Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор С.Солонго,

          Шүүгдэгч Г.Г ,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г ын гаргасан давж заалдах гомдлоор Г.Г од холбогдох эрүүгийн 1706 0176 80139 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харчуу овгийн Г.Г, 1975 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан электроникийн инженер мэргэжилтэй, “Мон Хорус” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэннаст” хотхоны 36/Б-212 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СЖ75080211/,

 

Г.Г  нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэннаст” хотхоны 36Б-212 тоотод эхнэр Т.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г ыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г ын 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Г  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эхнэр Т.М  нь согтуу ирж, агсам тавьж, миний нүүр, хүзүү хэсгийг маажиж, намайг цохиж, зодоод байхаар нь миний бие маажуулахгүйн тулд хоёр гарын бугалга хэсгээс нь барьсан. Гэтэл Т.М  нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байсан бөгөөд надтай муудалцах, над руу дайрах явцдаа өөрийн биед гэмтэл учруулчихаад байхад намайг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна.

            Миний бие дуудлагын цагдаа ирэхэд болон мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ эхнэр Т.М ийг согтуу ирээд агсам тавьж намайг цохиж, зодсон, өөрийгөө гэмтээсэн талаар мэдүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон миний өөрийн тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Болдбаатарын “... Жаргалсайхан бид хоёрыг уг айлд ороход үүдэн хэсгээрээ хувцас, хунар тараагаад шидчихсэн, сандал зэрэг эд хогшил нь газар уначихсан, эмэгтэй нь нилээн согтуу, хоорондоо ноцолдсон байдалтай байхад нь Жаргалсайхан бид хоёр эхнэр нь гэх Т.М ийг гэрээс авч гараад Төмөр замын Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хийсэн” гэх, /хх-45/

            Гэрч Жаргалсайханы “гэр орон нь ундуй, сундуй, эмх цэгцгүй болсон. Эхнэр, нөхөр хоёр хэрэлдсэн байдалтай, нөхөр гэх залуу нь “манай эхнэр согтуу ирээд агсам тавиад байна, энэ хүнийг аваад яваач гэж байсан”, эхнэрийнх нь хүзүү улайсан, нөхрийнх нь энгэр, цээж нь цус, цэр болчихсон байсан. Эмч тусгай өрөөнд оруулж үзлэг хийсэн. Тэр үед гар нь хөхөрчихсөн байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг зэргээр миний ярьсан бүх зүйл үнэн, харин Т.М ийн биед санаатайгаар хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байхад дээрх нотлох баримтуудыг хэт нэг талыг барьж гэм буруутайд тооцох үндэслэл байна гэж үнэлж шийдвэр гаргасан харагдаж байна.

            Иймд шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү ...” гэв. 

 

            Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэсэн хоёр журмыг тус тус өөр байдлаар хэрэгжүүлэхээр хуульчлан зохицуулжээ.

Тухайлбал, яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасныг баримтлах ба яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хавсарган ирүүлэхээр /хуулийн 17.1 дүгээр зүйл/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан ердийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлахаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар тус тус заасан байна. /хуулийн 17.4 дүгээр зүйл/

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богино хугацааг тогтоожээ.

Шүүгдэгч Г.Г ын холбогдсон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богино хугацаанд хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Харин шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “ял оногдуулах шүүх хуралдаан зарлах” тухай шүүгчийн захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Энэхүү захирамжийн удиртгал хэсэгт шүүгч Д.Мөнхтуяа захирамжийг даргалж гаргасан байхад, захирамжийн тогтоох хэсэгт шүүгч Ч.Алтанцэцэг гарын үсэг зурсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй шийдвэр болсон байна.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Г  нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дүгнэн ирүүлсэн байхад, шүүх 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн буюу “гэмт хэргийг хэзээ” үйлдсэнийг тодорхойлж чадаагүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болгосон байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгон хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г од холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Г.Г ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ