсэн” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Билгүүний   мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Б.Батзаяа /хх-ийн 21-23/, гэрч Э.Хонгорзул /хх-ийн 24-26/, шинжээч Т.Чимэд-Очир /хх-ийн 31-33/ нарын мэдүүлэг, Д.Э-ын  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8872 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/, Д.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Билгүүнтэй “...ажлаа хийсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Билгүүний /хх-ийн 14-16/: “...захирал Д.Э нь намайг “ажлаа олигтой хийхгүй яасан арчаагүй юм” гэхээр нь “та яагаад хүн загинаад байгаа юм, би чадахаараа ажиллаж байна” гэж хэлэхэд “чи юу гээд давраад байгаа пацаан бэ” гэж хэлхээр нь “ажилласан хоногийнхоо мөнгийг бодуулаад танайхаас гарна” гэж хэлтэл “чамд авах мөнгө байхгүй, Будын өрөнд суутгалаа” гэж хэлсэн.  Би “Буд бид хоёрын хоорондох асуудал танд хамаа байхгүй” гэж хэлтэл миний цээж рүү түлхээд фудволкноос зуураад цааш түлхтэл миний халаасанд байсан “Самсунг нөт 2” маркийн гар утас газар унасан. Утсаа авах гээд тонгойх хооронд нүүр рүү өшиглөсөн. Би нүүрээ дартал битүү цус болсон байсан. Тэр хооронд надтай хамт ажилладаг Саруул ирээд Д.Э-ыг цааш нь аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Хонгорзулын /хх-ийн 24-26/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэртээ хоол хийж байхад гадаа Д.Эын дуу гараад байсан. Би гарахад Г.Билгүүн миний өөдөөс хамраа дарчихсан цус нь гоожчихсон ирсэн. Би тухайн үед юу болсон гэж асуухад ажилчид “Д.Э ах Г.Билгүүн хоёр маргалдсан юунаас болсныг нь мэдэхгүй байна” гэж байсан. Г.Билгүүн надад “Д.Э ax намайг түлхээд би тонгойход хамар луу өшиглөчихсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 18-ны 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн зусланд ажил дээрээ ажлаа хийж байхдаа Г.Билгүүнтэй ажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар Г.Билгүүний нүүр лүү нь нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Билгүүний биед “хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8872 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Эын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохиролгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Д.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ