Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 230

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.М,

Хариуцагч: ОӨУБЕГ,

Гуравдагч этгээд: “И” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “ЭБЭМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “ЭБЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулж дахин шинээр авсан 0014******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М болон түүний өмгөөлөгч Л.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “Д.М нь эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан бөгөөд гэмтэл согогийн чиглэлээр хувийн эмнэлэг байгуулахаар 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “ЭБЭМ” ХХК-ийг ганцаараа үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн хуулийн этгээдийн 00006******* тоот гэрчилгээ, гэмтэл согогийн тусгай мэргэжлийн төв гэх 2 тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Д.М-ыг гэмтлийн эмнэлэгт ажиллаж байх хугацаанд БНСУ-ын иргэн K******* нь Монгол Улсад ирж мэс засал хийдэг байсан бөгөөд тэд 2005 оноос хойш бие биенээ таньж мэддэг болсноор K******* нь хамтран ажиллаж тоног төхөөрөмж зээлээр өгье, сар бүр 50 сая төгрөг төлөх боломжтой гээд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа явуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмнэлгийн хэрэгсэл багаж төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, импортлох, худалдах, тусгай мэргэжлийн төв гэсэн үйл ажиллагааны чиглэл нэмэгдэж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан.

Д.М нь тоног төхөөрөмжийн зээлийн төлбөрийг сар бүр өгч байсан. Гэтэл K******* нь тоног төхөөрөмж зээлээр нийлүүлснээс хойш 2 жилийн дараа 2014 оноос эхлэн “БНСУ-д татварын асуудалд орсон, зээл сунгах шаардлагатай” гэх тайлбар хэлж, цахим шуудан болон амаар удаа дараа “ЭБЭМ” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авахаар ятгаж байсныг Д.М эхлээд зөвшөөрөөгүй боловч дараа нь түүнд итгэж, 2016 оны 03  дугаар сарын 27-ны өдөр компанийн Хувьцаа худалдан авах тухай, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хийж, Т.Б-д итгэмжлэл олгон, “ЭБЭМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК-ийг бүртгүүлж, дүрэмд өөрчлөлт оруулсан бүртгэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хийлгэсэн. 

Д.М нь уг үйлдлийг нь залилах гэмт хэргийн шинжтэй хууль бус гэж үзэн Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Учир нь би түр хугацаагаар компанийн чинь эрхийг шилжүүлж авна, үйл ажиллагаанд чинь хөндлөнгөөс оролцохгүй, чи үйл ажиллагаагаа явуул, би зөвхөн татвараас зайлсхийж, ямар нэгэн асуудлаас гарахын тулд үүнийг хийж байна гэсэнд нэхэмжлэгч итгэсэн. Гэтэл түүнээс хойш K******* нь амласан амлалтуудаа зөрчиж, Д.М-ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлөн, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон. 

K******* болон Д.М нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн тухай нотлох баримт байхгүй байхад Д.М-ыг шууд K*******-ын ажилтан байсан мэтээр ярих нь зохисгүй. Д.М нь анхнаасаа компанийн үүсгэн байгуулагч байсан тул хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, хуулийн этгээдийн бүртгэлийн хувийн хэрэгт энэ тухай баримт байхгүй. 

Мөн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр С.Б нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, улсын бүртгэлийн гэрчилгээ үрэгдүүлсэн тул дахин авах, гүйцэтгэх захирлыг С.Б болгож өөрчлөгдсөнийг бүртгэх өргөдөл гаргаж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хуучин гэрчилгээ, тамга хүчинтэй хэвээр байхад “ЭБЭМ” ХХК-ийн хуулийн этгээдийн 00014******* тоот гэрчилгээг шинээр гаргуулж авсан байна. Гэтэл тамга үрэгдүүлсэн гэсэн атлаа “ЭБЭМ” ХХК-ийн тамгыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон бусад баримт дээр дарсан байхад улсын бүртгэгч хянаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд компани руу утасдаж лавлах, давхардуулж гэрчилгээ олгохгүй байх, болгоомжлох үйлдлийг хийх ёстой байсан. 

Мөн “ЭБЭМ” ХХК-ийн хэвлэмэл хуудсанд “И” ХХК-ийн тамгыг дарсан, бүртгэл хийх бичиг баримтын шаардлага хангаагүй байхад бүртгэл хийсэн үйлдлийг зөвтгөх боломжгүй. 

Иймд хүчин төгөлдөр бус баримт бичиг үйлдэж, хүчин төгөлдөр гэрчилгээ, тамга байсаар байхад шинээр хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулан авсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг зөрчсөн тул гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл, мөн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “ЭБЭМ” ХХК-ийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон “ЭБЭМ” ХХК-ийн 00014******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.

С.Б гүйцэтгэх захирал болсноор “ЭБЭМ” ХХК нь үйл ажиллагаа явуулж боломжгүй болж, ажилтнуудын нийгмийн даатгал, банкны зээл зэрэг төлбөр тооцоог хүчингүй болгох үр дагавар үүсээд байгаа бөгөөд С.Б нь тамга, гэрчилгээг ашиглан “ЭБЭМ” ХХК-ийн данснаас 22 сая төгрөгийг 2017 оны 10 дугаар сард гаргуулан авсан байх бөгөөд цаашид “ЭБЭМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудал үүссэн байхад компанид аливаа хохирол учруулсан үйлдэл хийж болзошгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан баримтуудыг үндэслэдэг. 

“ЭБЭМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс иргэн Д.М-ыг хасаж, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “И” ХХК-ийг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримт буюу УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ЭБЭМ” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн 16, 21, 22, 16/014 тоот шийдвэр, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, Т.Б-д олгосон итгэмжлэл, Компанийн шинэчилсэн дүрэм зэргийг хянан үзэхэд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэлийг хийсэн.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “ЭБЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Б-ийг томилж, улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр гэрчилгээг дахин олгосон. Тухайн үед “ЭБЭМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдээр БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “И” ХХК бүртгэгдсэн байсан бөгөөд эрх бүхий этгээд нь гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх шийдвэрээ гаргаж, бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлж ирүүлсэн. Ирүүлсэн УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ЭБЭМ” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 17/009, 17/010 дугаар шийдвэр, “ЭБЭМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцсон зар, Т.Б-д олгосон итгэмжлэл, Компанийн шинэчилсэн дүрэм зэргийг хянан үзэхэд бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй. 

Нэхэмжлэгч нь гэрчилгээ хүчин төгөлдөр байсаар байхад давхардуулан олгосон гэж байгаа боловч тухайн үед эрх бүхий хувьцаа эзэмшигч нь үрэгдүүлсэн гэж өөрсдөө тодорхойлолт гаргаж, сонинд зарлуулсан байсан бөгөөд хуучин гэрчилгээг хүчин төгөлдөр болохыг нотлох баримт байгаагүй учраас гэрчилгээг шинээр гаргаж өгсөн. Гэрчилгээг давхардуулж олгосон гэж үзэхгүй байна.

Бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ЭБЭМ” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд компанийн 100 хувийн хувьцааг “И” ХХК эзэмшдэг. “ЭБЭМ” ХХК нь “И” ХХК-ийн охин компани юм.

“И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНСУ-ын иргэн K******* 100 хувь эзэмшдэг ба компанийн гүйцэтгэх удирдлагыг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлдэг.

Компанийн гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх асуудлыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь заалтад зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал буюу  нэг гишүүнтэй компанийн тухайд хувьцаа эзэмшигч бие даан шийдвэрлэх эрхтэй. Дээрх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал K******* нь охин компани болох “ЭБЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Д.М-ыг чөлөөлж, С.Б миний биеийг томилсон. Үүний дагуу компанийн мэдээлэлд орсон өөрчлөлтөө Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шаардлагыг хангуулсны үндсэн дээр компанийн мэдээлэлд албан ёсоор өөрчлөлт оруулсан. 

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх нь хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийн асуудал. 

Д.М нь гүйцэтгэх захирлыг өөрчилсөн хувьцаа эзэмшигчийн шийдвэртэй санал нийлэхгүй, хууль бус гэж үзэж байгаа бол энэ нь захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Захиргааны хэргийн шүүх зөвхөн улсын бүртгэлийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт хийнэ. Гүйцэтгэх захирлыг томилсон, өөрчилсөн үйл баримтад дүгнэлт хийхгүй. Хувьцаа эзэмшигч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Д.М-ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. 

“ЭБЭМ” ХХК-ийн 00014******* тоот гэрчилгээг дахин шинээр авсан үйлдэл нь хуулийн хүрээнд хийгдсэн. 

Тодруулбал, компанийн үйл ажиллагаанд гэрчилгээ шаардлагатай үед гүйцэтгэх захиралд гэрчилгээг өгч хадгалуулах, мөн хувьцаа эзэмшигч өөртөө хадгалах зэргээр гүйцэтгэх удирдлагын аль нэгэнд хадгалагдаж ирсэн.

Гүйцэтгэх захирал Д.М нь эрх мэдлээ хэтрүүлсэн, хувьцаа эзэмшигчийн шийдвэрлэх асуудлыг өөрийн дураар шийдвэрлэсэн, компанийн хөрөнгийг дангаар захиран зарцуулж, эрх мэдлээ хэтрүүлж, шунахайрсан үйлдлийг 2016 оноос хойш удаа дараа гаргаж, хувьцаа эзэмшигчийг Монгол Улсад ирүүлэхгүй байхаар хаалт, шахалт хийж, компанийн үйл ажиллагаанд оролцох боломжийг санаатайгаар хааж байсан учраас  2017 оны 05 дугаар сард Д.М-ыг гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөх шийдвэрийг хувьцаа эзэмшигч гаргаж, түүнд мэдэгдсэн. 

Үүнээс хойш тэрээр хүчтэй эсэргүүцэж, компанийн байранд шинэ захирлыг оруулахгүй, ажил үүргээ хүлээлцэхгүй байдлаар маргаан бий болсон. Тухайн үед Цагдаагийн байгууллагад хоёр талаас хүсэлт гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж,  үйл баримтыг маш удаан хугацаанд шалгаж, 2017 оны 03 дугаар сард эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, татгалзсан. Татгалзсан тухай тогтоол нь одоо хүчин төгөлдөр байна.  

Энэ үед шинэ гүйцэтгэх захирал эмнэлэг дээр очиж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, санхүүгийн баримт бичиг зэргийг шилжүүлэх, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан боловч Д.М “Улсын бүртгэлийн гэрчилгээ надад байхгүй, улсын бүртгэлийн лавлагаа авахад надад мэдэгдэхгүйгээр хувьцааг шилжүүлсэн байна. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг мэдээгүй” гэж бидэнд байсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шаардсан. Тамга болон холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд K******* болон Д.М нарт аль алинд нь улсын бүртгэлийн гэрчилгээ хадгалагдаж ирсэн. Шаардлагатай үед нэг нь нөгөөдөө өгдөг байсан. 

Улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, тамгаа өгөхгүй байна гэж “И” ХХК-ийн захирал K*******-д мэдэгдэхэд өөрт байгаа бичиг баримтаа шалгаж үзээд “Надад бас байхгүй байна. Тэгэхээр Д.М-д байгаа байх” гэж хэлж тодорхой хугацаа алдсан. Гэтэл бид гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг хуулийн хугацаанд бүртгүүлэх шаардлагатай байсан тул хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр албан ёсоор зарлаж, хувьцаа эзэмшигч K******* өөрөө Монгол Улсад байхгүй тул тэрээр Т.Б-д итгэмжлэл өгсөн. Уг итгэмжлэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэйгээр “И” ХХК болон “ЭБЭМ” ХХК-ийн хэвлэмэл хуудсаар гаргаж, шаардлагын дагуу баримтаа бүрдүүлж гэрчилгээг шинээр авсан. Гэрчилгээ байсаар байхад давхардуулж авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд “Надад байхгүй” гээд нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй. 

Мөн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн мэдээллийн санд байршуулсан, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цахим болон бичгийн хэлбэрээр олгох баримт бичгийг хэлнэ гэж заасан. “ЭБЭМ” ХХК нэртэй бие даасан хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Тэгэхээр “ЭБЭМ” ХХК байдаг эсэх, улсын бүртгэлийн мэдээлэл үнэн зөв эсэх асуудалд нэхэмжлэгч ямар нэгэн тайлбар, шаардлага гаргаагүй. Гэрчилгээг шинээр авсныг хууль бус гэж маргаж байгаа хирнээ энэ гэрчилгээг шинээр авснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тодорхойгүй байна. 

Ийнхүү гэрчилгээг дахин шинээр авсан үйлдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, журамд заасан нөхцөл шаардлагын дагуу зохих ёсоор хийгдсэн ба энэхүү бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй тул Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх Д.М нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “ЭБЭМ” ХХК-ийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “Д.М-ыг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар С.Бийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл болон “ЭБЭМ” ХХК-ийн 00014******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, улмаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “ЭБЭМ” ХХК-ийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, “ЭБЭМ” ХХК-ийн 00014******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.М-ын дангаараа үүсгэн байгуулсан компанийн эрхийг БНСУ-ын иргэн K******* нь залилан мэхлэх замаар шилжүүлэн авч, улмаар Д.М-ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, С.Б-ийг томилсон. Бүртгэл хийлгэхээр Т.Б-д олгосон итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр гэрчилгээ, тамга байсаар байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг зөрчиж, шинээр хуулийн этгээдийн гэрчилгээ олгосон ... тамга алга болгосон гэсэн атлаа 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон бусад баримтанд “ЭБЭМ” ХХК-ийн тамгыг дарсан байхад бүртгэлийг хийсэн” гэж, хариуцагч нь “...хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул хуулийн дагуу бүртгэл хийгдсэн. Бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэж маргажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр, 23 дугаар зүйлийн 23.3-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус    бүрдүүлэхээр нэрлэн заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, маргааны үйл баримтуудаас үзэхэд “ЭБЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувьцаа эзэмшигч Д.М нь “өөрийн хөрөнгийн 100 хувьтай тэнцэх 1.000.000 төгрөгийн өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь “И” ХХК-д худалдаж, компанийн эрхийг бүрэн шилжүүлж, компанийн үүсгэн байгуулагчаас гарах тухай” 16/21 дугаар  шийдвэрийг, мөн “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч K*******  нь “ЭБЭМ” ХХК-ийн хувьцаа болон эрхийг 100 хувь шилжүүлэн авах тухай 16/014 дугаар  шийдвэрийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус гаргаж, Д.М “И” ХХК /төлөөлж K*******/ нар нь харилцан тохиролцож, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” , “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ” -г байгуулжээ.

Улмаар дээрх гэрээний үндсэн дээр “ЭБЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болсон “И” ХХК-ийг төлөөлж K******* нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 дугаар шийдвэрээр  “Компанийн дүрэм”-ийг шинэчлэн баталж, “ЭБЭМ” ХХК-ийн захирлаар Д.М-ыг хэвээр нь үлдээж, улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг бүртгүүлэх ажлыг Т.Б-гаар гүйцэтгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16/22 тоот итгэмжлэлийг  гүйцэтгэх захирал Д.М олгосон байна. 

Т.Б нь өөрт олгосон итгэмжлэлийн дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч улсын бүртгэлийн газар нь уг өөрчлөлтийг бүртгэхдээ маягтын дагуу гаргасан өргөдөл, “ЭБЭМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16/21, 16/014, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 дугаар шийдвэрүүд, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэл, Компанийн шинэчилсэн дүрэм зэргийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлтийг бүртгэжээ.  

Улмаар “ЭБЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй “И” ХХК /үүсгэн байгуулагч K*******/ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.15-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй”, “ЭБЭМ” ХХК-ийн дүрмийн  10.4-т заасан “Компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр томилж, чөлөөлөх” гэж заасан эрхийнхээ хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17/009 дугаар  шийдвэр гаргаж, Д.М-ыг гүйцэтгэх захирлаас нь чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар, мөн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17/010 дугаар шийдвэр гаргаж, “ЭБЭМ” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлээс 4773. эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, импортлох, худалдах үйл ажиллагааг, мөн 8610. тусгай мэргэжлийн төв /гэмтэл согогийн мэс засал, гэмтлийн дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээ/ үйл ажиллагааг хасахаар, мөн компанийн дүрмийг шинэчлэн баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр дахин авахаар шийдвэрлэж, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17/006 тоот итгэмжлэлийг  Т.Б-д олгосон, Т.Б нь өөрт олгосон итгэмжлэлийн дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч улсын бүртгэлийн газар нь маягтын дагуу гаргасан өргөдөл, “ЭБЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17/009, 17/010 тоот шийдвэр, итгэмжлэл, Компанийн шинэчилсэн дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн 9011438135 дугаартай 5759382 тоот регистр бүхий “ЭБЭМ” ХХК-ийн 00006******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул хүчингүй болгосон зар зэргийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлтийг бүртгэж, 00014******* дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг  шинээр олгожээ.

Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд “ЭБЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.М нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар “ЭБЭМ” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах тухай 16/21 дугаар шийдвэрийг гаргаж, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г “И” ХХК-тай байгуулснаар компанийн эрх шилжиж, “ЭБЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “И” ХХК /K*******/ болж өөрчлөгдөн, улсын бүртгэлд бүртгэгдсэн, улмаар хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлыг өөрчлөх,  Дүрэм шинэчлэн батлаж, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авах тухай шийдвэрүүдийг гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь өөрт олгосон итгэмжлэлийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллагад өөрчлөлтийг бүртгүүлэхээр  өргөдөл гаргасан, улсын бүртгэгч нь холбогдох баримт бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянаж, хуулийн этгээдийн эрх шилжүүлэх болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал нэгэнт хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн шийдвэр хүчин төгөлдөр, үүсгэн байгуулах баримт бичиг болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахаар эрх бүхий этгээд хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллагад хандсан тохиолдолд холбогдох бүртгэлийг хийх нь хариуцагчийн үүрэг юм. 

Иймд хариуцагчийн эрх шилжүүлсэн болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээ нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Нөгөөтээгүүр компанийн үүсгэн байгуулагч эрх бүхий этгээд “И” ХХК нь өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/-ээр 10-рт 5759382 тоот регистр бүхий “ЭБЭМ” ХХК-ийн ГСТ4123 дугаартай /голдоо луун дүрс бүхий/ тамгыг үрэгдүүлсэн гэж, мөн 11-рт улсын бүртгэлийн 9011438135 дугаартай, 5759382 тоот регистр бүхий “ЭБЭМ” ХХК-ийн 00006******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцуулж, дахин шинээр 5759382, 1117244292 дугаар бүхий “ЭБЭМ” ХХК-ийн /луун дүрсгүй ялгаатай/ тамгыг  хийлгэж, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17/009 тоот шийдвэр, дүрэм, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт дээр дарсан нь хуульд заасан хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн “...тамга үрэгдүүлсэн гэж хүчингүйд тооцуулсан атлаа “ЭБЭМ” ХХК-ийн тамгын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр дээр дарсан, “ЭБЭМ” ХХК-ийн бланк дээр “И” ХХК-ийн тамгыг дарсан” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл улсын бүртгэгч нь хуулийн этгээдийн эрх шилжүүлсэн, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд  өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт баримт бичгийг шаардах эрхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.М-аас “Т.Б-д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй, хувьцаа эзэмшигч Д.М хасагдаж, хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчаар “И” ХХК нэмэгдсэн өөрчлөлтийг бүртгүүлэхээр /хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар/ өргөдөл гаргагч Т.Б нь “эрх бүхий этгээд биш байсан” гэж маргаж байх боловч итгэмжлэлийг олгосон этгээд нь тухайн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байсан талаар маргаагүй,  түүнчлэн Т.Б нь ”ЭБЭМ” ХХК-ийн захирал Д.М-аас итгэмжлэл  авсан байх тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.М нь “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй  байхад  дахин  бүртгэж  гэрчилгээ  олгосон” гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч нь өөрт хадгалагдаж байсан /өмнө нь бүртгэгдсэн/ улсын бүртгэлийн гэрчилгээг эрх бүхий хувьцаа эзэмшигчид гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчилгээ , тамгыг шүүхэд гаргаж өгсөн, эрх бүхий хувьцаа эзэмшигч нь уг гэрчилгээг үрэгдүүлсэн гэж сонинд зарлал өгч, хүчингүйд тооцуулан улмаар дахин гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул энэхүү үндэслэл нь хуульд заасан  журмаар бүрдүүлсэн баримт бичгийг үндэслэн олгосон “ЭБЭМ” ХХК-ийн 00014******* дугаар гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Д.М нь “ЭБЭМ” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах тухай шийдвэр, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг ... хуурамчаар үйлдэн ... компаний эрхийг шилжүүлэн авсан” гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүйн зэрэгцээ Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор БНСУ-ын иргэн К*******-д холбогдуулан үүсгэсэн  хэрэг бүртгэлтийн 201726021339 тоот хэргийг хааж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл “ЭБЭМ” ХХК-ийн эрх шилжүүлэх  өөрчлөлтийг бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэл, Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл, бүртгэлийн улмаас олгосон гэрчилгээ нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2,  23.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын “2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “ЭБЭМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “ЭБЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулж дахин шинээр авсан 0014******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.М-д буцаан олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.Б