| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2016/06025/И/ |
| Дугаар | 00276 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 00276
Б.Золбоогийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05657 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Золбоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Мон топ трейд” ХХК-д холбогдох
Орон сууцны талбайн хэмжээний зөрүү төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Золбоо,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.Жархынбек,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунзул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Мон топ трейд” ХХК-тай өөрийн нөхрийн хамт орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар 1 м.кв тус бүр нь 2 300 000 төгрөг бүхий 56,78 м.кв байрыг худалдан авахаар заасан. Бид 65 563 000 төгрөгийг бэлнээр төлж, ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд 2 жил 9 сар орчим үндсэн төлбөр болон ногдох хүүг төлж байна. 2015 оны өвөл 12 дугаар сард байраа зарах гээд хүмүүст үзүүлэхэд хэмжээндээ хүрэхгүй байна гэхээр нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Уран асар” ХХК барилга төслийн байгууллагаар мэргэжлийн багажаар өөрийн байранд хэмжилт хийлгэхэд 6 м.кв дутуу буюу 50,77 м.кв хэмжээтэй болохыг олж мэдсэн. Энэ тухайгаа “Мон топ трейд” ХХК-д мэдэгдсэн боловч “тийм зүйл байхгүй, бид өөрийн хамтран ажилладаг байгууллагаар дахин хэмжилт хийлгэнэ” гэж мэдэгдээд хийлгэсэн нь мөн 6 м.кв дутуу байсан. Хариуцагч компани энэ байдлыг мэдэж бид удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй байна. Тухайн үед биднийг байр авах үед барилгыг улсын комисс хүлээн авсан, ашиглалтанд орсон байсан. Нэгэнт гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа учир байрны зөрүү м.кв-ын 13 823 000 төгрөг, мөн энэ зөрүү хэмжээнд ногдох орон сууцны зээлийн хүүгийн төлбөр нийт 18 000 000 төгрөгийг хариуцагч “Мон топ трейд” ХХК-иас шаардаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Золбоотой 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан боловч тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн, ашиглалтад орсон байсан учир талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг орон сууцыг худалдан авах үед зургийн компаниар хэмжилт хийлгэж, батлуулсан зургийг үндэслэн талууд гэрээ хийсэн. Гэтэл одоо хананаас ханын хооронд хэмжилт хийлгэж талбайн зөрүү тооцсон байна. Анх худалдах, худалдан авах гэрээ хийх үед хананаас ханын хооронд хийх боломжгүй хэмжилт байсан. Тохирсон ёсоор үнэ хөлсөө өгөлцөж авалцсан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээний талаар үндэслэл заан маргахгүй, худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан учир гомдлын шаардлага гаргах эрхгүй. Мөн хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мон топ трейд” ХХК-иас 17 140 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Золбоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх "нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ "Худалдан авагч Б.Золбоо нь орон сууцаа хүлээн авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар буюу гэрээнд заасан хэмжээнд хүрч байгаа эсэхэд эргэлзээ төрсөн гэж тайлбарласан бөгөөд энэ үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээж авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан" гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж тус тус заасан байна. Эд хөрөнгийн доголдол буюу орон сууцны талбайн хэмжээг дутуу гэдгийг хүлээж авахаас өмнө хэмжүүлээгүй буюу мэдээгүй тул мэдэж байсан гэж хийсвэр дүгнэлт хийх замаар шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч нь худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсныг баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөө талаас MNS 6058:2009 Монгол Улсын стандартын дагуу орон сууцны талбайн хэмжилтийг мэргэжлийн байгууллага хийх бөгөөд мэргэжлийн бус худалдан авагч Б.Золбоо мэдэх боломжгүй юм. Шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-д Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж заасныг хэрэглэж, энэ талаар зохих дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байсан байна. Учир нь доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан болох нь дараах байдлаар нотлогдож байна. Хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр нүүрэнд байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “Боловсруулагдсан зураг төслийн дагуу барилгыг бариад иргэдтэй гэрээ байгуулахдаа м.кв-ын хэмжээг зураг төсөл боловсруулсан м.кв-ын хэмжээгээр гэрээн дээр зааж байр худалдсан”, 4 дүгээр нүүрэнд байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар “нэхэмжлэгчийн хэлээд хэмжүүлээд байгаа MNS6058:2009 стандарт нь орон сууцны барилгын доторх талбайгаар тооцож бодож гаргадаг стандарт байгаа. Жишээлбэл цонхны тавцанг бүхэлд нь оруулахгүй, хажуу талын хананаас нөгөө хана хүртэл хэмждэг энэ стандарт өөрөө учир дутагдалтай. “Хот айл” ХХК-ийн боловсруулсан зураг төсөл дээр тухайн цонхны тавцан, өрөө хоорондын зай орж байгаа учраас тухайн зураг төсөл нь тэгж боловсруулагдсан учраас барих явцад зөрүү гарч байгаа. Сүүлд хэмжүүлж байгаа стандарт маань зөвхөн талбайг хэмжээд байгаа стандарт юм”, 4 дүгээр нүүрэнд байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар “Хот айл ХХК-ийн зураг төсөл нь нэг ширхэг тоосго, элс, ус зэрэг нь бүгд ороогүйгээр м.кв-ыг нь тооцоод тэр хэмжээгээр нь улсын комисс хүлээж авсан”, 6 дугаар нүүрэнд байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар “тухайн үед харагдах байдлаараа ч гэсэн дутуу гэдгийг мэдэж байсан байгаа”. Иймээс "Мон тoп трейд" ХХК буюу хариуцагч нь анхнаасаа гэрээнд заасан 56,78 м.кв-аас дутуу болохыг мэдэж, нуун дарагдуулсан болох нь дээрх тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгч 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй байхад шүүх хуралдааны тэмдэглэлд багасгасан гэж бичиж, энэ хэсгийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Шүүх хуралдаанд шүүгч … нэхэмжлэгчээс м.кв-ын зөрүү, банкинд төлсөн хүүний төлбөр нийлээд 17 150 000 төгрөг болж байна, яагаад 18 000 000 төгрөг нэхэмжилж байгаа, баримт байхгүй учраас 850 000 төгрөг чинь үндэслэлгүй гэж миний өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ба би нэхэмжлэлийн шаардлагаа багасгах хүсэлт, санал шүүхэд гаргаагүй байхад нь миний өмнөөс шүүх багасгасан байна. Мөн шүүхэд "Мон тoп трейд" ХХК-иас хийсэн хяналтын хэмжилтээр 5,98 мжв дутуу гарсан дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг шүүхэд амаар болон бичгээр гаргасан боловч шийдвэрлээгүй орхигдуулсан. Уг хүсэлтийг шүүхэд тавьж байхад "Мон тoп трейд" ХХК өөрт ашигтай материалаа өгнө гэх тайлбарыг шүүгч хэлж, миний эрхэд бүдүүлэгээр халдаж байсан. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн санаачилгаар багасгаж, шийдвэрлээгүй орхигдуулсан, хүсэлтийг шийдвэрлээгүй зэрэг үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн бусад этгээдээс нотлох баримт гаргуулах эрхийг зөрчсөн гэж үндэслэл болж байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч “Мон топ трейд” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж орон сууцны талбайн зөрүү төлбөрт 13 823 000 төгрөг, орон сууцны зээлийн хүүд төлсөн 3 317 520 төгрөг нийт 17 140 520 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч “Мон топ трейд” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Мон топ трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Тэнүүн апартмент”-ийн 8 давхарын 802 тоотод байрлах, 56.78 м.кв, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.Золбоо нь 1 м.кв-ыг 2 300 000 төгрөг буюу нийт 130 594 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, орон сууцны үнийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 11-16 дугаар тал/
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх орон сууцны барилга 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад орсон нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдсон, гэрээ байгуулагдахаас өмнө бий болсноор бусдын өмчлөлд шилжүүлэх боломжтой байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг ба мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ 50.63 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэрээнд заасан хэмжээнээс дутуу байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө нь доголдолтой байна. /хх-ийн 94-100 дугаар тал/
Харин худалдагч нь эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.
Нэхэмжлэгч Б.Золбоо нь орон сууцны талбайн хэмжээг гэрээгээр тохирсон хэмжээнээс бага болохыг хүлээн авах үедээ мэдсэн болохоо шүүх хуралдаанд энэ талаар тодорхой тайлбарласан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авснаар нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүрэг зөрчсөнөөс орон сууцны зээлийн хүүд 3 317 520 төгрөг илүү төлж хохирол учирсан гэж нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохих хуулийн заалтыг орхигдуулж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч орон сууцны талбайн зөрүү төлбөрт 13 823 000 төгрөг, орон сууцны зээлийн хүүд төлсөн 3 317 520 төгрөг нийт 17 140 520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгахаар тайлбарласан байх тул шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн …” гэсний дараа “243.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Г.ДАВААДОРЖ