| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0266/Э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 259
2020 3 26 2020/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Ш.Хосбаяр /томилолтоор/;
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
шүүгдэгч: У.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган суманд терсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 143 дугаар сургуульд мэдээлэл зүйн багш ажилтай, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, У.М
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч У.М нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тээврийн Цагдаагийн албаны хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Пүрэв-Очирыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пүрэв-Очирын мэдүүлэг /хх-ийн 8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1943 дугаартай дүгнэлт /16-17/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-21/, У.М-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 30-32/ мэдүүлэг, У.М-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-42/, хохирол авсан тэмдэглэл /хх-ийн 55/, Б.Пүрэв-Очирын хүсэлт /хх-ийн 57/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.М нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Тээврийн Цагдаагийн албаны хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Пүрэв-Очирыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Пүрэв-Очирын /хх-ийн 8/: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо талбайн автобусны буудал дээр албан үүргээ гүйцэтгэж байхаД 2304 УНС дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн авто машин автобусны буудал дээр зогсож байсан. 2304 УНС дугаартай суудлын автомашин дээр очиж “амрыг эрье” гэж хэлээд “бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч бичиг баримтаа гаргаж өгсөн. Би иргэний бичиг баримтыг шалгаж “та зөвшөөрөлгүй автобусны буудал дээр зогссон байна, танд арга хэмжээ авна” гэж хэлтэл жолооч эмэгтэй “автобуснууд зогссон байна, бид нар яагаад зогсож болдоггүй юм, намайг торгох гэж байгаа юм уу” гээд машинаасаа буугаад бичиг баримтаа авах гэж над руу дайрсан. Би өөрөөсөө холдуулах гэж гараараа хойшлуулсан. Тэгтэл жолооч У.М нь бичиг баримтаа авна гээд удаа дараа над руу дайрч “миний зөвшөөрөлгүй ямар учраас арга хэмжээ авдаг юм, хуц” гээд дайрч байгаад миний зүүн нүд рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Би “та яагаад намайг цохиж байгаа юм” гэж хэлэхэд “чи намайг цохио биз дээ” гээд “бичиг баримт аваад ир, наадах чинь миний хувийн өмч, ямар учиртай юм, аваад ир” гэж хэлээд дайрсан. Би ахлах руугаа станцаар мэдэгдэж асуудал гарсан талаараа илтгэн танилцуулсан. Тухайн хүн Зөрчлийн тухай хуулийн 14.7.37-дахь заалтыг зөрчсөн, хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлгээр,
Б.Пүрэв-Очирын биед “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүйг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1943 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17/,
У.М-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 32/: “...2304 УНС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед талбайн автобусны буудал дээр эгчийгээ суулгах гээд түр зогссон. ...Замын цагдаа ирэхэд нь бичиг баримтаа өгч шалгуулсан. Хэсэг хугацааны дараа яах талаар асуухад торгоно гэж хэлсэн. Би “торгуулахгүй, бичиг баримтаа авна” гэсэн боловч өгөөгүй. Тэгээд маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэнээ өөрөө хүлээсэн, хохирогч дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар У.Мнь хууль сахиулагч Б.Пүрэв-Очирыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч У.М-н“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь /хх-ийн 55/ эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч У.М-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд
мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.М-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч У.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ