Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00724

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00979 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар магадлалтай,                 

А.Б-ын нэхэмжлэлтэй,

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК Хөвсгөл аймгийн газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Батлхагва, хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би  Мэдээлэл Холбооны Газар ТӨХХК-ны Хөвсгөл аймгийн газарт 1992 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тушаалаар цахилгааны бичээчээр ажилд орж 25 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд шугам аппаратын техникч, архив бичиг хэрэг, нярав, касс зэрэг ажлыг хийж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр надтай хөдөлмөрийн гэрээ байгуулан нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллуулсан. Гэтэл Даваахүү дарга ажлаа аваад намайг мэргэжлийн ажилд нь буцаан томилно гээд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б\09 дугаартай тушаалаар шугам аппаратын ээлжийн техникчийн ажилд буцаан томилсон. Ингээд уг ажлаа хийж байтал 2017 оны 3 дугаар сард бичиг хэргийн ажилтан залгаад ажлаас чөлөөлөх тушаал гарч байна гэсэн боловч тушаалаа өгөөгүй. Би ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад амралтаа аваад буцаад ажилдаа орох гэтэл 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд намайг Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ны Хөвсгөл аймгийн газрын шугам аппаратын ээлжийн техникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Учир нь А.Б-а нь Солонгос улс руу явна гээд 1 сарын хугацаатай техникчээр ажиллая гэж гуйж техникчээр түр ажилласан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00979 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Б-ыг Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газрын шугам аппаратын ээлжийн техникчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.747.913 /хоёр сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун арван гурав / төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ад олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2.747.913 /хоёр сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун арван гурав / төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газраас улсын тэмдэгтийн хураамж нийт нийт 129.117 /нэг зуун хорин есөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 979 дүгээр шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шийдвэрийн Үндэслэх хэсэг, Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтын Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат гэснийг Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,117 /нэг зуун хорин есөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Даваахүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017.12.18-ны өдрийн 45 дугаар магадлал гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул уг хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгаад зөв дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүхэд шүүх хуралдаан хойшлогдоход шүүгч нь намайг загнаж байснаа алхаа цохиод гарсан бөгөөд шүүгчийн туслах нь дараагийн хуралдааны товд гарын үсэг зуруулсан ба шүүх хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй байсан тул би лавлахад жич утсаар мэдэгдэнэ гэсэн. Гэвч надад мэдэгдэлгүй шүүх хуралдаан хийснийг шүүгчийн туслах нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүгч нь шүүх хуралдаанаа огноотой товлосон мэтээр дуу хоолой оруулж дүрсгүй бичлэг хийсэн байгаад би маш их гайхаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зөрчсөн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан явуулсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтуудтай холбон үзэхэд анхан шатны шүүхийн шүүгч Даваахүү, давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сосорбарам нар хэргийг шийдвэрлэхэд оролцох ёсгүй байжээ. Учир нь шүүгч Даваахүү нь нэхэмжлэгчийн нөхөр Борын эгч Оюунбилэгтэй найз бөгөөд нэг байгууллагад хамт ажиллаж байсан ба шүүгч Б.Сосорбарам нь миний нөхөр С.Жамъяншаравын авга эгчийн хүүхэд юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээ миний гарын үсэгтэй 2017.02.09-ний өдрийн Б/09, 2017.05.25-ны өдрийн Б/26 дугаар тушаалуудад үндэслэж гаргасан талаар зөв заасан атлаа уг тушаалууд Батлхагвын ажлын байрны хувьд тэс өөр байхад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч тушаалаа авсан атлаа гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлчхээд Солонгос улсын визийн материалд хэрэглэнэ гэж өөрөө гуйж хийлгүүлсэн 2017/02/09-ний өдрийн Б/09, 2017.05.25-ний өдрийн Б/26 дугаар тушаалуудаа ашиглаж шүүхэд гомдол гаргасан нь илэрхий байна. Нэхэмжлэгч нь 2017.03.29-ний өдөр буюу хөдөлмөрийн гэрээний нэг жилийн хугацаа дуусахаар ажлаас чөлөөлөгдөөгүй хүн болох гэж миний ажлын ширээн дээр байсан хөдөлмөрийн гэрээгээ нууж аваад уг гэрээг 2016.04.04-ний өдөр байгуулсан мэтээр засварласан зохисгүй үйлдэл гаргасан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч А.Б-а нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газрын дарга 2017 оны 5 дугаар сарын 25-ний өдөр Б/26 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэл дурджээ.

А.Б-а нь 2012 оноос хойш нярав бичгийн хэргийн ажилтнаар ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн тушаалаар ШАТ-ын ээлжийн техникчийн ээлжийн техникчээр түр томилсон ба хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн техникчээр томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцсэн боловч шийдвэрт хариуцагч компаний нэрийг буруу бичжээ. 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байна.  

Хэргийн 45 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн төлөөлөгч Ж.Даваахүү анхан шатны шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-г зөрчөөгүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “...хэт нэг талыг барьсан” гэх үндэслэлээр шүүгч Г.Даваахүүгээс татгалзсан, Хөвсгөл аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 986 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-г зөрчөөгүй байна.   

Шүүх хуралдаан даргалагч нь шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгөх  талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-т зохицуулсан, давж заалдах шатны шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзал бий эсэхийг асуухад зохигч талууд татгалзаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ /хэргийн 79 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү, Б.Сосорбарам нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “...шүүгч нар хэргийг шийдвэрлэхэд оролцох ёсгүй байсан...” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Даваахүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 129.117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ