Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 404

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        05          29                                2020/ШЦТ/413

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр 

улсын яллагч П.Итгэл,  

шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Жаргалсайханы Дд холбогдох эрүүгийн 2011 00781 0498 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 17-291 тоотод оршин суух,

 урьд нь 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдсэнийг 1 жил тэнсэн харгалзах ялаар өөрчилсөн,

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 731 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Сартуул овгийн Жаргалсайханы Д, /РД: ______/,

Шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-38 тоотод хашаанд А.Лхагвабаяртай маргалдан улмаар түүний үснээс нь зулгааж нүүрийг нь маажиж зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэний цус хуралт, зүүн хацар, хамрын нуруу, баруун шанаа, дух, зүүн гарын сарвууны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв

Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би найз Бааска руу утасаар залгаж хаана байгааг нь асуухад "би дэнжийн 1000” орчим Аюушийн гэрт өөрийн нөхөр Гэрэлт-Одыг хайж очсон юм. Аюушийн гэрийн гадаа очоод ойролцоо байх дэлгүүрийн гадаа буугаад тамхи авахаар дэлгүүр рүү орж тамхи авчихаад гараад иртэл Аюушийн эхнэр Лхагвабаяр, Ханбат, Бааска нар гудамжинд таарсан. Лхагвабаяр надаас “0,75 литрийн архи аваад өгчихөөч” гэхээр нь би түүнд мөнгө байхгүй гэснээс болоод Лхагвабаяр бид хоёр маргалдаж байгаад хашаа руу нь орсон. Тэгээд би өөрийнхөө нөхрийг тэднийд байгааг мэдээд уурласан чинь Лхагвабаяр миний өөдөөс уурлаж хэрэлдэхээр нь би уурандаа түүний үснээс нь зулгаасан чинь Лхагвабаяр зөрүүлж миний үснээс зулгааж доош нь дарж хоёулаа зууралдсан чигээрээ газар дээр унасан. Ингэж зууралдаж байхдаа би түүний нүүрийг хумсаараа болон зүүж байсан бөгжөөрөө урж гэмтээсэн. Энэ үед Аюушийн гэрт байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан... ” гэх /хх-ийн 63-64х/,

Хохирогч А.Лхагвабаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ нөхөр, 2 хүүхэд болон нөхрийн найз Далай болон түүний эхнэр Бааска нарын хамт байж байгаад нөхрийн найз Мийгаа гэдэг залуугийн гэр рүү Далай болон нөхрийн хамт очсон чинь тэнд мөн манай нөхрийн найз Гэрэлт-Од байж байсан бөгөөд Гэрэлт-Од манай гэрт очиж үлдээсэн өмдөө авахаар хамтдаа буцаж манай гэр рүү ирсэн. Гэртээ 17 цагийн орчим гэртээ ирэхэд нөхрийн найз нар болох Ханбат, Баяраа нар ирсэн байсан. Гэртээ орж ирээд байж байтал Д рүү Д залгаж яриад гараад ир гэсэн чинь Бааска намайг хамт гараад ирье гээд бид хоёр хамт гарсан. Бааска надад хэлэхдээ “Даагий гадаа таксигаар ирсэн байна мөнгө задлаж чадахгүй байна гэнээ хоёулаа хамт гараад ирье" гэхээр нь Би Бааска бид хоёр гарсан чинь Д хашааны гадаа машинтай ирсэн байсан бөгөөд машинаасаа бууж ирэнгүүтээ “манай нөхөр Гэрэлт-Од танайд хоносон уу? танай гэрт янхандаж хоносон биз дээ” гээд дайрахаар нь би түүнд “юу яриад байгаа юм бэ Гэрэлт-Од манайд хоноогүй” гэж хэлсэн чинь “чи массаж хийдэг найзыгаа хамт хонуулж янхандуулсан биз дээ” гээд над руу дайрч хашааны гадаа толгой руу гараараа нэг удаа цохихоор нь би хашааруугаа ортол араас орж ирэхээр нь би түүнийг яаж байгаа юм бэ хүн зодож яаж байгаа юм бэ гэсэн чинь нөхрийг нь гэр орондоо байлгаж янхандуулсан гээд л орилж чарлаад намайг үснээс зулгаахаар нь би зөрүүлж үснээс нь зулгааж ноцолдож хоёулаа газар өвдөглөж унасан. Энэ үед хажуугаас манай нөхөр Аюушхүү болон Гэрэлт-Од нар салгасан. Тухайн үед Д нь манай гэрийг шатаана гэх мэтээр орилж чарлаж байгаад явахаар нь гэртээ ороод нүүрээ толинд харсан чинь миний нүүр олон газраа шарх сорви болсон байсан... Би сайн дурын үндсэн дээр Дтэй эвлэрсэн бөгөөд эрүүл мэндтэй холбоотой ямар нэг эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй болохоор Дгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо надад ямар нэг гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх /хх-ийн 14-16х/,

Гэрч Э.Баасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Араас нь Ханбат, Д бид гурав хашаа руу яваад орох үед Лхагвабаяр гэрээсээ гутал өмсөөд буцаж гарч ирсэн бөгөөд шууд энэ үед Д Лхагвабаяр руу очиж үснээс нь зулгаасан чинь Лхагвабаяр ч гэсэн зөрүүлж үснээс нь зулгааж ноцолдож эхэлсэн. Тэгээд тэр хоёр орилж хашгираад байсан чинь гэрт байсан бусад хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч салж өгөхгүй зууралдаад байсан. Хэсэг ноцолдож байгаад тэр хоёрыг хоёр тийш нь салгах үед Лхагвабаярын нүүрэнд нүднийх нь доод хэсэгт улайж зулгаран цус гарсан юм шиг харагдаж байсан. Дгийн биед илэрхий харагдахаар шарх гэмтэл харагдахгүй байсан. Тэр хоёр маргалдаж ноцолдож хэлэх үед Д гадуур хувцас болон цүнхээ газар хаясан байхаар нь би гэрт манай хүүхдүүд айж уйлаад байхаар нь орж аргадах гэж орох үед цүнх болон хувцасыг гэр рүү оруулж тавсан. Буцаж гэрээс гарч ирэхэд Д Лхагвбаяр нар салчихсан хоёр талд газар дээр суугаад байж байтал хажууд байсан хүмүүс тэр хоёрыг хооронд хэл амаараа учир зүйгээ олцгоо гээд байж байсан чинь Аюушхүү ирээд эхнэрээ өмөөрч Д болон Гэрэлт-Од нартай маргалдаж байхад хамт байсан хүмүүс тэд нарыг салгаад уг газраас би нөхөр, 2 хүүхэд, Ханбат, Д, Гэрэлт-Од нарын хамт явж гэр рүүгээ харьсан...” гэх /хх-ийн 23-24х/,

Гэрч М.Аюушхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би сайн анзаараагүй юм. Гэтэл манай эхнэр хөл, углааш нь шавар шавхай болсон байдалтай гэрийн хаалгаар ороод ирсэн бөгөөд араас нь хашааны хаалга хүчтэй савж онгойгоод Д, Баасан, Ханбат нар орж ирж байгаа харагдсан. Хашаан дотор Д орж ирэхдээ орилж хашиграад байсан. Манай эхнэр углаашаа гутлаар сольж өмсөөд буцаж гарсан бөгөөд Д манай эхнэр хоёр биенийхээ үснээс зулгааж зууралдсан байсан. Д нь “янхан банзалууд байдаг овоохойг чинь шатаана” гэх мэтээр хашгираад харин манай эхнэр түүнийг гэрээсээ хөөж хашгираад бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай байсан тул араас нь манайд байсан хүмүүс гараад тэр хоёрыг хоёр тал руу салгаж холдуулсан. Энэ үед манай эхнэрийн нүүр нь зулгарч цус шүүрсэн харагдаж байсан. Харин Дгийн биед ил харагдахаар шарх гэмтэл харагдахгүй байсан. Хоёулангийнх нь үс нь сэгсийж арзайсан байдалтай байсан. Салсан боловч тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан бөгөөд Д нь над руу хэл амаар дайраад байхаар нь би Дгийн хүзүү орчим гараараа түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгээд намайг хойшлох үед араас Гэрэлт-Од ирээд над руу дайрсан чинь хажуугаас Жаргалдалай хүрч ирээд надаас түүнийг холдуулж салгасан. Удалгүй Д, Гэрэлт-Од болон хэсэг хүмүүс манайхаас гарч явсан...” гэх /хх-ийн 25-26х/,

Хохирогч А.Лхагвабаяр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 9х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун- Эрдэнийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3779 дугаартай дүгнэлтэд:

А.Лхагвабаярын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэний цус хуралт, зүүн хацар, хамрын нуруу, баруун шанаа, дух, зүүн гарын сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 28-29х/,

Шүүгдэгч Ж.Дгийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 65х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77х/,

Шүүгдэгч Ж.Д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 116х/,

Хохирогч А.Лхагвабаяр шүүгдэгчид ямар нэг гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 115х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 119х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Ж.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг  хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Сартуул овгийн Жаргалсайханы Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дийг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.  Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД