| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0265/Э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 257
2020 03 26 2020/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Х.Еркебулан /томилолтоор/;
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
шүүгдэгч: Б.О, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Б.О
2. Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Санхүүгийн зах зээлийн холбоо” ТББ-д иргэдийн санхүүгийн боловсрол хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Б.М
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.О нь 2019 оны 3 дугаар сард байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл буюу сум хууль бусаар олж авсан, 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Гангарын 3 дугаар байрны 14 тоотод оршин суух гэртээ хадгалсан, тээвэрлэсэн, борлуулахыг завдсан,
яллагдагч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Циркийн орчимд байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл буюу сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/, гэрч Б.Халиунаа /хх-ийн 18-19/, гэрч Б.Гантулга нарын мэдүүлэг /хх-ийн 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 340 дугаар, 733 дугаар дүгнэлтүүд /хх-ийн 22-25, 31-34/, Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-46/, Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-50/, Б.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55, 57-62/, Б.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56, 66-67, 73-74/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 3 дугаар сард 7,62х39 мм-ийн, ЗХУ-н Фрунзе хотын сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай ердийн ган зүрхэвчтэй 199 ширхэг сумнууд, “Стандарт 1,4S” загварын спорт-ангийн зориулалттай ердийн 5,6х15 мм-ийн 50 ширхэг сумнуудыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвөөс хууль бусаар олж авсан, 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Ус 3 дугаар байрны 14 тоотод хадгалсан, тээвэрлэсэн, борлуулахыг завдсан,
шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Циркийн орчимд 7,62х39 мм-ийн, ЗХУ-н Фрунзе хотын сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай ердийн ган зүрхэвчтэй 199 ширхэг сумнууд, “Стандарт 1,4S” загварын спорт-ангийн зориулалттай ердийн 5,6х15 мм-ийн 50 ширхэг сумнуудыг олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулахыг завдсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Эд зүйл хураан авсан “...Б.Маас АКМ бууны 7,62мм-ийн сум 10 хайрцаг, 199 ширхэг, клибрын сум 1 хайрцаг, 50 ширхэг хураан авав” гэх тэмдэглэл /хх-ийн 11-12/,
“...шинжилгээнд 7,62х39 мм-ийн, ЗХУ-н Фрунзе хотын сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай ердийн ган зүрхэвчтэй 199 ширхэг сум ирүүлсэн байна. Дээрх сумнууд нь 7,62х39 мм-ийн сумаар буудлага үйлддэг буунуудад таарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25/,
“...шинжилгээнд ОХУ-ын Климовын сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн “Стандарт 1,4S” загварын спорт-ангийн зориулалттай ердийн 5,6х15 мм-ийн сум ирүүлсэн байна. Дээрх сумыг 5,6х15 мм-ийн сумаар буудлага үйлддэг спорт-ангийн зориулалттай буунуудад ашигладаг” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 733 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34/,
Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-46/: “...Би 2019 оны 03 дугаар сард “Нарантуул” худалдааны төвд явж байхдаа АКМ бууны 199 ширхэг, ТОЗ-8 бууны 50 ширхэг сум худалдаж авч байсан. Ямар хүнээс худалдаж авч байснаа сайн санахгүй байна. АКМ бууны сумыг нь 20 ширхэгээр савласан 10 хайрцаг буюу 200 ширхэг сум худалдаж авсан гэж бодсон боловч нэг хайрцагт нь 19 ширхэг сум байсныг мэдээгүй. Би нийт 199 ширхэг АКМ бууны сумыг ширхгийг нь 2000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин ТОЗ-8 бууны 50 ширхэг сумыг 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан шиг санагдаж байна. Би эдгээр сумнуудыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн гэртээ буюу Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Гангарын 3-р байрны 14 тоотод хадгалж байгаад Фейсбүүкт нийтлэл уншиж байтал нэг залуу “АКМ бууны сум худалдаж авна” гэсэн зар тавьсан байхаар нь сэтгэгдэл хэсэгт нь өөрийн утасны дугаараа үлдээсэн. Удалгүй над руу залгаж хэдэн ширхэг сум байгааг тодруулж асуугаад бүгдийг худалдаж авахаар болсон. АКМ бууны 199 ширхэг, ТОЗ-8 бууны 50 ширхэг сумнуудыг нийт 565.000 төгрөгөөр худалдаж авахаар болж “Циркийн ард уулзья” гэж хэлсэн. Надад яаралтай амжуулах өөр ажил байсан болохоор өөрийн танил дүү болох Б.Мыг дуудаж, нөгөө сумнуудаа өгөөд “утсаар холбогдоод хаана байгаа газар нь хүргэж өгөөд 560.000 төгрөг аваад ирээрэй” гэж захиад үлдээсэн. Сум зарах гэж байгаа гэдгээ хэлж байсан. Тухайн үед хамаагүй зарж болдог болов уу гэж асууж байсан ч өөрөө болох байх гээд аваад үлдсэн...” гэх мэдүүлгээр,
Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 47-50/: “...Хуурай ах Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд над руу залгаад “... ойрхон явж байвал манай гэрт хүрээд ирээч ах нь хүнд юм өгөх байсан чинь эхнэр дуудаад яаралтай гарах хэрэгтэй байна...” гэж хэлсэн. Би тухайн үед ойрхон явж байсан учраас шууд түүний гэр рүү явж очиход Б.О ах яг гэрээсээ гарч ирж байсан. Надад 11 хайрцагтай сум өгөөд нэг дугаар тэмдэглүүлээд “...наад утсаараа холбогдоод энэ сумнуудыг Циркийн ард хүргээд өгчих, ах нь яаралтай гарахгүй бол болохгүй байна, 565.000 төгрөг болох юм, мөнгө нь бэлнээрээ байвал чи аваад ахынхаа данс руу шилжүүлчих, дансаар байвал шууд над руу шилжүүлчих...” гэж хэлсэн. Би тэр сумнуудыг нь аваад циркийн ард талын хаалган дээр очоод ...нөгөө дугаар руу нь дохиод зогсож байтал энгийн хувцастай цагдаа нар ирээд намайг шууд цагдаагийн хэлтэс рүү хүргэсэн. Б.О ахын надад өгсөн ууттай сумнуудыг нэг бүрчлэн тоолоход АКМ бууны 10 хайрцагтай 199 ширхэг, калибрийн 1 хайрцагтай 50 ширхэг сумнууд байсан. Бүгдийг нь хурааж авсан. Тухайн үед шууд Б.О ахыг дуудаж, учир байдлыг хэлсэн” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О, Б.М нар нь байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглагдах галт зэвсгийг эх сурвалж тодорхойгүй байдлаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, борлуулахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хууль заасан нийгэмд аюултай санаатай үйлдэл болох нь тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.О, Б.М нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, борлуулахыг завдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн умлаас бодит учирсан хохирол төлбөр тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.М нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 7,62х39 мм-ийн, байлдааны зориулалттай, ердийн ган зүрхэвчтэй 10 хайрцаг 199 ширхэг сум, “Стандарт 1,4S” загварын спорт-ангийн зориулалттай ердийн 5,6х15 мм-ийн 1 хайрцаг 50 ширхэг сум зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт шилжүүлж, зохих журмын дагуу хадгалж устгахыг даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.О-г “байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн,
-шүүгдэгч Б.М-г “байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.М нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.М нар нь тэнссэн хугацаанд хягаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,62х39 мм-ийн, байлдааны зориулалттай, ердийн ган зүрхэвчтэй 10 хайрцаг 199 ширхэг сумнууд, “Стандарт 1,4S” загварын спорт-ангийн зориулалттай ердийн 5,6х15 мм-ийн 1 хайрцаг 50 ширхэг сумнуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ