Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 42

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ********************** нэхэмжлэлтэй,

Хорих 441 дүгээр ангид 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд дэд ахлагч цолтой хянагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ************, гэрч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                       

Нэхэмжлэгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь хорих 441 дүгээр ангид хянагчаар дэд ахлагч цолтой 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ангийн даргын тушаалаар томилогдон тасралтгүй ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар үргэлжлүүлэн ажиллаж, одоог хүртэл тасралтгүй уг байгууллагад ажиллаж байна. Ажилд томилсон тушаалд цолийг дурдаж бичээгүйгээс болж 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд дэд ахлагч цолтой ажиллаж байсан байдал тогтоогдохгүй, одоо цэргийн тэтгэвэрт гарах болохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар уг хугацааг энгийнээр ажилласан гэж үзээд байгаа тул үүнийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Бид нар тушаал гарч ажилд томилогдоод цэргийн хувцастай дэд халагч цолтой ажилладаг. Хянагч угаасаа дэд ахлагч цолтой ажилладаг, энгийн хянагч гэж байдаггүй. Тиймээс 1998 оны 06 сарын 01-ний өдрөөс 2000 оны 08 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Хорих 441 дүгээр ангид дэд ахлагч цолтой хянагчаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** нь 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 08 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Хорих 441 дүгээр ангид дэд ахлагч цолтой, хянагчаар ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргажээ /хх-1/.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь ************* Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын хорих 441 дүгээр ангид 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хянагчаар ажилд орсон болох нь Хорих 441 дүгээр ангийн даргын 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай Хорих 441 дүгээр ангийн ажилчдын хурлын протоколын хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-6, 48, 49/.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч ************* хэзээ цэргийн цол олгосон талаарх лавлагаа баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулахаар шаардсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны удирдлагын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/215 тоот албан бичиг ирсэн. Уг албан бичигт нэхэмжлэгч ************ 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хорих 441 дүгээр ангид энгийнээр томилогдон ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар тус хорих ангид хянагчаар томилогдсон, уг тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар “цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн цэргийн дэд ахлагч цол олгосон, 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/651 дүгээр тушаалаар цэргийн ахлагч, 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар цэргийн ахлах ахлагч цолыг тус тус олгосон талаар дурдсан байна /хх-47/.

*************** нь 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс дэд ахлагч цолтой хянагчаар ажилласан болох нь

Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн цол олгож хянагчаар томилсон Б/556 тоот тушаалын хуулбар,

2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албаны даргын гаргасан ************** “...1998 оны 4 дүгээр сараас дагалдан хянагчаар, 2000 оны 08 дугаар сарын 21-нээс цэргийн орон тоон дээр дэд ахлагч цолтойгоор хянагчаар ажиллаж байна...” гэсэн ажил байдлын тодорхойлолтын хуулбар,

2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Ж.Эрдэнэбишийн “...би 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хорих 441 дүгээр ангийн даргын 09 тоот тушаалаар томилогдон ажилласан. 2000 оны 08 дугаар сарын 22-нд ШШБЕГ-ын даргын Б/556 тоот тушаалаар дэд ахлагч цолоор, ...шагнагдсан” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын боловсон хүчний хэлтэст гэж хаягласан өөрийнх нь өргөдлийн хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-50, 52, 57/.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/556 дугаартай тушаалын хуулбарын 1 дэх заалтад “дэд ахлагч” гэж гараар бичиж хуулбар үнэн дарагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нотлох баримтаар ирүүлсэн уг тушаалын хуулбарын 1 дэх заалтад дэд ахлагч гэж гараар бичигдсэн зүйл байхгүй байгааг дурдах нь зүйтэй /хх-15, 50/.

Түүнчлэн ************ 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ахлагч цолоор, 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ахлах ахлагч цол авсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/651 тоот, 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/49 тоот тушаалуудын хуулбараар тогтоогдож байна /хх-53-56, 58-60/.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ************* гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Хорих 441 дүгээр ангид ангийн дэд даргаар ажиллаж байсан болох нь 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай Хорих 441 дүгээр ангийн ажилчдын хурлын протокол, цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгчийг хэзээ дэд ахлагч цол авсан талаар тодорхой зааж мэдүүлээгүй, хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн /хх-49, 16-40, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Түүнчлэн хэрэгт Хорих 441 дүгээр ангийн цалингийн тооцооны хүснэгт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг тооцооны хүснэгтийн “албан тушаал мэргэжлийн зэрэг” гэсэн хүснэгтэд нэхэмжлэгчийн нэрний ард д/а гэсэн цол 1998 оны 8-12 дугаар саруудад, 1999 оны 1, 5-8 дугаар саруудад бичигдэж, бусад он болон саруудад дээрх цол бичигдээгүй байна /хх-16-40/.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаар *************** нь 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Хорих 441 дүгээр ангид дэд ахлагч цолтой ажилласан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Хорих 441 дүгээр ангид 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд дэд ахлагч цолтой хянагчаар ажилласан болохыг тогтоолгохыг хүссэн ************* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЯНЖИНДУЛАМ