Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 5408

 

 

 

     2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/05408

               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны .. дүгээр орцны...давхар, ... тоотод байрлах Хулантай Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны...тоотод оршин суух, .. регистртэй, Шаавай овогт Б.А. холбогдох,

Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 366,038 /гурван зуун жаран зургаан мянга гучин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Түшээ СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай Хулантай СӨХ нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 27, 33 дугаар байруудыг хариуцан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 194 дугаартай гэрчилгээг дүүргийн засаг даргаас авсан. Энэ үеэс эхлэн иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ-ны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа засвар үйлчилгээг тогтмол хийж, хаалганы түгжээ солих, сантехникийн засвар үйлчилгээ, цэвэр бохир усны шугам хоолой солих зэрэг өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэж байгаа болно. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, 33А байрны дээврийн засварыг бүрэн хийсэн. Гэвч тус СӨХ үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж, сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж их хэмжээний хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэд байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ... байрны ...тоотод оршин суух хариуцагч Б.А 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 8-12 дугаар сарыг дуустал, 2016 оны 1-7 дугаар сар хүртэл хугацааны СӨХ-ны нийт төлбөрт 366,038 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, тайлбараа нотолсон баримт байхгүй байна. Дээврийн ажилд 2,100,000 төгрөг зарцуулагдсан. Мөн сантехникийн засвар хийсэн. Тогтмол жижиг урсгал засваруудыг хийсээр ирсэн. Цэвэрлэгээ үйлчилгээгээ сайн хийж байгаа. Энэ нь санхүүгийн тайлангаар нотлогддог. Тайланг самбар дээр тавьж бүх хүмүүст танилцуулдаг байгаа. Бидний зүгээс хариуцагчийн төлөөгүй СӨХ-ны төлбөрүүдийг шаардаж байгаа гэв.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ...байрны ... тоотод оршин суугч, Хулантай СӨХ-ны нэхэмжилж буй СӨХ-ны төблөр болох 366,000 төгрөгийг төлөхгүй байх олон шалтгаан байгаа тул миний зүгээс төлбөр төлөхийг хүсэхгүй байна. СӨХ-ны төлбөрийг өгөхгүй байх шалтгаанууд: Манай байр нь 2007 онд баригдсан барилга урсгал засвар хийгдэх хугацаа болсон байхад үүнийг хийгээгүй, байрны дээврийг бүрэн засварлаагүй, дусаал гоожсон хэвээр байгаа, айлуудын гол сангийн босоо шугам солигдоогүйн улмаас өвөл болгон дусаал дусч манай гэрийн ханын шохой хуурч ханын тоосгоны чанар муудсан, дээврээс тоосгоны хугархай унаж балконы цонох хагардаг, байшингийн гадна талын дээврийн усны хаялга шаардлага хангадаггүй, байрны доод гаражны хана, тааз, бохирын шугам цоорч бохир алдагдаж дусаал дусч чийгтэй тоосонцортой байдаг, 33а байрны гадна талбайд засвар хийгдээгүй, гадна хашааны хэвийн байдал алдагдаж нурахад бэлэн байгааг засварлаагүй, гадна талын хашааны хаалгыг суугчдын хүсэлтээр сольж өгөхийг шаардахад урьд нь байсан хаалгаар орлуулж бүр дордуулсан, орцны хаалганы нугас, түгжээ, дуулганд засвар үйлчилгээ хийгдээгүй. Би өөрийн биеэр 33а байрны суугчдыг төлөөлүүлж 5 хүнтэй СӨХ-ны үйл ажиллагааны талаар ярилцахад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж СӨХ-гүй байдагтайгаа адилхан байгаа гэсэн тайлбар авсан. Үүнийг шүүх хяналтын байгууллага хянаж СӨХ-ны үйл ажиллагааг шалгаж байрны засвар үйлчилгээний ажилтай танилцаж энэ талаар арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хулантай СӨХ нь хариуцагч Б.А-ас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 366,038 /гурван зуун жаран зургаан мянга гучин найман/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хулантай СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдаж, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж /хх-3/, О.Сосорыг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор томилсон /хх-4/ бөгөөд тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаас олгогдсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-5/

Хариуцагч Б.А нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33а дугаар байрны 1 тоотод оршин суудаг болох нь зохигчийн биеийн байцаалт болон түүний тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т ... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна... гэж, мөн     Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д ... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй... гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч Хулантай СӨХ нь хариуцагч Б.А-с дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Хулантай СӨХ-г орон сууцны гадна үзэмжинд засвар хийгээгүй, айлуудын гол сангийн босоо шугам солигдоогүйн улмаас өвөл болгон дусаал дусч гэрийн ханын шохой хуурч ханын тоосгоны чанар муудсан, дээврээс тоосгоны хугархай унаж балконы цонох хагардаг, байшингийн гадна талын дээврийн усны хаялга шаардлага хангадаггүй, байрны доод гаражны хана, тааз, бохирын шугам цоорч бохир алдагдаж дусаал дусч чийгтэй тоосонцортой байдаг гэж тайлбарлан, өөрийн татгалзлыг нотлохоор фото зургуудыг нотлох баримтаар гаргасан боловч фото зургууд хэзээ, хаана авагдсан болох нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээсэн бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Хариуцагч Б.А-ын СӨХ-ны засвар үйлчилгээний төлөгдөөгүй төлбөрийг тооцвол: 2014 оны 12 дугаар сарын 22,650 төгрөг, 2015 оны 1-7 дугаар сарын 158,550 /22,650*7/ төгрөг, 2016 оны 1-3 дугаар сарын 67.950 /22.650*3/ төгрөг, 2016 оны 4, 5 дугаар сарын 65,444 /32,722*2/ төгрөг, 2016 оны 6, 7 дугаар сарын 51,444 /25,722*2/ төгрөг, нийт 366,038 төгрөгийн төлбөр төлөөгүй болох нь Төрийн банкны төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч Б.А 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1-7, 2016 оны 1-7 дугаар сарыг дуустал, бүгд 15 сарын хугацааны засвар үйлчилгээний төлбөрт 366,038 төгрөг гаргуулж, Хулантай СӨХ-нд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,631 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

Түүнчлэн, хариуцагч Б.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЧА87080577 регистртэй, Шаавай овогт Б.А дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 366,038 /гурван зуун жаран зургаан мянга гучин найман/ төгрөг гаргуулан Хулантай СӨХ-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,631 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,631 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   А.САРАНТУЯА