Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 258

 

 

      2020          03         26                                     2020/ШЦТ/258

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

шүүгдэгч: Л.Э/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт , урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 19/142 тогтоолоор эдэлж дууссан, Л.Э

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Энь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ком тавилга” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр борлуулалтын менежер гэсэн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд компанийн зүгээс итгэмжлэн хариуцуулж өгсөн “Самсунг таб”, “Макбүүк про ай5” нөүтбүүк, цэнэглэгчийн хамт, “Сони А5” маркийн зургийн аппарат, аппаратны линз дуран зэргийг барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаанд тавьсан, гал тогооны тавилгын захиалгын хөлс болох иргэн Д.Дамдинжаваас шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг дүү С.Дөлгөөний 5063541021 тоот дансаар шилжүүлэн авч, уг орлогын 5.000.000 төгрөгийг компанийн захирал Н.Дарьдуламын данс руу шилжүүлж, үлдсэн 1.500.000 төгрөгийг нь хэрэглэж зарцуулсан зэргээр “Ком тавилга” ХХК-ийн эд хөрөнгийг завшиж, нийт 3.188.000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн Л.Энь 2019 оны 11 дүгээр сарын 04-нээс 05-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаан банкны орчимд фейсбүүк цахимд “гap утас зарна” гэх агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулсан зарын дагуу нь очиж уулзсан хохирогч Н.Сумьяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ:  “...Би “Ком тавилга” ХХК-д ажиллаж байх хугацаандаа санаатайгаар хохирол учруулах зорилгоор ийм үйлдэл хийгээгүй. Ажлынхаа хажуугаар жижиг бизнес хийж байсан чинь бүтэлгүйтээд санхүүгийн асуудалд орчихсон учраас захиалгын мөнгөнөөс авсан. Буцаагаад төлөх гэсэн боловч мөнгөний боломжгүй болчихсон. Компанийн хохирлыг барагдуулах гээд ийм хэрэг хийсэн. Болсон үйл явдлынхаа талаар эрэгтэй захиралдаа үнэн учраа хэлсэн. Ажил хийгээд хохирлоо төлж байгаа. Вирус гарсантай холбоотойгоор ажил түр хугацаагаар зогсчихсон. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Санаатайгаар хохирол учруулаагүй” гэв.

 

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Дарьдуламын мэдүүлэг /хх-ийн 6, 7-8/, иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргал /хх-ийн 10/, иргэний нэхэмжлэгч Б.Чинзориг /хх-ийн 12/, иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэв /хх-ийн 14/ нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч С.Бямбацэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22-23/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27/, “Андууд” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 32, 36/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 33, 39, 42-43/, С.Дөлгөөний депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69-74/, хохирогч Н.Сумъяагийн мэдүүлэг /хх-ийн 88-89, 90-91, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх-ийн 77/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  прокурорын тогтоол /хх-ийн 104-105/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 95-97/, Н.Сумъяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 98/, хохирлын тооцоо /хх-ийн 119/, Л.Э-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-51, 52-54, 102-103, 106-108/, Л.Э-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-66, 113/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э нь “Ком тавилга” ХХК-д борлуулалтын менежерээр 2019 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрийн хооронд ажиллахдаа компанийн зүгээс ажлын хэрэгцээнд итгэмжлэн хариуцуулж өгсөн “Самсунг таб”, “Макбүүк про ай5” нөүтбүүкийг  цэнэглэгчийн хамт, “Сони А5” маркийн зургийн аппарат, аппаратны линз дуран зэргийг барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаанд тавьж мөнгийг өөртөө завшсан, иргэн Д.Дамдинжаваас “гал тогооны тавилгын захиалгын хөлс”-нд шилжүүлсэн 6.500.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг “Ком тавилга” компанийн дансанд тушаалгүй өөртөө завшиж нийт 3.188.000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны хооронд “гap утас зарна” гэх агуулга бүхий мэдээллийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “ХААН” банкны орчимд фейсбүүк цахимд байршуулан уг зарын дагуу гар утас худалдан авахаар ирсэн иргэн Н.Сумьяад “мөнгийг чинь сайтад байршуулж өсгөж өгье” гэж хуурч 250.000 төгрөгийг нь залилан авсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

           

             хохирогч Н.Дарьдуламын /хх-ийн 6-8/: “...2019 оны 10 дугаар сарын эхээр Л.Э-г ажлын зарын дагуу борлуулалтын менежерээр ажилд авсан. Манайд 15-18 хоног ажилласан. Эхэндээ идэвхтэй залуу байна гэж бодсон. Сүүлдээ ойр зуурын юман дээр худлаа яриад байсан. Хамгийн сүүлд “Мишээл Экспо” төв дээр нэг өдөр худалдааны зөвлөхийн оронд ажилласан. Тэндээс захиалга авсан. Захиалга өгөх айлдаа захиалга баталгаажуулахаар очиж уулзаад 6.500.000 төгрөгийн захиалга авсан. 5.000.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлээд 1.500.000 төгрөгийг хувьдаа авсан байсан. Би тухайн үед яагаад 5.000.000 төгрөг шилжүүлж байгаа талаар асуухад Л.Э“1.500.000 төгрөгийг маргааш шилжүүлнэ гэсэн, нөхөр нь хөдөө ажилладаг юм байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш 3 хоног болоход үлдэгдэл 1.500.000 төгрөг орж ирэхгүй байсан. 3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөртэй уулзаад “захиалга өгсөн айлын 6.500.000 төгрөгийг бүгдийг нь авсан, 1.500.000 төгрөгийг нь би авчихсан, захирлын өгсөн зургийн аппаратыг ломбарданд тавьчихсан байгаа, маргааш өглөө 10 цагт авчирч өгнө” гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Компаниас “Макбүүк”, “Самсунг таб” гар утас авч явсан. Зөвхөн оффис дээрээ хэрэглэх ёстой. Авч явах тохиолдолд надад мэдэгдэх ёстой. Бүх хохирлын мөнгөө барагдуулж авсан...” гэх мэдүүлгээр,

                

               арван найман насанд хүрээгүй гэрч С.Дөлгөөний /хх-ийн 21/: “...2019 оны 10 дугаар сарын эхээр хамаатны ах Л.Э фейсбүүк хаягаараа над руу чаталж миний “ХААН” банкны интернэт нууц үг болон нэвтрэх нэрийг авсан. Яагаад авч байгаа талаар асуухад “хүмүүс рүү албаны шугамаар мөнгө шилжүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Миний утсанд мессэж ирдэг. Дансны гүйлгээг харахад “ITEM BUY”, “Aldusota Nemek” гэсэн нэртэй гүйлгээ гардаг байсан” гэх мэдүүлгээр,  

 

               гэрч С.Бямбацэрэнгийн /хх-ийн 22-23/: “...Л.Э нь 2019 оны 10 дугаар сард манайд менежерээр ажилд орсон. Яг ийм  зүйлс хүлээлгэж өгнө гэсэн юм байхгүй. Гадуур ямар ажил гүйцэтгэхээс шалтгаалж надаас эд зүйл хүлээж авдаг. Аппарат, нөүтбүүк надад хүлээлгэж өгөөгүй. Н.Дарьдуламаас хүлээж авсан байх. Шаардлагатай үедээ айлуудад очиж хийсэн тавилганыхаа  зургийг дарж компанийн цахим хуудсанд байршуулдаг. Эд зүйл хүлээлгэж өгөхдөө тэмдэглэл үйлддэггүй...” гэх мэдүүлгээр,

 

               иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргалын /хх-ийн 10/: “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололын “Андууд-2” ломбардыг 1 жил гаран ажиллуулж байна. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Sony A35” гэсэн камерийг Л.Э нь 300.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөө 5063541021 гэсэн данс руу шилжүүлж авсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

               иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн /хх-ийн 12/: “...Би “Андууд-1” ломбарданд 2 жил гаран ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Лхагвадорж овогтой Эрдэнэбат нь  “Макбүүк про ай5” нөүтбүүкийг 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгийг бэлнээр нь авсан. Одоо хохирол барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

               иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэвийн /хх-ийн 14/: “...Манай ломбарданд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л.Э нь “Самсунг таб” гэсэн төхөөрөмжийг 130.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай барьцаалсан. Ломбарданд тавьсан эд зүйлийн хугацаа нь дуусч цагдаагаас ирж хураан авсан. Манайд 130.000 төгрөгийн хохирол учрсан. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

               Л.Э-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-51, 52-54/: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Үлэмж” барьцаалан зээлдүүлэх газарт “Самсунг таблет”, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн эсрэг талд байрлах “Андууд-1” барьцаалан зээлдүүлэх газарт “Макбүүк про ай5”, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Андууд” барьцаалан зээлдүүлэх газарт “Сони” брэндийн А35 камер зэргийг тавьсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Надад мөнгөний хэрэг их болоод түр авсан. Эд зүйл тавьсан ломбардуудтайгаа хувийн тохиролцоонд ороод төлбөр мөнгөө төлөхөөр болсон. Одоо үлдэгдэл 650.000 төгрөгийг шүүх хурал болохоос өмнө барагдуулна. ...” гэх мэдүүлэг,

               “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 33, 39, 42-43/,

 

               хохирогч Н.Сумъяагийн /хх-ийн 87-89, 90-91/: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ны 17 цаг 30 минутын ...орчим “гар утасны хар зах” нэртэй фейсбүүк группт ороод “нэмэк алдусота” хаягаар чатлаж “Самсунг эс6” маркийн гар утас 85.000 төгрөгөөр авахаар тохирч 24 орчим насны залуутай уулзаж авах гэж байсан. Ломбарднаас гар утсыг нь би мөнгөөрөө 70.000 төгрөгөөр авсан. Ломбарднаас авсан гар утсаа 75.000
төгрөгөөр буцаагаад Л.Э-н нэрээр тавьсан. Надад бэлэн байсан мөнгөө нийлүүлээд 90.000 төгрөг Л.Э-н нэг данс руу хийсэн. Би 40.000 төгрөг олоод мөн Л.Э-н данс руу хийсэн. Би гар утсаа 100.000 төгрөгөөр ломбарданд
тавиад өгсөн. Надад бэлэн бас 20.000 төгрөг байсан. Би нийтдээ
250.000 төгрөг өгсөн...Надаас “сайтад мөнгө оруулж өсгөж өгнө” гэж хэлж мөнгө авсан...” гэх мэдүүлгээр,

 

               Л.Э-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 102-103/: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүкт байрлуулсан “Самсунг эс6” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу Н.Сумъяатай холбогдсон. Бид 2 Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Сансарын тунелийн нүхэн гарцны орчим уулзсан. Би гар утсаа 84.000 төгрөгөөр зарсан. Нэг сайтад мөнгө оруулсан байсан. Тэр мөнгөө авахад 130.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. ... “Самсунг” гар утсыг Сансарт байдаг ломбарданд 70.000 төгрөгөнд барьцаалж мөнгө авсан. Би мөнгийг нь аваад сайтад байршуулсан. Буцаагаад мөнгөө татах гэсэн чинь сайт нь хаагдсан. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

               Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь “Ком тавилга” ХХК-н ажилтан болохыг, шүүгдэгч нь  “Ком тавилга” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан, үүний улмаас “Ком тавилга” ХХК-д 3.188.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч нь Л.Э-н үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

               Ийнхүү аж ахуйн нэгж, байгууллагаас өөрийн өмчийг ажил үүргийн хувьд итгэмжлэн хариуцуулан өгснийг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож барьцаанд тавьж мөнгийг өөртөө завшсан, ажил үүргийнхээ дагуу гал тогооны тавилгын захиалгын хөлсөнд авсан мөнгийг аж ахуйн нэгж, байгууллагын дансанд тушаалгүй өөртөө завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй  Л.Э-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг, “мөнгийг чинь өсгөж өгье” хэмээн мөнгийг буцаан өгөх зорилгогүйгээр хууран мэхэлж гар утасыг барьцаанд тавиулж, бэлэн мөнгө зэргийг нь өөртөө шилжүүлэн авч буй Л.Э-нгэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч Л.Э-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

  Хохирогч Н.Дарьдуламын “бүх хохирлоо барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг

хавтаст хэргийн 8 дугаар талд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 33, 39, 42-43 дугаар талд авагдсан байх  тул шүүгдэгчийг хохирогч Н.Дарьдуламд төлөх төлбөргүй гэж үзэв..

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 830.000 төгрөгийг шүүгдэгч Л.Э-аас гаргуулж үүнээс хохирогч Н.Сумъяад 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргалд 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэвт 130.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Л.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Эрдэнэбатад оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1  сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл хэмжээг 7  сарын хугацаагаар хорих ялаар тогтоов. Мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

   мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Э-д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1  сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Э-н нийт эдлэх ялын төрөл хэмжээг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч Л.Э нь хохирогч Н.Дарьдуламд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Л.Э-аас нийт 830.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Н.Сумъяад 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргалд 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэвт 130.000 төгрөг тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ