Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 252

 

 

 

   2020          3           23                                    2020/ШЦТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Д.Агар;

шинжээч эмч: Г.Ханхүү;

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэрэгжилтэй, “Скайтел” ХХК-д сүлжээний инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт   урьд ял шийтгэлгүй, Б.Б

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны 18 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр дунд сургуулийн урд талын 33 дугаар байрны баруун талын замд “Тоёота Приус-20” маркийн 15-46 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “...Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэснийг зөрчсөний явган зорчигч 9 настай, эрэгтэй Б.Чинбилэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 18-нд ажлаа тараад гэр рүүгээ явж байтал гэнэт хажуу талаас “түс” гэх чимээ гарсан. Би зогстол хоёр машины дундаас хүүхэд гарч ирээд миний машины зүүн талаас мөргөж унасан байсан. Хүүхэд уйлаад хөл нь хугарсан байсан. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Хүний биед гэмтэл учруулаагүй учраас өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Ханхүү мэдүүлэхдээ: “...Өвчтөний түүх, рентген зургийг үндэслэж дүгнэлт гаргасан. Б.Чинбилэгийн биед баруун шагайн тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл учирсан. Насны байдлаас хамаарч хүүхдийн ясны уян чанар насанд хүрсэн хүнийхийг бодвол харьцангуй уян байдаг учир явганаас унах үед үүсэх магадлал багатай. Энэ нь дайрагдах, мөргөгдөх, хөшигдөх, мушгигдах зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хөдөлгөөнд оролцож явж буй машиныг өөрөө гүйж ирж мөргөсөн тохиолдолд энэ гэмтэл учрах боломжгүй” гэв.

           

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/, арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч Б.Чинбилэгийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 16-17/, эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 22-24/, иргэний хариуцагч Р.Баярмагнайгийн мэдүүлэг /хх-ийн 26/, арван дөрвөн насанд хүрээгүй гэрч А.Аргилын мэдүүлэг /хх-ийн 28/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12686 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, Б.Чинбилэгийн өвчний түүх /хх-ийн 37-57/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 62-67/, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 349 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 68/, Б.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 82-83/, Б.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 84-96/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 160-161/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны 18 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, 1 дүгээр дунд сургуулийн урд талын 33 дугаар байрны баруун талын замд “Тоёота Приус-20” маркийн 1546 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “...Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 9 настай Б.Чинбилэгийг мөргөж унагаан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

          арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсайханы /хх-ийн 16-17/: “...2019 оны 10 дугаар сарын 18-ны оройн 18 цаг 30 минутын орчим Хөвсгөл аймагт ажлаар явж байхад миний утас руу нэг танихгүй хүн залгаад “танай хүү 33 дугаар байрны баруун талын зам дээр машинд мөргүүлээд хөл нь хугарсан бололтой босож чадахгүй байна” гэж хэлсэн. Би ээж рүү нь залгаад осол болсон талаар хэлсэн. Манай эхнэр тэр үед хүүхдээ авах гээд явж байсан байна лээ. Энэ ослоос болж манай хүүхдийн баруун шилбэ хугарсан...” гэх мэдүүлгээр,

 

арван дөрвөн насанд хүрээгүй насанд хүрээгүй гэрч А.Аргилийн /хх-ийн 28/:

 “...2019 оны 10 дугаар сарын 18-ны оройн 18 цаг 15 минутын орчим 1 дүгээр сургуулийн орчим байдаг 33 дугаар байрны баруун талын тоглоомын талбай дээр нөгөө ангийн найз болох Б.Чинбилэгтэй тааралдаад “чоно туулай” гэдэг тоглоомоор тоглосон. Би чоно болоод Б.Чинбилэг туулай болоод хөөцөлдөж тоглосон. Б.Чинбилэг надаас зугтаж зам руу гүйж ороод машинд мөргүүлээд газар унаад уйлаад байсан. Удалгүй эмнэлэгийн машин ирээд Б.Чинбилэгийг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлгээр,

 

     Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 77-78/: “...1 дүгээр дунд сургуулийн урд байрлах 33 дугаар байрны баруун талын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй замынхаа баруун гар талыг бариад 10-20 км/цагийн хурдтай явж байтал гэнэт машины зүүн талын толийг нэг юм хүчтэй мөргөх шиг болоод түс гэж дугарахаар нь шууд тоормосоо гишгэж зогсоод машинаасаа буугаад хартал замын зүүн гар талд зогсож байсан хоёр машины дунд 8-9 насны эрэгтэй хүүхэд хэвтэж байсан. ...тэр хүүхэд “миний хөл өвдөөд байна” гэж хэлэхээр нь түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлгээр,

 

              Б.Чинбилэгийн биед “баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12686 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 33/,

 

 “...Тоёота приус” маркийн 1546 УБҮ дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан /Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 9 настай эрэгтэй Б.Чинбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэх Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 349 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 68/,

 “...Тоёота приус” маркийн 1546 УБҮ дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан /Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх Тээврийн Цагдаагийн алба Замын цагдаагийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 160-161/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.

  

            Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас арван дөрвөн  насанд хүрээгүй хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

            Шүүх талуудын хүсэлтээр автотехникийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан бөгөөд Б.Б нь хорооллын доторх хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйн тулд хорооллын дотор давуу эрхтэй зорчих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийгээгүй явган зорчигчийг олж харах, зам тавьж өгөх шаардлагыг биелүүлэх ёстой байсан.

 

Хэрэг, учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, осол хэргийн талаар тогтоосон байдал, хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээ, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгчийн дээр дурьдсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэлтэй холбоотой болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “шүүгдэгчийг цагаатгах” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал хороолол доторх замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч Б.Чинбилэгийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсайханаас “нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн” гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ