Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 269

 

 2020         03          27                                     2020/ШЦТ/269

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Б.Мөнгөншагай /томилолтоор/;  

шүүгдэгч: Л.А/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Бластинг Технологи Энд Консалтинг” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт   улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.А

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Ань 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Новотел” зочид буудлын 4 дүгээр давхарт шинэ жилийн баярын хүлээн авалтад оролцож байхдаа хохирогч Ц.Соёл-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг А-9” загварын гар утсыг ширээн дээр тавьсан байхад нь хулгайлан авч 690.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Соёл-Эрдэнэ  /хх-ийн 7-8/, гэрч Ш.Анхмаа /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/,  Л.А-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-24/, Л.А-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-31 /, Ц.Соёл-Эрдэнийн хүсэлт /хх-ийн 36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.А нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Новотел” зочид буудлын 4 дүгээр давхарт шинэ жилийн баярын хүлээн авалтад оролцож байхдаа иргэн Ц.Соёл-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг А-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Ц.Соёл-Эрдэнийн /хх-ийн 7-8/: “...2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Новотел” зочид буудлын 4 дүгээр давхарт шинэ жилээ тэмдэглэсэн. Манай ширээнийхэн ширээн дээрээ гар утсаа тавиад бүжиглээд буцаад иртэл миний гар утас алга болсон байсан. Бусад хамт сууж байсан хүмүүсийн гар утас байсан. Үүнээс хойш ажил дээрээ очсон байхад Ш.Анхмаа “цагдаагийн газар ханд” гэж хэлсэн. Надад гар утас авсан хүнийг Л.А гэж хэлсэн. Тэр хүн манай ширээн дээр суугаагүй, ойр хавьд харагдаагүй, хаана ямар ажил хийдэг хүн болохыг мэдэхгүй байна. Гар утас хулгайлсан хүнээс хохирлоо төлүүлж авмаар байна” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Ш.Анхмаагийн  /хх-ийн 10/: “...2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Новотел” зочид буудлын 4 дүгээр давхарт шинэ жил тэмдэглэж байсан. 23 цаг өнгөрч байхад Ц.Соёл-Эрдэнэ эгчийн гар утас байхгүй болсон байсан. Тухайн газрын хяналтын камерийн бичлэгийг хамгаалалтын газрын хүмүүст үзүүлэхэд нэг залуугийн бичлэгийг үзүүлээд “таньж байна уу” гэж асуусан. Өлзийдэлгэр бид 2 “Л.Абайна” гэж хэлсэн. Бичлэг дээр Л.Аширээн дээрээс гар утас халаасандаа хийж байгаа бичлэг үзүүлсэн. Тэр утсыг өөрийн гар утас юмуу, хүний гар утас авч байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Л.А-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22-24/: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Новотел” зочид буудлын 4 дүгээр давхарт ресторанд манай компанийн шинэ жилийн үйл ажиллагаа болсон. ...Би нэг ширээн дээр очиж хүмүүстэй хундага тулгаж архи уусан. Тэр хүмүүс босож явах үед ширээн дээр байсан гар утсыг аваад халаасандаа хийгээд орой тухайн арга хэмжээ тараад байрлаж байсан зочид буудалд очиж амраад маргааш нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу гэр рүүгээ явсан. ...хохирол болох гар утсыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад  690.000 төгрөгийн хохирол учруулж буй Л.А-н санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.А-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч Ц.Соёл-Эрдэнийн “хулгайд алдсан гар устаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.А-г өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.А-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-г нийт 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.       

           

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ