Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0555

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч М.П нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан “Н” ХХК-ийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Завхан аймгийн Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж, хариу өгөхийг Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж”  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Завхан аймгийн Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад туссан Ургамал сумын нутагт орших “Тоголын худаг” нэртэй ХV-11200 тоот тусгай зөвшөөрөл хуулийн хүрээнд цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч талаас нөхөн олговор шаардаж байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуулийн хүрээнд өөрт ногдсон үүргийг хангалтгүй биелүүлж цаг тухай бүрд нь хайгуулын ажлын төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт тайлагналтыг хугацаа хэтрүүлж, сумтай харилцан хамааралгүй явсан асуудлаас тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болж цуцлагдсан байдаг. Энэ нь өмнөх шатны шүүх хурлуудын процесс тэмдэглэлээс тодорхой харагдана.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хөндөгдсөн асуудал гэж үзэж байна. “Н” ХХК өөрийн хариуцлагагүй байдлаас тухайн тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан заалтын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан эрхийн хүрээнд энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавин шийдүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг 1 жилийн дотор төлнө” гэж заасан байна. Гэвч “Н” ХХК нь манайхтай гэрээ байгуулан харилцан тохиролцсон болон үүний дүнд газрыг тусгай хэрэгцээнд өгч авалцаагүй, тухайн талбай нь холбогдох хуулийн зохицуулалтаар хугацаа нь дуусаж, цуцлагдсан байсныг дахин дурдая.

Тусгай зөвшөөрөл бүхий газруудын бүх мэдээлэл Ашигт малтмал газрын тосны газар Кадастрын хэлтэст хянагдаж бүртгэгдэж явдаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн хүрээнд хурлаа хуралдуулан гаргасан тогтоол шийдвэрээ Кадастрын хэлтэст хүргүүлж түүнийг холбогдох газар нь хянаж үзээд орон нутгийн тусгай хэрэгцээний газраар бүртгэсэн байдаг. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1713 тоот бичгээс харж болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан заалтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээний газраар бүртгэгдсэнтэй холбоотойгоор болон хайгуулын эрхээ сэргээлгэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах зорилгоор “Н” ХХК-ийн зүгээс Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасныг анхан шатны шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 96 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэлийг уг захирамжид тодорхой тусгасан байдаг.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар тухайн компанийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 646 тоот тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 96 дугаар захирамжийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Ингэсээр байтал тухайн компанийн зүгээс өөрийн эс үйлдэхүйг заавал бусдад тохохоор зүтгэж байгаа нь тухайн компани нь асуудалд хэрхэн ханддаг болоод бодит байдал нь харагдаж байна гэж үзэж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу хариуцагч талаас өмгөөлөгч оролцуулах хүсэлтээ өгсөн боловч манай талын өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй.

Мөн нөхцөл байдлын улмаас онлайнаар шүүх хуралдаанд оролцох боломжтой гэсэн боловч тухайн хуралдаан өөр онлайн хуралтай давхацсан гэх шалтгаанаар онлайн хуралд оролцуулаагүй. Энэ нь мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр шууданд хийсэн гэсэн боловч манай сумын шууданд одоо хүртэл ирээгүй тухайн бичгийг хүлээж аваагүй болно. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-011200 дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас Ургамал сумын нутагт орсон хэсгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан нутгийн өөрөө удирдах байгууллага буюу хариуцагч Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцохоор зохицуулжээ.

Гэтэл хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “... “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нөхөн олговортой холбоотой тохиролцох хүсэлтийг шийдвэрлэлгүй хариу өгсөн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд ““Н” ХХК-ийн төлөөлөгч Б.Энхжаргалд хурлаас ямар нэгэн шийдвэр гарахгүй гэдгийг хэлсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ийм их мөнгө байхгүй учраас энэ мөнгөө нэхээд байж л байг, тогтоолоо хүчингүй болгож болохгүй” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчтай тохиролцохоор хүсэлтээ хүргүүлсэн, уг хүсэлттэй холбоотой тайлбараа гаргахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар хуралд оролцохоор ирсэн боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчээс ийнхүү өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоолгох зорилгоор удаа дараа хандахад “үндэслэлтэй, хууль ёсны” хариу өгч байгаагүй ажээ.

Иймд хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоох боломжтой төдийгүй, зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн, “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу хариуцагч талаас өмгөөлөгч оролцуулах хүсэлтээ өгсөн боловч манай талын өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Мөн нөхцөл байдлын улмаас онлайнаар шүүх хуралдаанд оролцох боломжтой гэсэн боловч тухайн хуралдаан өөр онлайн хуралтай давхацсан гэх шалтгаанаар онлайн хуралд оролцуулаагүй. Энэ нь мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгчөө сонгох, гэрээ байгуулах, хэргийн материалтай танилцах зэрэг ажиллагаанд тодорхой хугацаа шаардагдах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхээс дээрх эрхийг хангаж шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулжээ.

Үүний дараагаар шүүгчийн туслахаас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт болох шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн, мөн хариуцагчаас өмгөөлөгч оролцуулах хүсэлтээ шүүх хуралдаан болохын өмнө цахимаар хүргүүлсэн байх боловч шүүх хуралдаанд оролцохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлох хүсэлт, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаагаас үзвэл түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                Э.ДОЛГОРСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ