Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.П-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Г аймгийн Т суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д.П,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “...” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ “Эрдэнэсийн сангийн тухай хуулиийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “эрдэнэс” болох 1 ширхэг 1,312 грамм жинтэй алт /алтан гулдмай/-г биедээ буюу өмсөж явсан хүрэмний халаасандаа нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.П мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Бенз маркийн ачааны тээврийн хэрэгслээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хот буюу төв орон нутаг руу ачаа бараа зөөж тээвэр хийж амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Замын-Үүд сумын 3 дугаар баг Голомтын гудамжинд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлд засвар үйлчилгээ хийж байхад нэг танихгүй өмнө харж байгаагүй 40 орчим настай Өвөр-Монгол залуу ирээд чи урагшаа гардаг уу? гэж асуухаар нь би урагшаа гардаг маргааш ачаа ачаад гарна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө Өвөр-Монгол залуу надад ашигтай санал байна мөнгө өгнө урагшаа орохоор нь тосоод авахдаа хөлсийг нь өгнө жижиг зүйл байгаа гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг байсан тул сонирхоод юу байгаа талаар асуухад хар өнгийн гялгар уутыг скочоор ороосон хавтгай дөрвөлжин алт байсан. Тэр залуу энэ алтыг урагшаа Хятадын хилээр гаргаад өгвөл тосоод авах хүн нь 10.000 юань өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн алтыг авсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд Замын-Үүд сумын Төмөр замын МЧ-3 нүүрсний оочирт зогсож байгаад 72 тонн орчим нүүрс ачаад мэргэжлийн хяналтын байцаагчаар машинаа шалгуулаад Замын-Үүд хилийн боомтын Авто зам шалган нэвтрүүлэх боомтын том тэрэгний хяналтын талбай руу явсан. Тэгээд гаалийн хяналтын шалгалт руу 12 цагийн орчимд орохдоо тээврийн хэрэгслээ шалгуулахаар гаалийн байцаагчтай уулзахаар тээврийн хэрэгслийн кабинаас буухдаа куртикний зүүн талын халаасанд хийсэн байсан алтаа тээврийн хэрэгслийн хажуу талд газар унагаасан. Тэгээд газар унасан алтыг гаалийн байцаагч надаас хурааж аваад тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн. Мөн намайг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,

- Иргэний нэхэмжлэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... Алтыг өдөр бүр Монгол банкнаас тогтоосон ханшаар үнэлдэг. Мөн Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 46.3 дахь хэсэгт зааснаар үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална гэж заасан байдаг. Тэгэхээр хэдний өдрийн үнэлгээгээр үнэлэх шаардлагатайг манай банкинд албан тоот хүргүүлж ханшийн мэдээг авч болдог. Монгол банкны журамд зааснаар иргэн болон аж ахуйн нэгжээс алтыг авахад сорьцын хяналтын лабораторын баталгаажсан баримтыг үндэслэн авдаг. Сорьцын байгууллага нь алтыг лацадсан байдаг, лацадсан алтыг Монгол банк хүлээн авдаг... Ямар ч тохиолдолд иргэнд улсын хилээр алтыг нэвтрүүлэхийг хориглодог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болдог...Шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хадгалсан байгаа. Тухайн хадгалуулсан алтыг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа улсын орлого болгож өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/,

- Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын Д.З-н баталсан хуваарийн дагуу Замын-Үүд хилийн боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ын гаалийн хяналтын бүс экспорт буюу гарах чиглэлийн том тэрэгний хяналтын бүсд хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар ажиллах хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим ... улсын дугаартай чирэгчтэй, ... улсын дугаартай чиргүүлтэй 72 тонн 450 кг нүүрс тээвэрлэж явсан том тэрэгний жолооч Д.П нь тээврийн хэрэгслээ шалгуулахаар тээврийн хэрэгслээс буухдаа биеийнхээ зүүн гар талын хэсгээс куртикний халааснаас хар өнгийн уутаар ороосон металл эд зүйлийг унагаасан. Унагаасан эд зүйлийг авч шалгаж үзэхэд алт байж болзошгүй шар өнгийн металл гадаргуутай эд зүйл байсныг илрүүлээд Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба руу мэдэгдээд хойшлуулашгүй ажиллагааг явуулан зөрчлийн материалыг бүрдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 /,

- Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...  Шинжилгээнд ирүүлсэн 1,312 грамм алтан гулдмайгаас шинжилгээнд зориулж 5,52 граммыг дээжинд авч шинжлэхэд алтны сорьц 894.5, мөнгөний сорьц 101 гарсан... Шинжилгээнд авсан дээжийг Монгол банкны Эрдэнэсийн санд тушаах алтан гулдмайн дээж хадгалах журмын дагуу сорьцын хяналтын газарт хадгалж байна... Өрөмдөж авсны дараах гулдмайн жин 1306 грамм байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 39-40/,

- Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлын хуваарийн дагуу төмөр замын шилжүүлэн ачих МЧ-3-ын С ХХК-ны хяналтын талбайд ажилласан. Тухайн өдөр К ХХК-ны илгээсэн нүүрсийг И тээврийн компаний ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлд ачигдаж байх үеийн нүүрсэнд хяналт шалгалт хийх үед ямар нэгэн зөрчил илрээгүй тиймээс би улсын байцаагчийн зөвшөөрсөн тэмдгээ хяналтын хуудсанд дарж баталгаажуулан хяналтыг дуусгаж АЗШИБоомтруу дараагийн хяналтруу явуулсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,

- Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Д.П гааль дээр баригдсан талаараа өөрөө надад хэлсэн. Би энэ талаар мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 47-48/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн /хх-ийн 6-7, 14-16/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10, 23/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /24-26/,

- Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын “алтан гулдмай” гэсэн дүн /хх-ийн 60/,

- Монгол банкны Эрдэнэсийн санд Эрүүгийн цагдаагийн газраас алтан гулдмай хүлээн авсан тухай акт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 62-63/,

- Монгол банкны алтны үнэлгээ тогтоосон албан бичиг “2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 грамм алт 143,987.23 төгрөг, мөнгө 1,196.69 төгрөг, нийт алтны үнэ 168,429,863.89 төгрөг“ гэсэн /хх-ийн 67-68/,

- Шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-ийн 78-79, 82-108/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.П-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.П нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “...” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ гаальд шалгуулахаар машинаасаа буухад “Эрдэнэсийн сангийн тухай хуулиийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “эрдэнэс” болох 1 ширхэг, 1,312 грамм жинтэй алт /алтан гулдмай/ өмсөж явсан хүрэмний халааснаас нь унасан үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан эскспортод гаргаж болно” гэж,

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ, 2-т “үнэт металл” гэж алт, мөнгө…хэлнэ гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн агуулгаас үзэхэд алтыг олборлогч этгээд Монгол Улсын хилээр гаргаж болохоор байх бөгөөд шүүгдэгч нь үнэт металл буюу алтыг хуульд зааснаар олборлох тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд биш тул алтыг гадаад улсад экспортлох эрхгүй гэж үзнэ. Иймд шүүгдэгчийг эрдэнэс буюу алтыг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Шүүгдэгч Д.П нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “...” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ “Эрдэнэсийн сангийн тухай хуулиийн 3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар “эрдэнэс” болох 1 ширхэг, 1,312 грам жинтэй алт /алтан гулдмай/-г биедээ буюу өмсөж явсан хүрэмний халаасандаа нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Ц.Д-н “...Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын Д.З-н баталсан хуваарийн дагуу Замын-Үүд хилийн боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ын гаалийн хяналтын бүс экспорт буюу гарах чиглэлийн том тэрэгний хяналтын бүсд хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар ажиллах хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим ... улсын дугаартай чирэгчтэй, ... улсын дугаартай чиргүүлтэй 72 тонн 450 кг нүүрс тээвэрлэж явсан том тэрэгний жолооч Д.П нь тээврийн хэрэгслээ шалгуулахаар тээврийн хэрэгслээс буухдаа биеийнхээ зүүн гар талын хэсгээс куртикны халааснаас хар өнгийн уутаар ороосон металл эд зүйлийг унагаасан...” гэсэн мэдүүлэг, Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр “алтан гулдмай алтны 894.590, мөнгөний 1010” гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүгдэгч  Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн 2 ширхэг сдиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 1,306.52 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д.П-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн 2 ширхэг сдиг хэрэгт хавсаргасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 168,429,863.89 төгрөгний үнэ бүхий нийт 1,306.52 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н