Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00242

 

 

 

 

 

 

 

 

 

БНАСАУ-ын Элчин сайдын яамны

Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын  21-ний өдрийн 182/ШШ2016/00868 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНАСАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Гранд жэйд” ХХК-д холбогдох

 

6 500 ам доллар буюу 13 079 560 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мөнгөнтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Чимэдсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын төрийн өмчит Рёнхап худалдааны компани нь вольфрамын баяжмал худалдан авах сонирхолтой байсан тул Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яаманд хандаж, вольфрамын баяжмал нийлүүлэх аж ахуй нэгж байгаа эсэх холбоо тогтоож өгөхийг хүссэний дагуу “Гранд жэйд” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр вольфрамын баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан болно. “Гранд жэйд” ХХК нь вольфрамын баяжмал нийлүүлэх ажил үүргээ хойшлуулсаар байсан бөгөөд 18 тонн вольфрамын баяжмалыг уурхайгаас Улаанбаатарт тээвэрлэж авчрахад шаардлагатай мөнгө 10 000 ам.долларыг өгөөч гэсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны мөнгөн хөрөнгөөс 10 000 ам.доллар захирал Ч.Чимэдсүрэнд хүлээлгэн өгсөн. Ингэхдээ Ч.Чимэдсүрэн нь санхүүгийн ажилтан гэж танилцуулсан хүний хамт Элчин сайдын яамны байранд биечлэн ирж мөнгө хүлээлцсэн баримт үйлдээд, 2 талаас баримтжуулан гарын үсэг зурж баталгаажуулан авч явсан болно. Мөн уг баримтад “Гранд жэйд” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор вольфрамын баяжмал нийлүүлж чадахгүй бол хүлээн авсан 10 000 ам.долларыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яаманд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж тусгаж өгсөн байгаа болно. Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газрын чиг үүрэг болох 2 улсын хоорондын бүхий л худалдааны асуудлыг эдийн засаг, худалдааны зөвлөх буюу дипломат албан тушаалтан Ри сон ун нь төлөөлж, хариуцдаг болно. Өөрөөр хэлбэл уг газрын бүрэн эрхийг дипломат албан тушаалтан эдийн засаг, худалдааны зөвлөх дангаар хэрэгжүүлдэг. Ийнхүү эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газрын зөвлөх Ри сон ун нь “Гранд жэйд” ХХК-тай харилцан тохиролцох, мөнгө өгөх ажил үүргийг албан тушаалын хувьд хариуцаж, нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 10 000 ам.доллар хүлээлгэн өгч, үүргээ гүйцэтгэхгүй бол буцаан өгөх тухай хэлцэлд гарын үсэг зурсан байдаг. “Гранд жэйд” ХХК нь огт вольфрамын баяжмал нийлүүлээгүй бөгөөд “Нью гранд фриендшип” ХХК-д вольфрамын баяжмал худалдан авахаар дээрх мөнгийг өгсөн гэх шалтгаанаар элчин сайдын яамнаас авсан мөнгийг эргүүлэн төлөхгүй байгаа болно. Бид удаа дараа нэхэж, шаардлага тавьснаар тус компанийн захирал гэх Ч.Чимэдсүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3 500 ам.долларыг нь буцаан өгсөн болно. Үүнээс хойш Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газрын худалдааны зөвлөхийн зүгээс “Гранд жэйд” ХХК-иас удаа дараа үлдсэн 6500 ам.долларыг өгөхийг шаардсан боловч өнөөг хүртэл сайн дураар мөнгийг өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Бидний хувьд “Гранд жэйд” ХХК-ийг Ч.Чимэдсүрэн нь төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг мэдэхгүй байгаа ба Ч.Чимэдсүрэн нь өөрийгөө тус компанийн захирал гэж танилцуулан гэрээ байгуулан мөнгө авч явсан. Иймд Ч.Чимэдсүрэн болон “Гранд жэйд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан байсан.  Улмаар “Гранд жэйд” ХХК нь хамтран хариуцагч болох Ч.Чимэдсүрэнд итгэмжлэл өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүгээр төлөөлүүлж, оролцож байгаа болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж заасантай нийцсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Ч.Чимэдсүрэн нь “Гранд жэйд” ХХК-ийн захирал байх үедээ албан тушаалын хувьд тус компанийг төлөөлөн, “Гранд жэйд” ХХК-ийн нэрийн өмнөөс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Рёнхап компани болон нэхэмжлэгчтэй хэлцэл, гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь “Гранд жэйд” ХХК байх тул хамтран хариуцагч Ч.Чимэдсүрэнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Иймд “Гранд жэйд” ХХК-иас 6 500 ам.доллар буюу 13 079 560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч “Гранд жэйд” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чимэдсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Гранд жэйд” ХХК болон Рёнхап худалдааны төвийн хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээний үндсэн зорилго нь вольфрамын баяжмалыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад нийлүүлэх байсан. Дээрх гэрээ нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Рёнхап худалдааны төвийн тодорхойгүй шалтгаанаас болж хэрэгжиж чадаагүй. “Гранд жэйд” ХХК-ийн зүгээс гэрээг хэрэгжүүлэх гэж гэрээнд заасан баяжмалыг бүрдүүлсэн, тус баяжмалыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс руу нийлүүлэхдээ “Нью гранд фриендшип” ХХК-тай хамтран ажиллах ёстой байсан. “Нью гранд фриендшип” ХХК нь вольфрамын баяжмалыг үйлдвэрлэгч компани бөгөөд “Гранд жэйд” ХХК-ийн хувьд зуучлан борлуулагчийн үүргийг хүлээж байсан гэж ойлгож болно. Гэрээний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 18 тонн буюу вольфрамын баяжмалыг бэлдэж, гэрээний 6.2, 6.5, 10 дугаар зүйл зэрэг заалтуудыг үндэслэн бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэхийн тулд төлбөрийн гүйлгээний баталгааг гэрээнд заасан банкны дансанд байршуулсан эсэхийг, холбогдох банкны гүйлгээний хуулгыг худалдан авагч талаас удаа дараа шаардсан. Шаардлагын хариуд худалдан авагч тал болон Рёнхап компанийн захирал, менежер зэрэг бүрэлдэхүүнийг 2012 оны 9 дүгээр сард багтаан Монгол Улсад хүрэлцэн ирж гэрээний төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх тухай мэдэгдэж байсан болно. Улмаар 2012 оны 10 дугаар сард гэрээний 11.3 дахь заалтыг хэлэлцэх үед Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад үүссэн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас худалдан авагч компани тал Монгол Улсад 2013 оны 2 дугаар сард ирэх болсон тухай бидэнд албан ёсоор мэдэгдсэн ч 2013 оны 5 дугаар сард ирсэн. Гэрээний 11.3 дахь заалт нь гэнэтийн аюул болон бусад болзошгүй нөхцөл байдал 60 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл гэрээний үүрэг бүрэн дуусгавар болно гэж заасныг үндэслэн “Нью гранд фриендшип” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан бүтээгдэхүүнийг уг компани зээлийн өрийн алдагдлаа бууруулах зорилгоор өөр худалдан авагчид зарж борлуулах болсныг ч мэдэгдсэн болно. Улмаар 2013 оны 4 дүгээр сард Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын элчин сайдын яамнаас худалдааны төлөөлөгч Ри сон ун надтай холбогдож Рёнхап компани төлөөлөгчид 2013 оны 5 дугаар сард Монгол Улсад ирэх болсон тухай хэлж, гэрээг үргэлжлүүлэх тухай санал солилцон уулзахыг хүссэн. Уулзалтын үеэр Рёнхап худалдааны компанид нийлүүлэхээр бэлтгэсэн баяжмалыг гэрээний тодорхойгүй байдлын улмаас 11.3 дахь заалтыг үндэслэн худалдан борлуулсан учир сар хүрэхгүй богино хугацаанд дахин 18 тонн баяжмал бэлтгэх боломжгүй, учир нь хүйтний улирлаас шалтгаалан “Нью гранд фриендшип” ХХК-ийн уурхайн гүний олборлолт бүрэн зогссон тухай тайлбарлан хэлсэн болно. Харин уурхайн талбайд бэлэн 120 гаруй тонн угаагаагүй шороон баяжмал байгаа талаар хэлж, Рёнхап компанийн төлөөлөгчдийг бодлоо илэрхийлсэн. Гэсэн хэдий ч Ри со ун дахин уулзалдаж миний ажилд тус хүргэнэ үү хэмээн хүсэлт тавьж, “Нью гранд фриендшип” ХХК-ийн уурхайн талбайд байгаа шороон баяжмалыг баяжмал угаах үйлдвэрт тээвэрлэн авч ирж Рёнхап худалдааны компанийн төлөөлөгчид үзүүлэх талаар санал болгосон. Энэ талаар өмнө нь гэрээ дахин үргэлжлэх боломжгүй тул цаашид баяжмал худалдан авах асуудлыг “Нью гранд фриендшип” ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлтэй ярилцахыг зөвлөсөн. Ж.Дашдэмбэрэлтэй ярилцах ойлголцох асуудлыг туслахыг хүссэн учир энэ талаар миний бие хүсэлтийг дамжуулж, улмаас Ри сон ун-ийн ажилд туслах зорилгоор түүний хүссэний дагуу баяжмалыг Улаанбаатарт зөөн хүргэх тооцоог гаргуулсан болно. “Нью гранд фриендшип” ХХК-ийн зүгээс баяжмал тээвэрлэлтийн зардал 6500 ам.доллар тооцоо гарч байгааг тодорхойлсон бөгөөд зардлыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газраас гарган төлсөн тохиолдолд саналыг хүлээн авч болох тухай мэдэгдсэний дагуу Ри сон ун-д уламжлан зохих зардлыг бүрэн хариуцсан тохиолдолд таны саналыг хүлээн авч болохыг хэлсэн болно. Ри сон ун нь “… Өмнөх гэрээ өнөөдрийг хүртэл бүтэхгүй байгаад уучлаарай. Бидний байгуулсан гэрээ хүчингүй болсон ч энэ зардлын мөнгийг би буцаан авахгүй. Тээврийн зардал болгон төлж байгаа тул зориулалтын дагуу ашиглаж, төлөөлөгчдийн Монгол Улсад ирэхэд баяжмал угаах үйлдвэрийг ажиллуулах ёстой” гэж тохиролцох санал тавьсан. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгч Ри сон ун 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шороон баяжмал, тээвэрлэлтийн мөнгийг бэлдсэн тухай мэдэгдсэн. Үүний дагуу миний бие компанийн санхүүгийн ажилтны хамт очиж 10 000 ам.доллар бэлнээр хүлээн авсан болно. Мөнгийг авсан даруйдаа “Нью гранд фриендшип” ХХК байранд очин 6 500 ам.долларыг буюу Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр 9 000 000 төгрөгийг компанийн санхүүд хүлээлгэн өгч, улмаар тэр өдрөө тээвэрлэлтийн ажил эхэлж, Рёнхап худалдааны газрын төлөөлөгч нар ирэхэд баяжмалаа угааж байсан. “Нью гранд фриендшип” ХХК, Рёнхап худалдааны төвийн хооронд дахин вольфрамын баяжмалыг нийлүүлэх эсэх талаар тохиролцоо явж байсан боловч харамсалтай нь урьдчилгаа төлбөрийн хувьд тохиролцоонд хүрч чадаагүй. “Гранд жэйд” ХХК-ийн хувьд “Нью гранд фриендшип” ХХК, Рёнхап худалдааны төвийн хооронд л туслалцаа үзүүлэх журмаар уулзсан. Энэ нь ямар нэгэн байдлаар гэрээний эрх, үүрэг хүлээх ч үндэслэлгүй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 6500 ам.долларыг нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь өмнөх байгуулсан гэрээтэй холбогдож байгаа бөгөөд өмнөх байгуулсан гэрээ нь 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүрэн дуусгавар болсон. “Нью гранд фриендшип” ХХК, “Гранд жэйд” ХХК-ийн хувьд төлбөрөө цаг хугацаанд хийгээгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гэх шалтгаанаар үл ойлголцол үүсч байсан. 244 800 ам.долларын вольфрамын баяжмалыг бэлдэхийн тулд 180 000 гаруй ам.долларын зардлыг гаргасан байсан. Нэхэмжлэлд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол миний тус мөнгийг ямар нэгэн зорилготойгоор зарцуулахгүйгээр хувьдаа ашигласан ч юм уу, шамшигдуулсан байх ёстой гэж үзэж байна. Гэтэл тус мөнгийг миний бие “Нью гранд фриендшип” ХХК-д шилжүүлсний үндсэн дээр вольфрамын баяжмалыг тээвэрлэж ирнэ гэдгийг Ри сон ун маш сайн мэдэж байсан бөгөөд мөнгийг буцаан авахгүй гэдгийг ч илэрхийлж байсан. Миний хувьд төлбөрийн баримтад гарын үсэг зурсан учраас хэзээ нэгэн цагт төлбөрийн өр нэхэгдэх нь ойлгомжтой учраас 3 500 ам.долларыг нь авч хадгалж, 6 500 ам.долларын зардал гарсныг нь “Нью гранд фриендшип” ХХК-д шилжүүлж өгсөн. Энэ үйлдэл нь зөвхөн худалдааны төлөөлөгч Ри сон ун-д туслах зорилготой байсан юм гэдгийг онцолж хэлмээр байна гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Гранд жэйд” ХХК-иас 13 079 560 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гранд жэйд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 223 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чимэдсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан 13 079 560 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 6 500 ам.долларыг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан нь үнэн бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр  “Нью гранд фрэйндшип” ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлд хүдэр тээвэрлэх зардалд зориулан шилжүүлэн өгсөн болно. Энэ талаар холбогдох хүмүүсээр гэрчийн мэдүүлэг өгүүлж, шүүх хуралдаанд оролцуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан. Гэсэн хэдий ч бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар шүүх хуралдааныг үргэлжүүлэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь гэрч Ж.Дашдэмбэрэлээр 13 079 560 төгрөгийг буцаан өгсөн болохоо батлуулах байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

                                                                                                                                                  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч БНАСАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газар нь хариуцагч “Гранд жэйд” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, буцаан төлөгдөөгүй үлдсэн 6 500 ам.доллар буюу 13 079 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Зохигчид 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Гранд жэйд” ХХК нь 18 тонн метр вольфрам баяжмал нийлүүлэх, худалдан авагч БНАСАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газар нь 244 800 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон байна. /хх-ийн 26-29 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “… 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй,  уг гэрээ хэрэгжээгүй ба гэрээний үүрэгт төлсөн 10 000 ам.долларын үлдэгдэл 6 500 ам.долларыг нэхэмжилж байна” гэжээ.

 

Талуудын хоорондын 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн төлбөрийн баримтад “… гэрээнд тусгасан барааг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлж чадаагүй бол 10 000 ам.долларыг буцаан төлөх үүрэг хүлээнэ …” гэж заасан байх боловч хариуцагч уг 10 000 ам.долларыг вольфрам баяжмал үйлдвэрлэгч “Нью гранд фрэйндшип” ХХК-д өгсөн, “Гранд жэйд” ХХК нь зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ. /хх-ийн 10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй талаар тайлбарлаж байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулж “Нью гранд фрэйндшип” ХХК-д шороон баяжмалын тээврийн зардалд 6 500 ам доллар өгсөн талаар асуулгах тухай гаргасан хариуцагчийн хүсэлт ач холбогдолтой байжээ. Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан “Нью гранд фрэйндшип” ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай уг хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Шүүхэд заасан урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийг 168.1.3 дахь заалтыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 350 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ